Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Герман инженерүүдийн бүтээл ЭКО зуух

Р.Оюун
2017 оны 11 сарын 13
Зууны мэдээ
Зураг зураг

Бид энэ удаагийнхаа “Амьдралын тойрог” буланд “Монватт” компанийг онцолсон юм. Учир нь тус компани агаарын бохирдол ихтэй энэ үед нийслэлийн агаарын бохирдлыг багасгах зорилгоор гэр хорооллын айлуудад хүйтний улиралд дулаан хуримтлуулж халаах төхөөрөмжийг Монголдоо оруулж ирээд багагүй хугацаа өнгөрч байна.

Монгол, Герман инженерүүдийн хийсэн, Герман улсын “Олсберг” компанид үйлдвэрлэсэн дулаан хуримтлуулж халаах төхөөрөмж нь монгол гэрт болон амины орон сууц, албан тасалгаа, ажлын байранд гэсэн зориулалттай ажээ. Монгол гэр, амины орон сууцад тавих дулаан хуримтлуулж халаах төхөөрөмжийг сонгохдоо Монгол орны цаг агаарын нөхцөл байдал, монгол гэрийн онцлогт тохирсон загварыг шинээр гарган зураг, төслийг нь баталж Герман улсад үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.

Улаанбаатар хотод энэ төхөөрөмжийг суурилуулах шаардлагатай 180 гаруй мянган айл байгаагийн 88 мянга нь монгол гэрт амьдарч байна. Тиймээс тус компани 2014 оноос ХБНГУ-ын “Олсберг” компанитай Монгол Улсын болон Улаанбаатар хотын утааны асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн дүүрэг тус бүрт 100 айлд дулааны алдагдлын судалгаа хийж 10 айл, албан байгууллагад дулаан хуримтлуулж халаах төхөөрөмжийг суурилуулж дахин судалгаа хийснээр монгол гэрт тохирох “Тулгат” зуухыг зохион бүтээжээ.

МОНГОЛ УЛС УТААНААС САЛАХАД ОЙРХОН Ч…

Энэ төхөөрөмжийг авсан хувь хүн, албан байгууллагын хувьд гал түлж нүүрс, мод хэрэглэхээс илүү хямд зардлаар амьдрах боломжтойгоос гадна худалдаж авсан үнээ эрчим хүч ашиглахад гарсан зардлын хэмнэлтээрээ 12-15 сарын дотор нөхнө. Мөн чанарын өндөр төвшинд үйлдвэрлэсэн, хоёр жилийн баталгаат засварын хугацаатай, 40 жил ашиглах юм.

Одоо Монголд ашиглаж байгаа шалны халаагуур, нам даралтын зуух хэрэглэсэн эрчим хүчний зардлаас 2-3 дахин хямд, шөнийн эрчим хүчийг ашиглаж байгаагаас цахилгаан станцын хэвийн ажиллагааг бүрэн хангах, цахилгааны хэмнэлттэй шинэ технологи ажээ. Өнөөдөр шөнийн цахилгааныг тэглэсэн нь том амжилт. Ялангуяа, Улаанбаатар шиг утаа нь гамшгийн хэмжээнд хүрсэн хотын хувьд агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна. Үүнээс гадна Монгол Улс утаанаасаа салахад ойрхон байна.

 

Гэвч Монголын төр үүнээс салах дургүй байгаа ажээ. Тухайлбал, “Монватт” компанийг гурван удаа тендерт ороход хассан байна. Учир нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан “Агаарын чанарыг сайжруулах бүсэд амьдарч байгаа зорилтот бүлгийн иргэдийг сайжруулсан зуухаар хангах ажил”-ыг гүйцэтгэхээр ирүүлсэн танай тендер шалгараагүй болохыг мэдэгдэж байна. Тендерийн үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийг хавсаргав. Та бүхэн манай газраас зарлах дараагийн тендерүүдэд амжилттай оролцохыг хүсье дарга Э.Болормаа гэжээ.

Энэ төхөөрөмжийг яагаад тендерт оруулаагүй талаар “Монватт” компанийн захирал Т.Пүрэвдоржоос асуухад “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг зөрчсөн. Герман улсад үйлдвэрлэсэн, өндөр технологийг гаднаас оруулж ирэн санал болгосон учраас тендерээс хаслаа гэсэн. Манайхан өөрсдөө энэ төхөөрөмжийг үйлдвэрлэж чадахгүй.

Дархан-Уул аймагт байдаг төмөрлөгийн ганц үйлдвэр нь барилгын арматур хийдэг. Манайхтай адилхан төхөөрөмжийг бүгд л гаднаас оруулж ирж байгаа. 10.1-д “Хэрвээ ижил төрлийн бүтээгдэхүүн байх юм бол үнийн хувьд хөнгөлөлт үзүүлж болно” гэсэн хуулийн заалт байгаа юм. Үнэнийг хэлэхэд энэ дарга нар, төрийн байгууллагынханд улсын хөгжил, утааны асуудал чухал биш байна. Тэдэнд мөнгөнөөс өөр бодох юм алга” гэсэн юм.

МОНГОЛ ГЭРТ ЗОРИУЛСАН ЭКО ТӨХӨӨРӨМЖ

 

Хэрэглэгч та эко “Тулгат” төхөөрөмжийг авснаар нүүрс түлэхгүй, тав тухтай орчинд, эдийн засгийн хэмнэлттэй, 100 хувь сэтгэл ханамжтай амьдрах боломжтой. ХБНГУ-д үйлдвэрлэсэн дулаан хуримтлуулж халаах төхөөрөмж нь шөнийн цагт эрчим хүчний эх үүсвэрээс дулааныг өөртөө хуримтлуулж, хуримтлуулсан дулаанаараа өдрийн цагт гэр болон амины орон сууцыг халаана. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний хямд үнэтэй үед 21:00-06:00 цагийн хооронд цахилгаан хэрэглэж, дулаан хуримтлуулж гэрийг 24 цаг дулаан байлгана. Харин бусад цагт эрчим хүч хэрэглэхгүйгээр цахилгааны зардлыг хэмнэж, дулааны асуудлыг шийдэж чадах юм.

Энэ төхөөрөмжийг та гэрийнхээ голд буюу төв хэсэгт байрлуулна. Гэхдээ 25 см-ээс ойрхон зайд амархан гал авалцах эд материалыг тавихгүй байхыг анхаараарай. Учир нь халуун агаар гадагшлах буюу хүйтэн агаар сэлгэж орж ирэхэд саад болохооргүй, ямар нэгэн зүйлд халхлагдахааргүй газар байрлуулах ёстой. Төхөөрөмжийн ажиллах зарчим нь тасалгааны болон гаднах хэмийг хэмжин харьцуулалт хийх удирдлагын төхөөрөмжийн тусламжтайгаар дулаан хадгалах хэмжээгээ тодорхойлно. Мөн тасалгааны хэмийг байнгын нэг хэмжээнд байлгана.

ДИНАМИК БА СТАТИК ХАЛААГУУР

 
Амины орон сууцад тавих төхөөрөмж.

Монгол гэрт болон амины орон сууцад зориулсан төхөөрөмж нь агаарыг хуурайшуулдаггүйгээрээ онцлог ажээ. Амины орон сууцад зориулсан төхөөрөмжийг цахилгаанд залгахад тень халж тоосгон чулуугаа халаана. Ингэснээр чулуу нь дулаанаа хуримтлуулаад сэнсээр үлээдэг байна. Халаадаг тоосгоны 75 хувь нь төмрийн хүдэр, 25 хувь нь химийн элемент орсон. “Тулгат” зууханд 30 ширхэг ийм тоосго байгаа. Нийт жин нь 298 кг. Нүүж суухдаа тоосгыг нь авахад 50 кг болж хөнгөрнө. Хамгийн гол нь байшингууд дулаан алдагдал багатай байх ёстой. Авахыг хүссэн хүмүүст монгол хэлээр орчуулсан гарын авлагыг өгч байгаа гэв.

 
Дулаан баригч тоосго

Мөн байшингийн талбайгаас шалтгаалж үнэ нь өөр, 12 төрлийн, хоёр янзын төхөөрөмж байгаа. Динамик халаагуур нь үлээдэг сэнстэй. Харин статик нь төөнөж халдаг. Тухайлбал, долоон кватын хүчин чадалтай төхөөрөмж нь 45 метр квадратыг халаана. Харин амины орон сууцын төхөөрөмжийг өрөөний хаана ч байрлуулж болно. Гэхдээ цонхон дор илүү тохиромжтой байдаг талаар тус компанийн ажилчид ярьж байлаа. Учир нь хүйтэн агаарыг шууд халаадаг.

Тиймээс шал болон хана нь төхөөрөмжийн жинг даах даацтай байх хэрэгтэй. “Олсберг” компанийн дулаан хуримтлуулж халаах төхөөрөмжийг хөлгүйгээр шалан дээр шууд байрлуулж болно. Байрлуулах газар нь гөлгөр, тэгш мөн доод тал нь 80 хэмийн халуунд тэсвэртэй байх нь чухал. Хэрэв зөөлөн, даралт мэдрэмтгий, халуунд тэсвэргүй шал, хивсэн дээр төхөөрөмжийн адил хэмжээтэй хавтан тавих хэрэгтэй хэмээн Аж ахуйн албаны дарга Ж.Зоригтбаатар төхөөрөмжийнхөө талаар тайлбарлаж байсан.

ТҮРГЭН ХАЛААГЧ

“Монватт” компаниас дулаан хуримтлуулж халаах төхөөрөмж авсан хэрэглэгчид сэтгэл хангалуун, өнөөдрийг хүртэл гомдол ирүүлээгүй байна. Мөн эднийх угаалгын өрөөнд тавих зориулалттай түргэн халаагчийг худалдаж байна. Түргэн халаагчийг орохдоо асаагаад гарахдаа унтраахад л хална. Цагтай, цаггүй гэж бий. Мөн бохирыг цэвэрлэж саармагжуулаад өвс, ногоо услах зориулалттай төхөөрөмжийг бас оруулж ирэхээр судалж байгаа гэв.

Өнгөрсөн хавар нийслэлд 1000 ширхэг төхөөрөмж авчирч өгье гэхэд нэг ч хүн хариу өгөөгүй. Харин ч тэдний хувьд нүүрсээ зарах нь ашигтай байж. Тиймээс бид тэтгэврийн 30 хүнтэй банкны оролцоогүйгээр итгэлцлийн гэрээ байгуулсан. Өнөөдөр түрүүчийн хүний зээл нь дууссан. Хүнд итгэж, нийлж ажиллавал болдог юм байна гэдэг нь харагдлаа. Өмнө нь бид банкнаас болоод нэг жилийн хугацаа алдсан.

Анх зээл өгсөн ахмад настан “Хүн чинь итгэж амьдардаг. Суурин хүнтэй итгэлцэл хийж болно. Харин явуулын хүнтэй болохгүй” гэж хэлж байсан. Гэрээгээ нягт хийсэн. Энэ том төхөөрөмжийг хүн үүрээд явахгүй, худалдахгүй. Дараа нь гэмтэл гарвал бидэн дээр ирнэ, өөр газар очихгүй. Энэ төхөөрөмжийг нийслэлийнхэн гэлтгүй орон нутгийн иргэд ч хэрэглэх боломжтой хэмээн “Монватт” компанийн захирал Т.Пүрэвдорж ярьж байлаа.

Зураг