Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Европыг зорьсон Африк дүрвэгчийн хөрөг олон улсын шагнал хүртжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой Лондон хотын Үндэсний Хөрөг зургийн Галлерейд 2017 оны Тэйлор Уэсссингийн шагнал гардуулах ажиллагаа боллоо.

Хөрөг зургаар төрөлжсөн энэхүү уралдаанд Испаний зурагчны буулгасан Африк дүрвэгчийн хөрөг түрүүлж, 15,000 фунт стерлингийн шагнал хүртжээ.

16 настай Африкийн Малигийн иргэн Амадоу Сумайла нь 2016 оны наймдугаар сарын 1-нд Европыг зорин Газар дундын тэнгисээр хөвж явахдаа бусад 100 гаруй дүрвэгчийн хамт живж, Италийн хамгаалалтынханд аврагдаад байхад нь уг зургийг буулгасан байна.

Испаний зурагчин Цезарь Дезфулигийн авсан хөрөг зургийг шүүгч нар “Сумайлагийн хурц, түгшүүртэй харц түүнд тохиолдсон зовлон, ганцаардлыг бас шийдэмгий байдлыг нь тод харуулж байна” гэж үнэлжээ.

Аврагдсаныхаа дараа Сумайла Итали дахь дүрвэгчдийн хуаранд хүргэгдсэн гэнэ.

Уралдааны дэд байранд зурагчин Эбби Трэйлер-Смитийн Исламын улс бүлэглэлийн харгислалаас зугтаж Иракийн Мосул хотод ирээд байгаа охины хөрөг шалгарчээ.

 

Уралдаанд дэлхийн 66 орны 2,423 гэрэл зурагчин 5,717 бүтээлээ илгээсэн байна. Энэ жилийн шалгаруулалт эхний шатанд дижитал хэлбэрээр бүтээлээ илгээхийг анх удаа зөвшөөрснөөрөө онцлог ажээ.

 

Эх сурвалж: The Guardian