2017/11/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.27₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-17°
B32
УЛААНБААТАР
-5°
|
-16°
11:00
S32
-17°
12:00
S32
-15°
13:00
S32
-13°
14:00
S32
-12°
15:00
S32
-12°
16:00
S44
-13°
17:00
S44
-14°
18:00
S44
-16°
19:00
S44
-17°
20:00
S44
-17°
21:00
S44
-17°
22:00
S28
-18°

Зээлийн хүүгийн дээд хэмжээг хуулиар тогтоох асуудлаар ЭДИЙН ЗАСАГЧИД ямар байр суурьтай байна вэ?

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 11 сарын 15
iKon.MN

Зарим улс төрчид зээлийг хүүгийн дээд хэмжээг хуулиар тогтоох асуудлыг эрчимтэй ярьж байна. Тухайлбал АН-ын нэр бүхий гишүүд хуулийн төсөл өргөн барьсан бол удахгүй МАН-аас өргөн барихаа мэдэгдээд буй. 

Монголд зээлийн хүүг буулгах шаардлагатайг талууд хүлээн зөвшөөрч байгаа ч зах зээлийн аргаар уу, захиргаадалтын аргаар уу гэдэг асуудалд санал зөрүүтэй байгаа юм. Тиймээс бид мэргэжлийн эдийн засагчдаас энэ асуудлаар тодруулга авлаа. 

СЭЗИС-ийн багш, профессор Ж.Дэлгэрсайхан: Хүүг бага байлгахын төлөө ажиллах нь зөв 

 

1. Сүүлийн үед банкны зээлийн хүүгийн хувь хэмжээнд хуулиар дээд хязгаар тогтоох асуудал яригдаж эхэллээ. Зээлийн хүүг захиргаадлын аргаар тогтоох нь зөв үү, хэр оновчтой арга хэмжээ вэ?

-Сүүлийн 2 жилд банкны хүүгийн асуудлыг улс төр болон бусад хүрээнд их ярьж байна. Хүүг бууруулах нь эдийн засгийн хувьд ашигтай бөгөөд хүүг бага байлгахын төлөө ажиллах нь зөв юм. Гэхдээ санхүүгийн зах зээлийн хүүг хүчээр хязгаарлах нь буруу. Үүний оронд хүү өндөр байгаа шалтгааны судалж үр дүнг тодорхойлох. Түүнд үндэслэн хүүг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд урт хугацааны бодлого тодорхойлж богино, дунд хугацааны арга хэмжээг төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Миний хувьд хүү өндөр байгаа гол шалтгаан нь нийгэм, эдийн засаг, улс төрийн хүчин зүйлтэй холбоотой гэж үздэг. Санхүүгийн байгууллагуудын хувьд тодорхой асуудал байж болох ч энэ нь хүүгийн өнөөгийн түвшинд хүчтэй нөлөөлөх хэмжээнд биш юм. 

2. Эдийн засагт ямар үр дагавар үүсгэх вэ?

-Хүүг хүчээр буулгавал эдийн засгийн нөхцөл байдал хүү харилцан нийцээгүйн улмаас хүүгийн далд хэлбэр бий болох, мөнгө албан бус зах зээлд шилжих зэрэг сөрөг үр дагавар гарах магадлалтай. Хүү гэдэг нь зөвхөн инфляцаас хамаардаггүй олон хүчин зүйлээс шалтгаалдаг талаар эдийн засгийн онол 1800-аад оноос хөгжиж ирсэн. Хүүг хүчээр буулгахаас илүү эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах тал дээр анхаарах нь чухал.

Эдийн засагч С.Болд: Төрийн үүрэг нь зээлийн хүү буурах эерэг орчныг нь бүрдүүлэх

 

1. Сүүлийн үед банкны зээлийн хүүгийн хувь хэмжээнд хуулиар дээд хязгаар тогтоох асуудал яригдаж эхэллээ. Зээлийн хүүг захиргаадлын аргаар тогтоох нь зөв үү, хэр оновчтой арга хэмжээ вэ?

-Төрийн үүрэг нь зээлийн хүү буурах эерэг орчныг нь бүрдүүлэх. Төр эдийн засгийн суурь үзүүлэлтүүдээ сайжруулах, бизнесийн орчныг зөв зохистой бодлогоор дэмжих тэр ажлаа л сайн хийх хэрэгтэй. Ямар нэг захиргааны арга хэрэглэж зээлийн хүүг бууруулах гэсэн аливаа сэдэл, оролдлого зах зээлийн гажуудалд хүргэж, тогтолцоогоо нураана. Үүнийг олон улсын, ялангуяа Латин Америк, Африкийн орнуудын өмнөх туршлагууд бэлхэн нотолдог. Зах зээлийн хүү, ханшийг төрөөс хуулиар захиргаадаж хязгаарлах гэдэг нь чөлөөт эдийн засгийн тогтолцооноос татгалзъя, зах зээлийн системээ эвдье, санхүүгийн салбар, нийт эдийн засгаа тогтворгүй болгоё гэсэнтэй яг адил ойлголт юм.

2. Эдийн засагт ямар үр дагавар үүсгэх вэ?

-Хэрэв УИХ ийм хууль баталбал бизнесийн орчин бүхэлдээ доройтно. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт буурна. Нийт эдийн засгаас хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрүүд зугтаж дайжна. Зээл олголт багасч, улмаар зээлийн тасалдал бий болж санхүүгийн зуучлалын хэвийн үйл ажиллагаа алдагдана. Хувийн хэвшил, эдийн засаг агшина. Санхүү, эдийн засаг, нийгэмд асар хохиролтой, хожим үр дагаврыг нь засахын аргагүй ухралт, алдаа болж үлдэнэ. Тиймээс төр засаг асуудалд арай мэргэжлийн хандах байлгүй дээ гэж найдаж байна. 

Эдийн засагч Б.Найдалаа: Хүүлэлтийг зогсоох, хүүг бууруулах хоёр тусдаа асуудал, тусдаа ойлголт

 

1. Сүүлийн үед банкны зээлийн хүүгийн хувь хэмжээнд хуулиар дээд хязгаар тогтоох асуудал яригдаж эхэллээ. Зээлийн хүүг захиргаадлын аргаар тогтоох нь зөв үү, хэр оновчтой арга хэмжээ вэ?

-Юуны түрүүнд хүүлэлтийг зогсоох, хүүг бууруулах хоёр тусдаа асуудал, тусдаа ойлголт гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хүүлэлтийг зогсоох нэрэн дор хүүг бууруулах тухай яриад, хольж хутгаад, утгагүй маргаан болж хувирлаа.

Зээлийн хүү бол тухайн эдийн засгийн хөгжлийн түвшин, тогтвортой байдал, бизнесийн орчныг шууд илэрхийлдэг үзүүлэлт. Зах зээлийн зарчмаар тогтох зээлийн хүүгээр дамжин тухайн эдийн засаг дахь хөрөнгийн урсгал, эрсдлийн хуваарилалт явж байдаг. Гэтэл энэ хүүг захиргааны аргаар хязгаарлаж, тогтоож эхэлбэл арайхийн тогтворжиж, төлөвшиж байгаа зээл, санхүүгийн систем, цаашлан бизнесийн орчноо самарсантай адил зүйл болно. Гадаадын улсуудад хүүг хуулиар хязгаарласан нь байдаг ч сөрөг үр дүн дагуулж, ихэвчлэн жижиг дунд бизнес эрхлэгчид хохирогчид нь болсон байдаг. Ийм бэлээхэн онол болон практик туршлагууд байхад ямар ч судалгаагүй, мэргэжилтнүүдтэй зөвлөлдөлгүй сэтгэлийн хөөрлөөр хөнгөн шийдвэр гаргах гэж байгаа нь харамсалтай. 

Зээлийн хүү сүүлийн хориод жил жилийн 40-50%-иас аажим буурсаар одоогийн 20% орчим түвшинд хүрээд гацчихаад байгаа. Шалтгаан нь их энгийн, ердөө манай бизнесийн тогтворгүй орчин. Төр засаг, улс төрчид нь төр улсаа самрахаа больж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг тогтвортой байлгаж чадвал зээлийн хүү аяндаа бодитой буух юм. Ийм орчин бүрдүүлэх бодлогын алхамуудыг огт хийхгүй хэрнээ эцсийн дүндээ иргэд, бизнес эрхлэгчид хохирох захиргааны бүдүүлэг арга төлөвлөөд сууж байгаад итгэмээргүй. 

Уг нь  бол зээлийн хүү бууруулах арга зам, авах арга хэмжээ бол тов тодорхой юм шүү дээ. Зээлийн хүүг хуулиар бууруулдаггүй.

Харин мөнгө хүүлэлтийг зогсоох бол тусдаа өөр асуудал. Хэрвээ хүүг бууруулах биш хүүлэлтийг буюу зах зээлийн түвшнээс хэт өндөр хүү тогтоож, бусдыг мөлжин шулахыг хязгаарлах, шударга бус өрсөлдөөнийг хориглох гэж байгаа бол хуулийн төслөө шууд Хүүлэлтийн эсрэг гэж нэрлэн, хүүлэх гэж юуг хэлж байгааг тодорхой заан өгч, хуулийн төслийн агуулгыг зорилгод нь нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй. 

2. Эдийн засагт ямар үр дагавар үүсгэх вэ?

-Зарим улсууд ийм арга хэрэглэдэг ч манайхан шиг зээлийн хүү бууруулах зорилгоор биш харин шударга өрсөлдөөнийг хангах, өртөг, эрсдэлтэйгээ уялдаагүй хэт өндөр, зүй бус хүүлэлтийг хязгаарлах, зах зээлийн зохицуулалтыг илүү үр дүнтэй болгох дэмжлэгийн, хавсарга хэрэгсэл болгон ашигладаг. 

Энэ хуулийн төсөл батлагдлаа гэхэд мэдээж хүүгийн зөрүү багасаж, хуулийн дагуу олгосон зээлийн дундаж хүү тоон үзүүлэлтээр цаасан дээр бол буурна, банкуудад эх үүсвэр өртөг, хадгаламжийн хүүг бууруулах хүчтэй шаардлага тулгамдана. Магадгүй жижиг дунд хэмжээний банкуудад илүү хүнд тусах байх. Банкуудыг чанараар нь ялгах нэг сайн талтай. Гэхдээ энэ бол богино хугацааны өнгөц үр дүн, харин бодитой сөрөг үр дагавар илүү давамгайлж ирэх болно. Ялангуяа Монгол шиг төрийн зохицуулалт үйлчлэхдээ тааруухан, санхүүгийн үйлчилгээ хүргэхэд хүндрэлтэй өргөн уудам нутагтай, жижиг нээлттэй эдийн засагт сөрөг үр дагавар бүр их гарна. Гарч болох үр дагавруудыг захаас нь дурдвал:

  • Зээлийн хүртээмж муудна. Зээлийн хүү 18 болон 35 хувиас их байж болохүй учир банк болон ББСБ-ууд яах аргагүй үүнээс өндөр хүүгээр зээл авдаг, эрсдэл ихтэй бизнес хийдэг зээлдэгчдэд зээл өгөх сонирхол буурна. Зээл авч чаддаг байсан нь авч чадахаа болино гэсэн үг. 
  • Далд зээлийн харилцаа үүснэ. Зах зээл дээр нэгэнт өндөр хүүтэй зээлийн эрэлт байгаа тул бүртгэлгүй зээлийн харилцаа нэмэгдэх, эсвэл хүүгийн бус шимтгэл нэмэгдэж, санхүүгийн салбарын хөгжлийг хойш татна. Ялангуяа ББСБ-уудын зээллэгийн нэлээд нь хяналтнаас далд орох магадлалтай. Банкны салбарын тэлэлт ч саарна, тэр хэмжээгээр эдийн засагт санхүүгийн зуучлал дутагдаж, өсөлтийг сааруулна.
  • Хөдөө орон нутагт зээл олгох, салбар ажиллуулах нь ашиг багатай болох тул дагаад банкны үйлчилгээ, хүртээмж хумигдах эрсдэлтэй.

Энэ мэт шууд болон шууд бус олон сөрөг үр дагаврыг цувруулан дурдаж болно. Хамгийн харамсалтай нь ийм туршилт хийснээр арай ядан тогтворжиж бэхжиж байгаа санхүүгийн салбарын суурийг хөдөлгөж, хөгжлийг нь хойш татах болно. Хэрвээ ийм хууль гаргах бол сайтар судалж, зээлийн хүүг бууруулах, санхүүгийн зах зээлийг эрүүлжүүлэх, шударга бус хүүлэлтийг хязгаарлах бодлогын хүрээнд нэг дэмжих хэрэгсэл болгон ул суурьтай хийх шаардлагатай. Ганц хууль гаргаад хүүг бууруулчихдаг бол аль эрт хуулиа гаргаад хүүгээ бууруулчихаж болох л байлаа. Зээлийн хүү бол ингэж хялбархан шийдчихдэг зүйл биш. 

 

x