Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Дээд боловсролыг түүчээлэхүй

ikon.mn
2017 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн боловсрол өнөөдөр даяаршиж улс орны хөгжлийн тулгуур анхдагч хүчин зүйл нь боловсрол юм. Боловсролд өнөөдөр шинэчлэл их чухал болсон, уламжлалт сургалтаар өдгөө хүртэл явах нь эрсдэлийг бий болгон, хөгжлийг арагш татаж байна. Дээд боловсролын салбарт шинэчлэлийг эхлүүлэх, хэрэгжүүлэх, үр дүнг нь үнэлэх асуудал. 

Дээд боловсролын салбарыг шинэчлэх нь хамгийн түрүүнд даяаршсан нийгэмд дасан зохицсон сургалтын хөтөлбөр, хөтөлбөрийн шаардлага хангасан багшлах боловсон хүчин, чадварлаг багшийн боловсруулсан хичээлийн хөтөлбөр, шинжлэх ухаанчаар удирдах удирдлага, сургалтын бодлого, идэвхийлэн сурах эрмэлзэлтэй оюутан залуус, төгсөгчдийг ажиллуулах байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн юм. 

Бид боловсролын шинэчлэлийг хийхдээ хамгийн түрүүнд мэргэжлийн чиг баримжаа олгох дээд боловсролын тогтолцоог авч үзэх тэдгээрийг мэргэжлийн баримжаатай болгох, улс орны хөгжлийн гарцийг судлан ажлын байрыг тодорхойлох нь зүйн хэрэг. Улс орон хөгжлийн үзэл баримтлалыг төгс боловсруулж, хэтийг харсан бодлогоор ажлын байрыг бий болгох нь боловсролын байгууллагын шинэчлэлийн гараа. 

Дээд боловсролын салбар хөгжлийн явцдаа дэлхийн улс орнуудын харилцан ойлголцол, соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэх гол арга хэрэгсэл болж гадаад улс орнуудын хөгжил дэвшлийг эрэлхийлсээр байгаа. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээр дээд боловсролын асуудал хурцаар яригдаж, мэргэжлийн чадвартай төгсөгчийг ажил олгогчид шаардах болсон. Дээд боловсролын байгууллагын амьдрах гол үндэс нь элсэгч(орц)-төгсөгч(гарц). Энэ хоёр зүйлийг холбогч гүүр нь дээд боловсролын байгууллагын үйл явц.  Дээд боловсролын байгууллага нь баялаг бүтээгч, шинэчлэгч, инновацийг нэвтрүүлэгч байх ёстой. Энэ нь орчин үеийн сургуулийн шаардлага байх болов уу. 

Бид шинжлэх ухааны ололтыг дээд боловсролоор дамжуулан нарийн мэргэшсэн мэргэжилтэнг бэлтгэх хэрэгтэй. Ийм мэргэжилтэнг бэлтгэх нь баялаг бүтээж буй хэрэг. Түүнээс мэдлэггүй хоосон номлосон төгсөгч ( бүтээгдэхүүн)  гаргах нь өнөө цагт нийцэхгүй цаг хугацаанаас хоцорсон алхам. Дэлхийн жишигт нийцсэн хөгжлийг дагуулах, шинжлэх ухаан инновацид тулгуурласан шинэлэг үйлдвэрлэл үйлчилгээний байгууллага болох их дээд сургуулийг бий болгох нь чухал. Дээд боловсролыг бид сургалтын байгууллага хэмээн ойлгон олон жил үйл ажиллагааг явуулсан. 

Өнөөдөр бид дээд боловсролыг шинжлэх ухаанд суурилсан сургалт судалгаа, үйлдвэрлэлийн байгууллага хэмээн ойлгох чиг хандлага гарч ирсэн. Иймд бид дээд боловсролыг өөр өнцгөөс харж хэнийг-хэрхэн-яаж-хэнд гэсэн үзэл баримтлалаар хэрэгжүүлэх нь зүй.  

Дээд боловсролыг шинэчлэх нь цаг хугацаанаас өмнө хийгдэх алхам гэж үзэж байна. Учир нь өнөөдөр бэлтгэж буй суралцагч дөрвөн жилийн дараа боловсон хүчин болоод төгсдөг. Төгсөн гарсан боловсон хүчин цаг үеийнхээ шаардлага хангах ёстой. Тиймээс бид дээд боловсролын шинэчлэлийг өнөөдөр элссэн оюутныг дөрвөн жилийн дараа төгсөөд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхана хэмээн тооцож сургалтын төлөвлөгөөг боловсруулан сургалтын үйл ажиллагааг явуулах нь зүйн хэрэг. Бидний бүтээгдэхүүн бол элсэн орсон оюутан бүр гэдгийг ухамсарлах. Харин хэрэглэгч бол Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагч, эцэг эхчүүд гэдгийг бид бодох цаг болсон. Эцэг эхчүүд  үр хүүхдээ чанаргүй боловсрол эзэмшүүлэх гэж их дээд сургуульд оруулаагүй гэдгийг сургуулийн удирдлага, багш, ажилчид ойлгох нь чухал. Тодорхой чадварт суурилсан мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд бид анхаарах хэрэгтэй.

Бид хэдий олон жил хуулбарлан амьдрах вэ. Эсвэл хөгжлийг хөөж амьдарсаар туйлдах уу.  Энэ л гарааны цэг дээр ирсэн улс орон болжээ. Одоо эсвэл хэзээ юм.  Дээд боловсролын шинэчлэлийг бид өөрсдөө сургууль, тэнхимдээ хийнэ. Түүнээс засгийн газар хийнэ хэмээн мөрөөдөх хэрэггүй. Шинэчлэл гэдэг нь бид дараах томьёоллоор ойлгож болох талтай.  Сургалтын төлөвлөгөө, багшлах боловсон хүчин, сургалтын орчин, сайн удирдлага, суралцагч, ажил олгогч байгууллагын хамтын ажиллагаа. 
Сургалтын төлөвлөгөө нь дээд боловсролын байгууллагын хамгийн чухал хэрэглэгдэхүүн 120 багц цагийн хүрээнд тухайн мэргэжлээр олон улсын шаардлага хангасан бакалаврын мэргэжилтэн бэлтгэх баримт бичиг. 

Магадлан итгэмжлэлд бэлтгэж бус төгсөгчдөө зориулж сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх нь зүй. Сургалтын төлөвлөгөөнөөс бид мэргэжлийн суурь судлах хичээлүүд (мэргэжлийн суурь), мэргэжлийн, мэргэшүүлэх хичээлүүдийн сонголтыг анхаарах нь чухал.  Ажил олгогч ямар мэргэжилтэнг шаардана тэр шаардлагад нийцсэн хөтөлбөрийг боловсруулах хэрэгтэй. Хөтөлбөр нь ирээдүйн мэргэжилтэнг бэлтгэх чухал баримт бичиг. Сургууль бүр өөрийн онцлогоор сайтар боловсруулах, мэргэжлийн байгууллагаар шүүлтүүрт оруулах нь өнөөгийн шаардлага. Сайн сургалтын төлөвлөгөө ирээдүйн баялаг хэмээн үзэж болно. Сургалтын төлөвлөгөө нь хамгийн сайн боловсруулагдах ёстой.  Үүнээс хөтөлбөрийн хөгжил хамаарах.

Дээд боловсролд багш их чухал. Багш  нь чадварлаг, мэргэшсэн байх. Багшлах боловсон хүчний хувьд хэд хэдэн шаардлагад нийцүүлэх нь чухал байна. Манай ард түмний өв уламжлалд эрдэм мэдлэгтэй хүнийг багш хэмээн нэрлэж ирсэн. Өнөө үед багш нь өсвөр залуу үеийнхэнд амьдралд нь хэрэгтэй мэдлэг, чадвар олгох тэднийг бие хүн болгон хүмүүжүүлэх, шинжлэх ухааны үндэстэй сурган хүмүүжүүлэх үйл явцыг удирдах мэргэжлийн ур чадвартай хүн байх. Ёс суртахуун, ёс зүй, зан суртахуун гэсэн гурван ойлголтыг хүмүүс нийтэд нь ёс суртахуун гэж ойлгодог. Дээд боловсролд багшийг сонгон ажиллуулах гол үзүүлэлт бол эрдэм судлалын чадварыг чухалчилна. Дээд боловсролын салбарт судлаач, багш байх нь чухал юм. 

Хичээл заах ур чадвар, сэтгэл зүйн мэдлэг чухал. Багш хүн судлаач, судалгааг бүтээл болгох чадвартай байх. Дээд сургуулийн багш хүн өөрийн бүтээлийн жагсаалттай байх нь зүйн хэрэг. Багш бол хоосон номлогч биш.

Ийм зарчмаар багшийг сонгон шалгаруулж авах нь дээд боловсролын байгууллагын хийх ажлын чухал хэсэг. Энэ нь шинэчлэл. Хоосон ярьдаггүй багш бүтээл туурвисан байдаг. Чадвартай багш бүтээлтэй байдаг.  Багш заах хичээлийн хөтөлбөрийг боловсруулдаг. Хичээлийн хөтөлбөр нь ирээдүйн шаардлага хангах  ёстой.

Дээд боловсролын байгууллага хэнд зориулж сургалт явуулдаг вэ. Энэ асуултад хариулж чадах ёстой. Үүний тулд бид ажил олгогч байгууллагуудаас санал авах нь чухал болсон. Гэхдээ олон улс, бүс нутагт хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын хүний нөөцийн алба, удирдах ажилтнуудаас санал авч боловсруулах нь чухал. Бид хамтран ажиллахгүй бол зөрүү үүсдэг. Дээд боловсролын байгууллага нь диплом үйлдвэрлэгч биш. Нарийн мэргэжлийг эзэмшүүлэгч болгон өөрчлөх нь зүй. Эцсийн бүтээгдэхүүн төгсөн  гараад ажлын байрны шаардлага хангасан боловсорсон хүн байх ёстой.  Манай оронд  өнөөгийн нэн даруй хийх алхам юм.  Сайн төгсөгч өөртөө ажлыг бий болгодог. Бид монгол улсыг хөгжүүлэх чадварлаг хүмүүнийг бэлтгэх хэрэгтэй. 

Мэргэжил эзэмших эрмэлзэлтэй суралцагч. Суралцагчид сургалтын төлөвлөгөөг зөв ойлгуулах, ирээдүйд нь мэргэжил эзэмших ухамсар суулгах нь чухал. Нэг үгээр хэлбэл суралцаж буй мэргэжилд нь дурлуулах асуудал. Дуртай зүйлдээ хүн амжилт гаргадаг. Дэлхийн улс орнууд ирээдүйн мэргэжилтэнг бэлтгэдэг. Арав магадгүй хорин жилийн дараах боловсон хүчнийг бэлтгэн гаргаж байна. Энэ нь улс орны хөгжлийг авч явах хүмүүс. Одоогоор алсыг харсан дээд боловсролын байгууллага бараг байхгүй. Үүнтэй санал нэгдэх байх. Ирээдүйн улс төрч, улс орныг авч явах удирдах ажилтныг бэлтгэх тусгай хөтөлбөр үгүй л байна. Яахав өнөөдөр, маргаашийг л харж байгаа. Нөгөөдөр түүнээс цааш олон өдрүүд байгаа. Үүнийг бид дараа дараагийн нийтлэлд тусган оруулах байх. Бид заавал бусдыг дагаж биш дагуулж хөгжиж болох. Дээд боловсролын салбар шүү дээ. Өөрсдөө уламжлалыг баримжаалж дэлхийн шилдэг арга, аргачлалыг авч хэрэглэх нь зүй. Хуулах, хувилан олшруулах бус боловсруулан ашиглах нь чухал.     
Их дээд сургуулийн хувьд хөтөлбөрийг төлөвшүүлэх нь хамгийн чухал болоод байгаа. Учир нь бид дэлхийн улсуудад хүлээн зөвшөөрөгдөхүйц бүтээгдэхүүн, гарц дээр анхаарах түүнд дүн шинжилгээ хийх нь бидний хүлээлт. Цаашид ч бас сайжруулах зүйл олон.Төгс зүйл үгүй гэхдээ ойрхон очих боломж бий. 

"Эрхэм хүмүүн үгүй бол
Улс орон үгүй"

 

Жинч овогт Ванжилын Мөнхбаяр