Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Орос, Казахстаны аль нэгэнд гарсан цөмийн ослоос үүссэн үүл Европыг бүрхжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд Европын орнуудын тэнгэрт цацраг идэвхит бохирдлоос гаралтай үүл бий болоод байгааг Францын цөмийн аюулгүй байдлын IRSN хүрээлэнгийнхэн өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр Орос, эсвэл Казахстанд гарсан ослоос үүдэлтэй гэж дүгнэжээ.

Пүрэв гарагт тэд дүгнэлтээ танилцуулсан бөгөөд ямар нэг цөмийн түлш боловсруулах үйлдвэр, эсвэл цацраг идэвхит туяаны эмчилгээ хийдэг газраас алдагдсан гэж үзсэн байна.

Харин Европт тарсан бохирдол нь хүний эрүүл мэндэд хор учруулах хэмжээнд хүрээгүй гэж дүгнэжээ. IRSN цаг уурын шилжилт хөдөлгөөн дээр үндэслэн ослын газрыг тодорхойлоход Уралын нуруу, Волга мөрний хоорондын бүс нутаг гэж багцаалсан байна. Үүнд ОХУ ба Казахстан улсын нутаг дэвсгэр багтаж байгаа юм.

IRSN хүрээлэнгийн захирал Жан Марк Перес энэ асуудлаар ОХУ-д хандахад ямар нэг осол болоогүй гэж мэдэгдсэн тухай ярьсан байна. Харин Казахстаны талтай холбоо барих гэж оролдож байгаа гэнэ.

Европын орнуудын хэд хэдэн цөмийн хүрээлэнгүүд IRSN-д хандаж, агаар мандалд нь рутениум 106 хэмээх цацраг идэвхит бодис өндөр хэмжээтэй байгааг илрүүлснээ мэдээлжээ. Уг бодис нь атомыг хуваах үед цөмийн реакторт бий болдог бөгөөд байгаль дээр байдаггүй юм байна.

Хэрвээ ийм хэмжээний бодис Францад алдагдсан бол осол болсон газрын ойр орчмын хүн амыг нь нүүлгэх арга хэмжээ авах байсныг IRSN мэдээлжээ.

Харин Европт тархсан хэмжээ нь хүн амын эрүүл мэндэд хор учруулахуйц хэмжээнд хүрээгүй байгааг баталсан байна.

 

Эх сурвалж: The Guardian