Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн албан хаагчдад 300,000 төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгохыг УИХ ДЭМЖЛЭЭ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн 85.2 хувь нь дэмжсэнгүй. Ингэснээр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд хэвээр үлдлээ.

Үүний дараа "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын тогтоолын төсөлд “Нэг удаагийн буцалтгүй тусламж гэдгийг ажлын үр дүнгийн урамшуулал гэж, давсан орлого гэдгийг жилд гэж өөрчлөх” Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.4 хувь нь дэмжлээ.

Мөн "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9 хувь нь дэмжсэн.

Ингэснээр 300 мянган төгрөгийг Төрийн албан хаагчдад үр дүнгийн урамшуулал нэрээр олгох санал дэмжигдлээ. 
 
Дээрх хоригтой холбогдуулж УИХ-ын гишүүд үг хэллээ. 

Хориг тавихаасаа илүүтэй Үндсэн хууль, улс орны тогтвортой байдлыг бид ярихгүй юм уу?

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Өнгөрсөн долоо хоногоос хоёр удаа дараалан хориг тавилаа. Энэ хоригийг Ерөнхийлөгч тавиад байна уу? Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга тавиад байна уу гэдгийг л ойлгохгүй байна. Ерөнхийлөгч Х.Баттулга та одоо Женко группын Ерөнхийлөгч биш. Та бол ард түмний Ерөнхийлөгч. Манай улс тэр чигтээ хоригонд орчихлоо.

Ерөнхийлөгч та яагаад өнөөдрийн хүртэл ганц удаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулаагүй юм бэ? Хүний гарт жилд 200 хүн амь үрэгдэж байна. Өдөрт 7 хүн хавдраар нас барж байгаа. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд 17 мянган баялаг бүтээгчдээ хууль хяналтынханд шалгуулсан байна. Энэ бүхэн Үндэсний аюулгүй байдал биш үү? 26 жилийн туршид 16 Засгийн газар сольсон байна. Хориг тавихаасаа илүүтэй Үндсэн хууль, улс орны тогтвортой байдлыг бид ярихгүй юм уу?" гэлээ. 

 Бид гутал өмдний хэрүүл хийгээд байна

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Хоригийг тойрсон олон асуудал яригдаж байна. Хориг тавих нь тоондоо биш. Хамгийн гол нь хоригийг Монгол төрийн бодлого алдагдсан, хууль зөрчигдсөн үед тавьдаг. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг дэмжиж байна. Нэг зүйлд харамсаж байгаа.

Айлаар төсөөлвөл бид гутал өмдний хэрүүл хийгээд байна. 2016 оны сонгуулиар ард түмэн МАН-д итгэсэн болохоос биш ОУВС-нд итгээгүй. ОУВС гэсэн нэрийн дор манай улсын олон хууль зөрчигдөж байна. Ер нь бол бид нар ОУВС гэдгээсээ гарах хэрэгтэй" гэв. 

Хориг тавих эсэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Я.Санжмятав "Хориг тавих эсэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Улс орны тогтворгүй байдлыг МАН-ынхан бүлэгт хуваагдчихаад Засгаа унагаж бий болгосон шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гадуур нэг байгууллага бий болчихоод байгаа нь ОУВС.

Өөрсдийнхөө олсон мөнгийг өөрсдөө зарцуулах эрхийн тухай л Ерөнхийлөгч яриад байгаа юм. Улс нь улс шиг байя гээд Ерөнхийлөгч нь хориг тавиад эхлэхээр чи ер нь хаанаас гараад ирчихсэн юм бэ гэсэн шиг байж болохгүй" гэлээ. 

55 тэрбум бол Төрийн албан хаагчдын зээлийнхээ хүүд төлөх хоёр сарын мөнгө

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Х.Баттулга бид хоёр олон газар уулзаж ярилцаж байсан. Янз бүрийн өс санасан хүмүүсийн үгээр ажлаа битгий хийгээч гэж Ерөнхийлөгчид хэлмээр байна. Хоёрдугаарт та надаас 55 тэрбум төгрөг их мөнгө үү гэж асуусан.

55 тэрбум гэдэг бол Төрийн албан хаагчдын банкны зээлийнхээ хүүд төлөх хоёр сарын мөнгө. Бид урагшаа харж хөгжих цаг болсон. Улс төрийн хийрхэл, бие биедээ дэгээ тавьдаг зүйлээс залхаж байна. Ажлаа хийж, төмөр замаа барих хэрэгтэй байна. Яриа болгон хэрүүл маргаантай явж байгаа" гэлээ.