Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Зимбабвед цэргийн эргэлт гарав уу?

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө эрт Зимбабве улсын нийслэл Хараре хотын хойд захад буудалцааны чимээ сонсогдож эхэлжээ.

Удалгүй тус улсын армийнхан ZBC үндэсний телевизийн байрыг эзэлж, олон нийтэд хандан мэдэгдэл хийсэн байна. Армийнхны мэдэгдэлд тэд “тодорхой гэмт этгээдүүдэд” чиглэсэн ажиллагаа явуулж байгаа, төрийн эргэлт хийгээгүй гээд ерөнхийлөгч Роберт Мугабэ болон гэр бүл нь аюулгүй байдалд байгааг дурджээ.

Телевизээр мэдэгдэл уншсан армийн офицер өөрсдийгөө “улс орныг эдийн засгийн хувьд доройтуулж байгаа этгээдүүдтэй” тооцоо бодох зорилготой гэсэн байна.

“Бид зорилгоо биелүүлмэгц, нөхцөл байдлыг хэвийн байдалд шилжүүлнэ” гэж бас хэлсэн юм.

Цэргийн ажиллагааг хэн удирдаж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Хараре дахь АНУ-ын элчин сайдын яам байдал тодорхой болтол Лхагва гарагт ажиллахгүй, хааж байгаагаа зарлажээ.

Даваа гарагт Зимбабвегийн армийн тэргүүн мэдэгдэл хийж, эрх баригч намын дотор хийгдэж байгаа цэвэрлэгээг зогсоохгүй бол эргэлт гаргахад бэлэн гэж мэдэгдсэн юм. Түүний дараа эрх баригч ZANU-PF нам армийн удирдлагыг улс орноосоо урвахыг завдсан хэмээн шүүмжилсэн байна.

Энэ бүхний дараа өнөөдөр үл мэдэгдэх цэргийн ажиллагаа нийслэл хотод өрнөсөн ажээ.

Өнгөрсөн долоо хоногт Зимбабвегийн 93 настай ерөнхийлөгч Роберт Мугабэ тус улсын дэд ерөнхийлөгч Эммерсон Мнангагваг суудлаас нь огцруулж, намаасаа хөөсөн юм. Мугабэг залгамжлахаар бэлдэж байгаа тэргүүн хатагтай Грэйс Мугабэтай тэмцэлдэх болсон нь ийм үр дүнд хүргэсэн гэж үздэг.

Харин огцорсон дэд ерөнхийлөгч Мнангагва өмнө нь Зимбабвегийн батлан хамгаалах болон дотоодыг хамгаалах яамны сайдын албыг хашиж байсан, армийнхантай ойр холбоотой хүн юм.

Ирэх жил болох Зимбабвегийн ерөнхийлөгчийн сонгуульд Мугабэг дахин нэр дэвшинэ гэж байгаа ч түүний нас өндөр болж, эрүүл мэнд нь доройтож байгаа тул залгамжлагчдын хооронд тэмцэл өрнөжээ.

Мугабэг залгамжлах өрсөлдөөний гол тоглогчид нь түүний эхнэр, 52 настай Грэйс Мугабэ, дэд ерөнхийлөгч асан Мнангагва нар болж байгаа юм.

 

Эх сурвалж: BBC