Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол орны нийт нутгийн 30 орчим хувьд ЗУДын эрсдэл ИХ гарчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын эрсдлийг гаргажээ.

Тус хүрээлэн ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг боловсруулан гаргадаг.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон дараа сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг 10 гаруй мэдээллийг ашиглаж байна.

2017 оны зун ихэнх нутгаар гантай болон гандуу байсан нь ургацын хэмжээ бага байх, мал тарга хүч дутуу авах, өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэмжээгээр хэтрэх, бэлчээрийн нөөц хүрэлцээ муу улмаар мал өвөлжилт хаваржилт хүндрэх нөхцөл бүрдэхэд хүргээд байна.

11 дүгээр сарын 10-ны байдлаар нутгийн 50 орчим хувьд цастай байгаагаас Завхан, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дундговь, Дорноговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0-10 см зузаан, нягт нь 0.10-0.28 г/см3, Баян-Өлгийн Даян /Сагсай/, Хөвсгөлийн Галт, Архангайн Хашаат, Булганы Рашаант, Төвийн Эрдэнэ, Баянжаргалан, Мөнгөнморьт, Хэнтийн Баянмөнх, Цэнхэрмандал, Дорнодын  Халхгол сумдад 11-20 см зузаан, нягт нь 0.10-0.27 г/см3, Өвөрхангайн Бүрд, Булганы Дашинчилэнд 30-33 см зузаан цастай, 0.12-0.30 г/см3 нягттай байна.

Энэ намар нойтон цас орсон, зарим газраар борооны дараа орсон, өдөртөө хайлмагтаж шөнөдөө хөлдсөнөөс болж ихэнх нутагт цасны нягт ихтэй байгаагаас бэлчээр мөстөх, хальтиргаа гулгаа үүсэх зэрэг онцлогтой байгааг анхаарах хэрэгтэй юм.

2017 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 30 орчим хувьд нь их, 30 гаруй хувьд дунд зэрэг эрсдэлтэй гарлаа. Үүнээс Увс, Завханы зааг нутаг, Ховд, Говь-Алтайн хойд хэсэг, Архангайн зүүн,  Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр болон Булган, Төв аймгийн залгаа нутгаар хамгийн их эрсдэлтэй гарлаа.

Мөн Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсэг, Өмнөговийн зарим сумдын нутгаар зудын их эрсдэлтэй байна.

Сэрэмжлүүлэг
Хүйтний улирлын цаг агаарын төлвийн мэдээгээр цаашид зарим газраар ахиу цас орох төлөвтэй байгаа нь зудын эрсдэлийг улам нэмэгдүүлэх, одоо дунд зэрэг эрсдэлтэй байгаа газар нутгаар өвөлжилтийн нөхцөл байдал муудаж, хүндэрч болзошгүй байна. Иймээс одоогийн байдлаар зудад ихээхэн эрсдэлтэй байгаа газар нутгийг эхний ээлжинд анхаарах, цаашид авах арга хэмжээг оновчтой, шуурхай зохион байгуулах, олон улсын болон хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийг татан оруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх шаардлагатай.

Цаашид бид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, хүйтний эрч чангарах, өвөлжилт улам хүндрэх нөхцөл байдлын үед зудын эрсдэлийн тооцоог тухай бүр хийж, нэгдсэн зураглал боловсруулж, тойм зөвлөмж гаргаж, шуурхай мэдээлж байх болно.

 

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн