Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Филиппиний ерөнхийлөгч 16 насандаа хүн алж байснаа ярьжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

APEC-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Вьетнамд ирээд байгаа Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэ өнөөдөр тус улсын Дананг хотод нутаг нэгтнүүдтэйгээ уулзсан байна.

Дэлхийн лидерүүдтэй уулзахаасаа өмнө тэр өөрийн хар тамхины дайныг өмгөөлсөн утгатай зүйлийг хүмүүсийн өмнө ярьжээ. Дутертэ бас удахгүй Манилад болох хүний эрхийн уулзалтын үеэр НҮБ-ын хүний эрхийн эксперттэй уулзах юм бол түүнийг алгадна гэж сүрдүүлсэн байна.

Түүний алгадна гэж сүрдүүлсэн Агнес Калламард нь Филиппинд болж байгаа хар тамхины дайнд хүний эрх хэрхэн зөрчигдөж байгааг судлан НҮБ-д танилцуулж байсан юм.

Одоо 72 настай Дутерте “Би 16 настайдаа анх хүн алж үзсэн. Хүнтэй зөрчилдөөд хутгалж байсан. Дөнгөж 16 настай байлаа. Харин одоо ерөнхийлөгч болоод хэдэн хүн алсан гэж бодож байна?” гэж ярьжээ. Тэр бас “Бага залуудаа би шоронд орж л байдаг, гарч л байдаг байсан. Хаа сайгүй зодоон, цохион болдог байлаа” гэж өсвөр насаа дурссан байна.

Дутертэ өнгөрсөн онд ерөнхийлөгч болсныхоо дараа 100,000 хүртэл хүнийг хөнөөж, улс орноо хар тамхинаас цэвэрлэнэ гэж амласан юм.

Одоогийн байдлаар түүний дайнд 3,967 хүн алагдаад байгаа бол дахин 2,290 хүн тодорхойгүй шалтгаанаар амиа алдаад байна.

Гэвч Филиппинчүүдийн дунд түүний нэр хүнд сайн байгаа. Ихэнх нь түүнийг нийгмээ аюулгүй, амар амгалан болгож байна гэж үздэг юм.

Дутертэгийн туслахууд түүнийг дуулиантай үг хэлэх бүрт үгэнд нь шууд итгээд хэрэггүй гэж сэтгүүлчдэд сануулдаг. Тэд ерөнхийлөгчөө хошигнож ярихдаа ч хэтрүүлдэг хэмээн өмөөрдөг юм.

Хүн алсан тухайгаа ярьсны дараа Дутертэ НҮБ-ыг хурцаар шүүмжилж, Филиппиний хүний эрхэд санаа зовохын оронд Ойрх Дорнодод болж байгаа үйл явдалд анхаарлаа хандуулахыг уриалжээ.

Дутертэ НҮБ-ын мэргэжилтэнг өөрийнх нь хар тамхины дайнд амиа алдсан хүмүүсийг тоолж суухын оронд Ойрх Дорнодод бөмбөгдүүлж байгаа хүмүүсийн төлөө ажиллах хэрэгтэйг сануулсан юм.

Ер нь Филиппиний төрийн тэргүүн өөрийг нь шүүмжилсэн хүмүүстэй тооцоо бодох дуртай нэгэн. Өөрийг нь шүүмжилсэн АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Барак Обамаг тэр “завхай эмийн хүү” гэж доромжилж байсан.

Саяхан Дональд Трамп Дутертэг Вашингтонд айлчлахыг урихад Америкийн хоёр хууль тогтоогч эсэргүүцэж, хүний эрхийн нөхцөл байдлыг нь бодолцон урилгаа цуцлахыг шаардаж байлаа. Харин Дутертэ хариуд тэдгээр улс төрчдийг Филиппинд нэвтрэхийг нь хориглоно гэж сүрдүүлж байв. Тэр сенаторуудыг нэр цохон дурдаад “Та нар надад дургүй бол би ч бас та нарт дургүй. Бид тэгш эрхтэй” гэж хэлжээ.

 

Эх сурвалж: AFP