Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Оросуудын тараасан АНУ-аас Исламын улсад тусалж байгаа гэх зураг видео тоглоомын дүрс байжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Даваа гарагт ОХУ-ын батлан хамгаалах яам Сири дэх Исламын улс бүлэглэлд АНУ тусалж байгааг харуулсан “хөдөлшгүй баримт” олсноо тараасан юм.

Гэтэл энэ материал нь нэгэн видео тоглоомын дэлгэцнээс буулгасан дүрс, Иракийн нутагт жилийн өмнө авсан видео дүрс зэргийн эвлүүлэг байсныг мэргэжилтнүүд илрүүлжээ.

“АНУ-ын эрх баригчид Исламын улс бүлэглэлийг мөнгө санхүү, зэр зэвсгээр дэмжиж, Ойрх Дорнод дахь Америкийн ашиг сонирхлыг хамгаалж байдгийг Оросын батлан хамгаалах яам хөдөлшгүй баримтаар харуулж байна” гэж твиттер хуудсандаа бичсэн байснаа тэд сүүлд устгасан байна.

Мэргэжилтнүүдийн олж тогтоосноор Оросуудын тараасан дүрс AC-130 gunship simulator тоглоомын дэлгэцний дүрстэй таарч байгаа ажээ.

Уг тоглоомны видео:

Оросуудын тараасан дүрс зүүн гар талд, видео тоглоомны дүрс баруун гар талд

 

Бусад гурван зураг нь Оросуудын хэлж байгаа шиг Исламын улсын цэргийн цуваа биш, 2016 онд Иракт авсан видео дүрснээс буулгасан зураг байжээ.

Оросын иргэд батлан хамгаалах яам руугаа утастаж, тэдний алдаатай мэдээллийг хэлж өгч байсныг Newsweek мэдээлсэн байна.

Тэдний зарим нь сошиал сүлжээнд “Өөрсдийгөө, бас Орос орныг битгий доромжил” хэмээн бичиж байв.

Өчигдөр ТАСС агентлаг уг хэргийг яамны хэн нэгэн ажилтны алдаатай үйлдэл гээд батлан хамгаалах яам буруу мэдээлэл тараасан ажилтнаа шалгаж байгаа тухай мэдээлжээ.

Оросын батлан хамгаалах яам уг жиргээгээ устгасан ч зарим газар хадгалагдаж үлдсэн байна.

Эх сурвалж: Business Insider