Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн удирдагчид Дональд Трампын эвийг олж чаддаг болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч болсноосоо хойш Ази тивд анх удаагаа айлчилж байгаа Дональд Трампыг Япон, Өмнөд Солонгос, Хятад улсууд дээд зэргийн хүндэтгэлтэйгээр угтаж авцгаалаа.

Нэг угээр хэлбэл барьцгүй, тавьтаргүй зан ааштай Цагаан ордны эзнийг аргалах ухаанаа Азийн удирдагчид олж чаджээ хэмээн ажиглагчид дүгнэж байна. Энэ арга бол зусардалт юм.

“Тэд өөрийн зочныг зусардалт, магтаалд онцгой дуртай хүн болохыг бүгд ойлгосон байна” гэж Вашингтоны Азийн Бодлого Судлалын Хүрээлэнгийн судлаач Линдси Форд ярьжээ. Тэдгээрийн дотроос Хятад улс илүү хүчтэйгээр Трампын биеэ тоох зан дээр тоглож чадлаа гэж үзсэн байна.

Үнэхээр Бээжингийн дипломат бодлого үр дүнгээ өгснийг Трампын твиттертээ бичсэн мэдэгдлээс харж болно. Тэр “Би Хятадыг буруутгахгүй. Харин Хятадад хоёр орны худалдаан дээр давуу тал олох боломжийг олгосон манай өмнөх засаг захиргаануудыг буруутгах хэрэгтэй. Тэднээс болоод бид жилд $100 тэрбумын алдагдал хүлээх болсон. Ийм сул хүмүүстэй харилцахдаа боломжийг ашигласан Хятадыг яаж буруутгах вэ? Бид ч гэсэн ингэж ажиллах ёстой” гэжээ.

Япончууд Трампыг дуртай тоглоомоор нь тоглуулж, Америк үхрийн махтай бургерээр дайлсан нь бас түүнд нөлөөлсөн. Хоёр удирдагчийн гарын үсэг бүхий “Дональд ба Шинзо. Түншлэлээ улам хүчтэй болгоё” гэсэн бичигтэй гольфийн малгайг Абэ түүнд дурсгасан. Бичсэн уриа нь Трампын сонгуулийн уриатай ижил байгаа юм.

Хүндэтгэлийн хүлээн авалтанд нь Япончууд гольфийн аваргаа, бас Трампын зээ охины дуртай поп одыг оролцуулсан нь түүнд нөлөөлөх гэсэн оролдлого байв. Абэ “Хэн нэгэнтэй нэг удаа цуг гольф тоглох бол энгийн зүйл, харин хоёр дахь удаагаа тоглосон бол тэр чиний сайн найз гэсэн үг” гэж хүлээн авалтын үеэр хэлжээ.

Өмнөд Солонгосчууд ч энэ тал дээр дутсангүй. Хөх ордны үүдэнд өнгө өнгийн хувцастай хүндэт харуул жагсаж, хоёр улсын далбааг барьсан хүүхдүүд Жастин Биберийг хүлээж байгаа фэнүүд шиг угтсан юм.

Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин уулзалтын үеэр сонгогдоод нэг жил болсны ойг нь тохиолдуулан энэ хугацаанд Трампын хийж бүтээснийг амаа олохгүй магтсан байна.

Мүүн Жэ Ин ”Жил хүрэхгүй хугацаанд та бүрэн эрхийнхээ хугацааг гүйцээсэн мэт ажиллалаа. Америкийг дахин хүчирхэг болгох сонгуулийн амлалтаа биелүүлэхэд том дэвшил гаргалаа” гэж хэлжээ.

Хүлээн авалтын танхимд Трампыг орж ирэхэд түүний тангараг өргөх ёслолын сүлд дуу болсон Фрэнк Синатрагийн “My Way” эгшиглэж байв. Мөн Трампыг тус улсын парламентийн чуулганд үг хэлэхээр индэрт гарах үед түүнийг “Дэлхийн лидер” гэж танилцуулжээ.

Хятадын тал анх удаа хүндэт зочин хүлээж авах ангилалдаа “state visit - plus” буюу нэмэх зэрэглэлийн төрийн айлчлал гэсэн шинэ нэр хэрэглэсэн. АНУ-ын төрийн тэргүүнийг тоссон хүүхдүүд “Хятадад тавтай морил” хэмээн орилолдож байлаа. Нисэх буудалд газардахад нь төрийн хүндэт харуул тоссон бол маргааш нь хэлэлцээр хийхээр их хурлын танхимд ирэхэд бас л хэдэн зуун хүндэт харуул жагссан байна.

Сэтгэл нь хөдөлсөн Трамп “Өнөөдөр өглөөний цэргийн жагсаал гайхалтай байлаа. Дэлхий нийтээр харсан байх. Үүнээс илүү сайхан зүйл байдаг гэж үү” гэжээ.

“Хятадууд Трамптай хэрхэн харьцах аргаа олжээ. Гадны зочинд үүнээс илүү яаж хүндэтгэл үзүүлэх вэ?” гэж Өмнөд Каролинагийн их сургуулийн Америк-Хятадын Хүрээлэнгийн эксперт Майк Чиной дүгнэж хэлсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press