Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн думын хамгийн баян гишүүн мандатаа хасуулж болзошгүй

Э.Мөнхзаяа
2017 оны 11 сарын 9
MorninigNews.mn
Зураг зураг

ОХУ-ын Ерөнхий прокурорын газарт Төрийн думд хамгийн баян гишүүн, Нэгдсэн Орос намын Андрей Палкиныг шалгах хүсэлт гаргажээ. Тус байгууллагын хүсэлтэд бичсэнээр Андрей Палкин гишүүний эрхээ хувийн ашиг сонирхолдоо ашиглаж буй гэнэ. Түүний бүрэн эрхийг цуцлах ёстой гэж шинжээч үзэж байна.

Ерөнхийлөгчийн авлигатай тэмцэх асуудал эрхэлсэн газраас ч Думын хамгийн баян гишүүнийг Авлигын эсрэг хууль зөрчсөн тухай материалыг Төрийн думд явуулсан байна. Палкиныг эрх мэдлээ хувийн ашиг сонирхолдоо ашигласан хэргээр сэжиглэж байгаа юм.

ОХУ-ын Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар төрийн албан тушаал, төрийн субъектүүдийн албан тушаал, орон нутгийн албан тушаалаа өөрчилсөн, итгэл алдсан этгээдийг албан тушаалаас нь халах гэж заасан байдаг аж. Энэ зүйл ангийн дагуу Палкины гишүүний эрх цуцлагдаж магадгүй байгаа тухай Орос дахь “Transparency lnternational’’-ийн гүйцэтгэх захирал Илья Шуманов мэдэгджээ.

Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас материалуудыг Төрийн думын гишүүдийн орлого, хөрөнгийн мэдүүлгийн үнэн зөвийг шалгах хороонд илгээсэн байна. Тус хороог Наталья Поклонская тэргүүлдэг аж. Комиссын яаралтай хуралдааныг мягмар гарагт товлосон боловч ирц хүрэлцээгүй гэх шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

Палкин ба түүний тоосгоны үйлдвэр 

Палкины асуудлаар Оросын Ерөнхий прокурорын орлогч Александр Буксман Авлигатай тэмцэх газарт хандсан байна. Түүнд Архангельск мужийн прокурорын газраас мэдэгдэл ирсэн аж. Палкины хувьд тус мужаас Думыг төлөөлдөг.Архангельскийн прокурорын газрын Ерөнхий прокурорын газрын авлигатай тэмцэх хуулийг хэрэгжүүлэхэд тавих хяналт шалгалтын газрын дарга Александр Русецкийд хаягласан мэдэгдэлд Палкиныг хоёр шалтгаанаар шүүмжилжээ.

Эхнийх нь Палкины үйлдвэр тоосгоныхоо мөнгийг төлөөгүй байна. 2013 оны дөрөвдүгээр сард Палкины үүсгэн байгуулсан “Котласский завод силикатного кирпича - сбыт” фирм барилгын “Опора-М” үйлдвэртэй тоосго нийлүүлэх гэрээ байгуулжээ. 2014,2015 онд тус үйлдвэр тоосго нийлүүлсэн ч төлбөрөө аваагүй байна.

“Опора-М”-ийн Палкины үйлдвэрт өгөх өр дөрвөн сая орчим рубль болжээ. Тоосгоны үйлдвэр үүнээс болж шүүхэд хандахад шүүх тэдний талд гарч, “Опора-М”-ыг өрөө хүүтэй нь .төлөх шийдвэр гаргасан байна. Сүүлд нь барилгын үйлдвэр дампуурсан ч шүүхээс бүх өрөө төлж барагдуулах үүрэг ногдуулжээ.

Гэсэн хэдий ч мужийн прокурорын газарт хандаж, “Опора-М”-ыг орон нутгийн гэрээт ажлыг гүйцэтгэхдээ хууль зөрчсөн гэж буруутгасан байна. “Опора-М" компани орон нутгийн гэрээт ажил гүйцэтгэж байхад Палкины үйлдвэр тоосго нийлүүлж байсан аж.

Прокурорын газар түүнийг 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл Думын гишүүн байхдаа “Котласский завод силикатного кирпича - сбыт” ХХК-ийн захирал хэвээр байсан гэдэгт анхаарлаа хандуулж байна. Харин өдгөө тус үйлдвэрийн даргаар гишүүний хүү Павел Палкин ажилладаг.

“Опора-М”-д гаргасан Палкины гомдол 2017 оны зургаадугаар сарын 15-нд хаяглагдсан байгааг прокурорын газар “хуулийн этгээд нь нөлөө бүхий хүний ашиг сонирхол” руу чиглэсэн гэж үзэж байна. Палкин өөрөө энэхүү хүсэлтээрээ прокурорын газраас төсвийн мөнгө хулгайлсан хэргийг мөрдөн шалгахыг хүссэн гэжээ.

“Орон сууцны барилгын ажилд улсын төсвөөс Шилжүүлэн суурьшуулах хөтөлбөрт олгосон мөнгөнөөс гаргасан. Тухайн үед төр “Onopa-M" үйлдвэртэй тооцоо хийхэд 14 сая рубль алга болсон. Энэ мөнгө буцаан олгогдсон гэдэгт би итгэлтэй байна. Би мөнгийг надад эргүүлж өгөх, эсвэл үйлдвэртээ хөнгөлөлт эдлүүлээч ээ гэж гуйгаагүй. Би төсвийн мөнгө хулгайлагдсаныг л шалгаж өгөхийг хүссэн” гэжээ.

Палкины хувьд ашиг сонирхлын зөрчилтэй байгаагаа үгүйсгэж байна “Би гишүүн байж, төсвийн мөнгө хулгайлсан хэргийг шалгаж өгөхийг шаардах эрхгүй гэж үү. Энд юунд нь ашиг сонирхлын зөрчил байна вэ” хэмээжээ.

Оросын “Transparency International” -ийн орлогч захирал Илья Шуманов Палкины хүүгийн удирддаг тоосгоны үйлдвэр, “Опора-М” хоёрын хооронд одоо ч гэсэн санхүүгийн харилцаа бий гэж тэмдэглэж байна. Сүүлчийнх нь тоосгоны үйлдвэрт өртэй. Тиймээс хувийн ашиг сонирхол нүднээ илт байна гэжээ.

Палкин байр сууриа ашиглаж, хяналт шалгалт явуулах гэж байна. Энэ бол нэг төрлийн ашиг сонирхлын зөрчилдөөн” гэж тэрбээр үзжээ.

Гишүүн ба татвар

Хоёр дахь асуудал нь Палкин татварын мэдээллийг гаргах өгөх хүсэлт гаргасан явдал. Думын гишүүн энэ оны долоодугаар сарын 6-нд Архангельскийн прокурорын газарт хандаж, Холбооны татварын алба №1-ийн Архангельск муж болон Ненецкийн автономит тойргийн дундын хяналтын дарга түүнд мэдээлэл гаргаж өгөхөөс татгалзсан гэсэн гомдол гаргажээ.

Прокурорын газрын мэдээллээс үзэхэд Палкин энэ оны тавдугаар сард татварын хяналтын газраас Котлас хотод барилгын үйл ажиллагаа эрхэлдэг бүх байгууллагын мэдээллийг гаргаж өгөхийг хүсжээ. Гишүүн татвар төлөгчийн мэдээлэл, өгсөн татварын хэмжээ, татварын хууль зөрчиж байсан эсэх гээд 2014 оноос хойших дэлгэрэнгүй мэдээллийг авах хүсэлт тавьжээ.

Харин хяналтын газраас эдгээр мэдээллийг татварын нууц, зөвхөн шүүхийн шийдвэрээр ил болгож болно гээд Палкинд өгөхөөс татгалзсан байна. Харин Төрийн думын гишүүнд энэ мэдээллийг авах эрх байдаггүй аж.

Прокурорын газрын тэмдэглэснээр Палкин Төрийн думд сонгогдохоосоо өмнө Котласт ажилладаг барилгын хэд хэдэн үйлдвэрийн хамтран эзэмшигч байжээ. Харин сонгогдсоныхоо дараа эдгээр үйлдвэрээ хүү Павел, Михаил нартаа шилжүүлсэн байна.

Тиймээс прокурорын газраас Палкиныг өөрийн байр сууриа ашиглаж, өөртэй нь холбоотой үйлдвэрүүдийн ашиг сонирхолд нөлөөлөх гэж байна, хувийн ашиг сонирхлоо хөөж байна гэж үзжээ. Харин Палкин хуулийн төсөл боловсруулахад татварын мэдээлэл хэрэгтэй болсон гэжээ.

Гишүүн ийнхүү хүсэлт гаргах болгонд сөрөг хариу өгдөгт орон нутгийн засаг захиргаа өөртэй нь өс хонзонтой гэж харахад хүргэдэг гэсэн байна.

Палкин гэж хэн бэ?

Палкин өнгөрсөн онд 678.4 сая рубль буюу 11.9 сая ам.долларын орлого мэдүүлж, Төрийн думын хамгийн баян гишүүнээр тодорсон байна. Тэрбээр 2015 онд сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр 1.5 тэрбум рублийн орлоготой гэж мэдүүлсэн билээ.

Мэдүүлгээс харахад Палкин зургаан газартай, хоёр байр, байшинтай, агуулахын барилгатай, трансформаторын подстанцтай, шаврын агуулахтай. Түүний эхнэр нь мөн хоёр байр, 1.5 газар мэдүүлжээ.

Палкин эхнэртэйгээ хамт таван машин эзэмшдэг. Үүнд ачааны “Freight-liner Century”, “Уралом-375'’, түүнчлэн бүхээгтэй чиргүүл нэг, хагас чиргүүл хоёрыг эзэмшдэг аж.

Гишүүн Палкин энэ оны хоёрдугаар сард дампуурлаа зарласан юм. Гуравдугаар сард арбитрын шүүхээс түүнийг дампуурсан гээд хөрөнгө мөнгийг нь татварынхан битүүмжилж, түүнээс 159 сая рубль буюу 2.8 сая ам.доллар нэхэмжилжээ. Ерөнхийдөө түүний нийт өр төлбөр 663.6 сая рубль буюу 11 сая ам.доллар аж.

Зураг