Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Усан үзмийн дарсны хамгийн эртний олдворыг Гүржээс илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Гүржээс олдсон 8,000 жилийн өмнөх ваар савны ёроолоос илрүүлсэн бодисыг шинжилсэн эрдэмтэд усан үзмээс гаргасан хамгийн эртний дарсны ул мөр болохыг тогтоожээ. Ингэснээр ийм төрлийн дарсыг хүн төрөлхтөн бий болгосон хугацааг 1,000 жилээр урагшлуулж байгаа юм.

Үүнээс өмнө Ираний Загрос уулсаас олдсон НТӨ 5,400-5,000 орчим оны үеийн ул мөрийг хамгийн эртний усан үзмийн дарс гэж үздэг байжээ.

Энэ нь 7,000 орчим жилийн өмнөх түүхэн баримт байсан юм.

Харин хүн төрөлхтний анхны дарсыг 9,000 жилийн өмнө Хятадад цагаан будаанаас гаргаж авч байсныг түүхчид баталсан байдаг.

Судалгаанд оролцсон Торонтогийн их сургуулийн эрдэмтэн Стефен Батюк “Евразийн зэрлэг усан үзмийг зөвхөн дарс гаргах зориулалтаар гэршүүлсэн анхны тохиолдол гэж бид үзэж байна” хэмээн ярьжээ.

Энэхүү судалгааг гүйцэтгэхэд АНУ, Канад, Дани, Франц, Итали, Израйль, Гүржийн эрдэмтэд оролцсон байна. Тэд сүүлийн хэдэн арван жилийн турш олдсон археологийн байгууламжуудад дөрвөн жилийн хугацаанд орчин үеийн химийн аргаар дахин шинжилгээ хийсэн юм.

Ингээд Гүржийн нийслэл Тбилиси хотоос өмнө зүгт 50 км зайтай оршдог Гадачрили Гора, Шулаверис Гора хэмээх газруудаас уг баримтыг олжээ.

Гэхдээ эрдэмтэд энэхүү нээлт нь эцсийн цэг биш, Кавказ, Иран, Армени, Азербайжан зэрэг газар нутагт үүнээс ч эртний усан үзмийн дарс олдох магадлалтай гэж үзэж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: AFP