Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Хөгшин” Трамп Хойд Солонгосын удирдагчийг “намхан, бүдүүн” гэж тодорхойллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгосын парламентад үг хэлэхдээ Хойд Солонгост хатуу сануулга өгсөн билээ. Энэ явдлын дараа Бямба гарагт Хойд Солонгосын мэдээллийн хэрэгсэл хэлсэн үгийг нь “бодлогогүй үйлдэл” гээд Трампыг “хөгшин зөнөг, дайны хэнээтэн” гэх мэтээр хочилсон юм.

Тэгвэл Вьетнамд APEC-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа Дональд Трамп Ням гарагийн өглөө Ким Жон Унд хариу барьсан байна.

Тэрээр твиттер хуудсандаа “Яагаад Ким Жон Ун намайг ‘хөгшин’ гэж доромжилдог юм бол? Би түүнийг хэзээ ч ‘намхан, бүдүүн’ гэж хэлээгүй байхад шүү. Би түүнтэй найзлах гэж их л чармайж байна. Хэзээ нэг өдөр бүтэх байх!” гэж бичжээ.

Харин сүүлд Трамп энэ үгээ тоглоомоор хэлээгүй гэдгээ баталж, дахин бичсэн байна.

“Магадгүй миний хэлсэн үг этгээд сонсогдож байгаа байх. Гэхдээ энэ бүрэн боломжтой” гэж тэр Ням гарагийн орой Вьетнамын нийслэлээс бичжээ.

Дараа нь Трамп үргэлжлүүлэн “Хэрвээ ингэвэл Хойд Солонгост сайн зүйл болно гэдгийг би хэлж чадна. Бүтэх эсэхийг мэдэхгүй ч хэрвээ бүтвэл үнэхээр сайн зүйл болно” гэсэн байна.

Нэг хэсэг намжаад байсан Трамп, Ким Жон Уны хоорондох үгэн дайн ийнхүү дахин өрнөж эхэллээ. Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулахын тулд Трамп цэргийн хүч хэрэглэхэд бэлэн гэдгээ өнгөрсөн саруудад удаа дараа илэрхийлж байсан. Харин сүүлийн өдрүүдэд Ким Жон Унтай уулзахад бэлэн, хэрвээ зөвшилцөж чадвал сайхан ирээдүй амлаж чадахаа хэлдэг болоод байгаа юм.

Одоо Дональд Трамп Ази тивд хийж буй айлчлалынхаа сүүлийн зогсоол болох Филиппинд очоод байна.

 

Эх сурвалж: Japan Times