Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгай цэцэрлэгийн барилгын зардлыг улсын төсөвт энгийн цэцэрлэгийн зардлаар тусгасныг эсэргүүцлээ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 10 дугаар сувиллын цэцэрлэг, яслийн хүүхдүүд, эцэг эхчүүд цэцэрлэгийн хуучин байранд өнөөдөр жагсаал хийлээ.
 
Эцэг эх, хүүхдүүдийн жагсаалаар тавьж буй шаардлагын талаар 10 дугаар цэцэрлэгийн нийгмийн ажилтан н.Энхбатаас тодруулахад "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн олон улсын стандартын дагуу бид зураг төслөө гаргасан. Тухайлбал, хүүхэд 1-2 давхарт гарахдаа заавал цахилгаан шат ашиглах, мөн хүүхдийг зөөх талбай боломжит хэмжээтэй байх ёстой. 

Цэцэрлэг барих зардал маань улсын төсвөөс гарна гэсэн санал гарч байгаа нь сайшаалтай ч, бидний хүссэн хэмжээнд биш байна. Тиймээс бид өнөөдрийн жагсаалыг хийхэд хүрлээ.

Хууль давсан бодлого, хууль давсан санал гэж байхгүй учир төсвийг батлахаасаа өмнө саналаа эргэж харахыг бидний зүгээс хүсч байна" гэсэн юм. 

Тус цэцэрлэгийн техник, эдийн засгийн үндэслэлийг 5.3 тэрбумаар тооцож, зураг төслөө гаргасан аж. Тухайн үед хотын дарга Нийслэлийн төсөвт суулгаж өгнө гэж амлаж байжээ. 

Амлалтын дагуу Нийслэлийн төсөвт 5.3 тэрбумыг суулгасан ч, улсын төсөвт 2.5 тэрбум буюу энгийн цэцэрлэг барих зардлаар санал оруулсан байна. 

Цэцэрлэгийн нэг ангид 20 хүүхэд суралцах ёстой ч, анги дүүрсэн учир нэг ангид 40 хүүхэд суралцдаг байна. Хүүхдүүдэд зориулсан дасгал хөдөлгөөнийг өдөр бүр хийх ёстой ч , 7 хоногт хоёр удаа хийдэг аж. Шинэ цэцэрлэг баригдсанаар өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж, хүүхэд бүр тэгш хөгжих боломж нээгдэнэ гэж жагсаалд ирсэн эцэг эхийн төлөөлөл хэллээ.

ФОТО:

Гэрэл зургийг Mpa.mn