Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Бэлгийн дарамтын талаар Европчууд өөр өөр үзэлтэй байгаа нь судалгаанаас харагджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Холливүүдийн продюсер Харви Уэйнштэйний бэлгийн дарамтын хэрэг, түүнийг тойрсон элдэв дуулиан дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Тэгвэл YouGov судалгааны байгууллага Европын долоон орны иргэдээс судалгаа авч, Европчуудын нүдээр яг ямар үйлдлийг бэлгийн дарамтад тооцох талаар дүгнэлт гаргахыг оролджээ.

Олон тооны асуулттай судалгааг Дани, Британи, Финланд, Франц, Герман, Норвеги, Шведийн 8,490 эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс авсан юм байна.

Мэдээж ихэнх үйлдлийн талаар тэд нэгдсэн ойлголттой байсан ч зарим нэг үйлдэл дээр эрс ялгаатай хариулт өгсөн байна.

Долоон орны иргэд бүгд санал нэгтэйгээр эмэгтэй хүний хормой доороос гэрэл зураг авах нь бэлгийн дарамт гэж үзжээ. Мөн өгзгөнд нь гар хүрэх, эмэгтэй хүний өмнө хувцсаа тайчиж, эд эрхтнээ үзүүлэх зэргийг байж боломгүй үйлдэл гэж үзсэн байна.

Харин эмэгтэй хүний хөх рүү ширтэх үйлдэл дээр ялгаатай хариултууд өгсөн байна. Тухайлбал Германчуудын цөөнх нь үүнийг бэлгийн дарамтад тооцсон бол олонх нь хэвийн үзэгдэл гэжээ. Герман хүүхнүүдийн 36 хувь, эрчүүдийн 22 хувь эмэгтэй хүний хөх рүү удаан харахыг хэвийн биш үзэгдэл гэсэн байна.

Гэтэл Британи, Францын иргэдийн 50 хувь нь ингэхийг бэлгийн дарамт гэж үзжээ.

Мөн бохир агуулгатай явган шог яриаг эмэгтэй хүнд сонсгох нь бэлгийн дарамт гэж Германчуудын 35 хувь үзсэн бол Британичуудын 69 хувь нь мөн ингэж хариулсан байна.

Эндээс Германчуудын бэлгийн дарамтын тухай зарим ойлголт бусад Европчуудынхаас өөр болох нь харагдаж байгаа юм.

Эмэгтэй хүн рүү нүд ирмэхийг нийт орнуудын иргэд дуу нэгтэйгээр хэвийн гэж үзсэн бол зөвхөн Францчуудын 23 хувь буюу хамгийн их хувь нь бэлгийн дарамтын нэг хэлбэр гэж үзсэн байна.

 

Эх сурвалж: Russia Today, Die Welt