Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Томуу, томуу төст өвчний үед бэлэн байдлыг хангаж ажиллахыг эмнэлгийн удирдлагуудад даалгалаа

ikon.mn
2017 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудын удирдах ажилтны ээлжит шуурхай хурлаар дамжуулан НЭМГ-аас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлын талаар цаг үеийн мэдээлэл хүргэж, “Дархлаажуулалтын 10 хоног”-ийн хүрээнд зохион байгуулсан ажил болон үйл ажиллагааны дэмжлэгт хяналтын явцын тухай тайлагналаа.

Улирлын томуугийн эсрэг вакцинаар 1,353 жирэмсэн эмэгтэй, 51 цэцэрлэгийн 18,630 хүүхэд, цэцэрлэгийн 923 багш, өндөр настай 3,503 хүн, алслагдсан дүүргийн архаг хууч өвчтэй, эмзэг бүлгийн хүүхэд зэрэг 439 хүнийг сайн дурын дархлаажуулалтанд хамруулсан байна.  

Энэ сарын 6-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн 86,173 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3,100 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.6 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0.5 хувиар нэмэгдсэн байна.

Нийт өвчлөгсдийн 86.10 хувийг 0-9 насны хүүхдүүд  эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 944 дуудлага ирснээс 33.1 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Тандалтын мэдээллээр томуу, томуу төст өвчин Багануур дүүрэгт 6.2 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.

Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд, нийт батлагдсан 1,969 орон дээр 1,923 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд орны ачаалал хэтрээгүй байна. Шинээр хэвтсэн өвчтөний 82 буюу  25.7 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлжээ.

Шуурхай хурлын үеэр Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, НЭМГ-ын орлогч даргын хамтарсан удирдамжийн дагуу “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгаалах тухай хууль”, Засгийн газрын  “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх үндэсний II хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах хамтарсан багийн нийт 250 гишүүдийг чадавхижуулах сургалт зохион байгуулсан талаар НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа  танилцуулсан юм.

Хурлын төгсгөлд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлаа эрчимжүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ сайжруулахын сацуу эмч ажиллагсдын хуваарилалтыг тодорхой чиглэлээр зохицуулж, бэлэн байдалд ажиллахыг эмнэлгийн удирдлагуудад даалгалаа гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.