Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Тэрбумтан Майкл Блүүмберг нүүрсний эсрэг зарласан дайнаа Европт өргөжүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын тэрбумтан, Нью Йорк хотын дарга асан Майкл Блүүмберг өвөрмөц аргаар дэлхийн цаг уурын дулааралтай тэмцэж байгаа юм.

Тэрээр цаг уурыг хамгийн их халааж байгаа үзэгдэл болох нүүрсийг шатаахын эсрэг хөдөлгөөнөө 2010 онд эхлүүлж, хувиасаа $164 саяын санхүүжилт гаргасан бөгөөд үр дүнд нь Америк даяар байгаа нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын талаас илүүг нь хаалгажээ.

Харин өнөөдөр тэр энэ хөдөлгөөнөө Европ тив рүү чиглүүлж, $50 саяын хөрөнгө оруулалт хийж байгаагаа зарлалаа.

Дараа нь тэр нийт дэлхий даяар нүүрсний эсрэг хөдөлгөөнөө үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна. Түүний гаргасан мөнгө нүүрсний хор хөнөөлийг судлах судалгаа, станцуудын эсрэг хууль эрх зүйн тэмцэл зэрэгт зарцуулагдах аж.

Блүүмберг өнөөдөр Германы Бонн хотод дэлхийн цаг уурын дулааралтай тэмцэх олон улсын чуулга уулзалтад оролцож байгаа юм.

Нүүрс өнөөдөр Европын Холбооны хүлэмжийн хий үйлдвэрлэлийн 20 хувийг бүрдүүлж, Герман, Польш улсууд нүүрснээс эрчим хүч гаргах чиглэлд тэргүүлж байгаа ажээ.

Европын орнуудаас хамгийн амжилттай нүүрснээс татгалзсан улс бол Их Британи юм. Нэгэн үе эрчим хүчнийхээ 40 хувийг нүүрс шатаах замаар гаргадаг байсан энэ орон таван жилийн дотор 2 хувь болгон бууруулжээ.

“Нүүрс бол хамгийн том агаар бохирдуулагч. Хэрвээ нүүрсийг өөр ямар нэг түлшээр солих л юм бол цаг уурын өөрчлөлтийг үлэмж хэмжээгээр бууруулж чадна” гэж Блүүмберг хэвлэлд ярьсан байна.

Тэр одоо нүүрсний эсрэг хамтран ажиллах түншийг Ази тивээс хайж байгаа гэнэ. Блүүмберг нүүрсийг олон сая хүнд эрчим хүч түгээх хамгийн хямд, түргэн арга гэдэгтэй санал нийлэхгүй гэдгээ энэ үеэр ярьжээ. Тэр “Нэгдүгээрт, нүүрс бол хамгийн хямд, хамгийн түргэн арга биш. Хоёрдугаарт үүнээс болж хэдэн хүн амиа алдаж байгааг мэдэх үү?” гэж сэтгүүлчид хэлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian