Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Зээлийн хүү буусан, төгрөгийн ханш тогтвортой байх төсвийг хийлээ

Ж.Баярсайхан, Үндэсний шуудан
2017 оны 11 сарын 15
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын өчигдрийн чуулганаар Монгол Улсын 2018 оны төсөв батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна.

-Монгол Улсын 2018 оны төсөв батлагдлаа. Таныхаар хэр зохистой төсөв болж чадсан бэ?

-2018 оны төсвийн гол зорилго эдийн засгийн хямралаас гаргахад нэг алхам хийхэд чиглэсэн. Тодруулбал, төсвийн сахилга батыг дээшлүүлсэн, хариуцлага тооцдог болсон, хувийн хэвшлүүд болон иргэдийн арилжааны банкнуудаас жижиг дунд бизнес эрхлэх зорилгоор авсан зээлийг нэмэгдүүлсэн. Ер нь зээлийн хүү буусан, төгрөгийн ханш тогтвортой байх ийм төсвийг бид хийхэд анхаарал тавьж, боловсрууллаа. 

-Орон нутгийн төсвийн хөрөнгийг нэмэгдүүлсэн байна. Энэ ямар учиртай вэ? 

-Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн. Нэг аймагт дунджаар долоон тэрбум төгрөг буюу нийтдээ 147.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байгаа. Нэг үгээр эрс нэмэгдүүлсэн гэсэн үг. Яагаад ингэх болсон бэ гэхээр нэгдсэн төсвийн татварын орлого дээр бид судалгаа хийж үзсэн. Тэгэхэд орон нутагт татварын орлого ихсэхгүй харин ч буух хандлагатай байлаа.

Үүнээс хөдөө орон нутагт ажилгүйдэл нэмэгдэж, аж ахуйн нэгжүүдэд нь ажил олдохгүй байгаа нь харагдаж байгаа юм. Тийм учраас орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээг нэлээд нэмж өгсөн. Энэ бол сум, аймгийн ИТХ өөрсдөө хурлаа хийгээд зарцуулах хөрөнгө оруулалт л даа. Өөрөөр хэлбэл орон нутгийн эрх мэдэл, санал санаачилгыг нэмэгдүүллээ.

-Лиценз, өмчилсөн газрыг шилжүүлэхэд 30 хувийн татвар төлөх болсон нь нэлээд шүүмжлэл дагуулж байгаа?

-Амаргүй нэг зүйл бол газрын болон лицензийн наймааг ил тод болгох асуудал юм. Үүний тулд шат болгон дээр нь татварт хамрагдуулна гэдэг зүйл нэлээд эсэргүүцэл шүүмжлэлтэй явж байна. Гэхдээ бид үүнийг хийхээс өөр аргагүй байгаа гэдгээ хэлье. Одоо байгаа татварын хуулиар эрх шилжүүлсэн тохиолдолд 30 хувийн татвар авна гэж байгаа шүү дээ. Гэр бүлийн тухай хуульд тусгагдсан хүмүүс хоорондоо бэлэглэх нээлттэй байгаа.

Ах, дүү, ач, гуч, зээ, хамаатан садан бэлэглэх зүйл хэвээрээ. Түүн дээр ямар нэгэн татвар байхгүй. Харин ураг төрөл биш хоёр өөр хүн хоорондоо юм бэлэглээд байна гэдгийг та нар бүгдээрээ л мэдэж байгаа. Татвараас л зайлсхийж байгаа арга. Тиймээс Гэр бүлийн хуулиар холбоо хамааралтай биш хоёр хүн нэг нэгэндээ эрх шилжүүлсэн бол татвар авна. Ерөөсөө л хоёр зарчмын асуудал байгаа гэж болно.

Газар дээр ямар хуулийн өөрчлөлт оруулж ирсэн бэ гэхээр гарын үсгээр өгдөг байдлыг больё гэж байгаа. Дэд бүтэцтэй болсон газар байвал түүнийг дуудлага худалдаагаар зар гэсэн үг. Хоёрдугаарт, бэлэглэл нэрээр газрын эрх шилжүүлдэг Үүнээс татвар авна. Ийм л хоёр зарчим оруулж ирж байгаа. Лиценз дээр мөн хоёр төрлийн өөрчлөлтийг оруулж ирсэн.

Нэгдүгээрт, лиценз эзэмшигчдийг олон нийтэд ил тод болго, аливаа нэгэн хөдөлгөөн хийгдсэн бол Монгол Улсад одоогийн мөрдөгдөж байгаа хуулийнхаа дагуу татвараа төл гэж байгаа. Татварын хувь хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт оруулах саналыг энэ Засгийн газар гаргаагүй.

-Тэтгэвэр хэд орчим төгрөгөөр нэмэгдэх вэ? 

-Тэтгэврийг инфляцын төвшин харгалзуулж нэмэгдүүлэх байгаа. Үүнийг Засгийн газрын төвшинд шийднэ. Төсөв дээр нэгдүгээр сарын 1 -нээс дунджаар найман хувиар нэмэгдэхээр төсөөлөл гарсан. Доод тэтгэвэр хэдэн хувиар нэмэгдэх, шатлал нь ямар байхыг Засгийн газар шийдвэрлэнэ.

-Өмнөх Сангийн сайд Б.Чойжилсүрэн 2020 он гэхэд төсвийг алдагдалгүй батална гэж амлалт өгч байсан?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2023 оноос төсвийг алдагдалгүй болгож батална гэж байгаа. Төсвийн төсөөллийг хэлэлцэн батлахдаа жилээс жилд алдагдлыг буулгахаар хийж байна. Хэрэв огцом буулгавал хэд хэдэн асуудал үүснэ. Хөрөнгө оруулалтаа танахаар дээр дурдсанчлан хөдөө орон нутагт эдийн засгийн идэвхжил саармагжаад байна.

Орон нутгийн аж ахуйн нэгжүүд ажилгүй болж, ажилгүйдэл нэмэгдээд эхэлсэн учраас бид хөрөнгө оруулалтыг хасах боломжгүй. Харин төсвийнхөө сахилга батыг нэлээд сайн бариад цаашдаа төсвийнхөө алдагдлыг аажмаар эдийн засагт сөрөг нөлөө үзүүлээд байхгүйгээр бууруулах бодолтой байгаа.

-Цэвэрлэх байгууламжийн асуудал хэзээ шийдэгдэж, үнэргүй болох вэ. 35 тэрбум төгрөг гэдэг өмнө нь яригдаж байснаас бага мөнгө санагдаад байх юм. Шинээр барина гэсэн үг үү, хуучныг нь засах уу?

-Ерөнхий сайдын захирамжаар Барилга, хот байгуулалтын сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Би өөрөө ажлын хэсгийнх нь гишүүн. 294 сая ам.доллараар Төв цэвэрлэх байгууламжийг барина гэдэг саналыг танилцуулсан. 294 сая ам.долларыг хаанаас олох вэ гэдэг яриа хэлцлийг Сангийн яам хийгээд явж байна. Энэ бол зээл тусламжаар явна.

35 тэрбум төгрөг гэдэг бол дулааны улиралд үнэртээд байгаа тэр 50 жил бий болсон лаг, бохирын үлдэгдлүүдийг цэвэрлэхэд зориулагдсан арга хэмжээг санхүүжүүлэх хөрөнгө юм.

-Өмч хувьчлалаас хэдий хэр орлого орох вэ?

-Төсвийн орлого дээр хувьчлалаас орж ирэх орлогыг 2016 оны төсвийн тодотголоос хойш тавихаа больчихсон шүү дээ. Яагаад гэхээр төсөв алдагдалтай гаргачхаад “Энэ объектыг зарна” гэдэг хандлагыг буруу гэж үзэж байгаа. Тийм учраас төрийн болон орон нутгийн өмчийг хувьчлах үндсэн чиглэлийг эхлээд УИХ дээр батална.

Тэр дээрээ суусан хувьчлахаар шийдвэрлэсэн арга хэмжээнүүдээ хэрэгжүүлээд түүнийгээ төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрт зарцуулъя гэдэг болгосон. Урьдчилсан байдлаар бид 100 орчим тэрбум төгрөг байх тооцоолол хийж байгаа. Объектуудын жагсаалт УИХ-аас гарсан.

-Нүүрсний үнийг хэрхэн тооцсон бэ?

-Төсвийг тооцохдоо бид нүүрсгийг нэг тонныг нь 60 ам.доллараар, угаасан нүүрсгийг 100 ам.доллараар тооцож оруулж ирсэн. Бид эдийн засгийн өсөлтийг 4.2 хувиар тооцсон. Төсөв дээр орлого тооцохдоо нэлээд болгоомжтой хандсан л даа. Хоёр асуудал байгаа. Зарим хүмүүс 4.2 хувиас их гарах байх гэж байгаа. Бидний хувьд ямар болгоомжлол байна вэ гэхээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хилээр гарч байгаа нүүрсний хэмжээ багассан.

130-150 км оочер Гашуун сухайт дээр байна. Энэ дугаарлалтыг алга болгох, гарч байгаа нүүрсний машины тоог нэмэгдүүлэх талаар Хятадын талтай хэлэлцээ хийнэ. Тиймээс хэдийгээр үнэ өндөр өсөлт байсан ч хилээр гарах машины тоо сайжрахгүй байх магадлалтай гэж төсөв хийсэн. Гэрээ хэлцэл ярианууд холбогдох газруудаар явагдаж байгаа. Хоёрдугаарт 2018, 2019 он амаргүй үе байж магадгүй гэсэн чиглэлийг мэргэжлийн байгууллагуудаас өгөөд байгаа учраас бид өндрөөр тооцохгүй байгаа.

-Татвар нэмэгдэж байна уу?

-2018 төсвийг дагалдуулаад татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх бодлого бариагүй.

2017 оны дөрөвдүгээр сард ОУВС-гийн хөтөлбөрт ороход долоон татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхээр хуулийг нь гаргаад баталчихсан байгаа. Энэ хуулиас зарим нь 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх учиртай.

Зураг