Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Амьд харилцааг үгүй хийчихээд “АРААРАА” тавиулсаар байх уу

Б.Төгөлдөр
2017 оны 11 сарын 9
MorninigNews.mn
Зураг зураг

Саяхандаа цахимд “Toг тасраад, гэрийнхэнтэйгээ жаахан хууч хөөрлөө. Дажгүй хүмүүс байна” гэсэн хошигнол гэхэд хөнгөдөхөөр, шүүмжлэл гэхэд ахадмаар үгстэй таарч билээ. Нээрээ л бид гэртээ, ажил дээрээ, хамт олонтойгоо байх бүхий л цаг хугацааны ихэнхийг гар утас болоод компьютерийн дэлгэцээ ширтэж, маажиж өнгөрөөсөөр дэргэдэхээ ч танихаа байжээ...

Саяхны жишээг харахад л фэйсбүүкийн нууц үг алдаж залилуулсан хүмүүсийн ихэнх нь эмэгтэй. Бүр хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг хоёр ч эмэгтэй яг энэ төрлийн “халдлага”-д өртсөн. Мэдээж хохирол бага харагдавч цаана нь тэдний нэр хүндээс эхлээд үр дагавар гарахаар байсан. Аз болоход асуудлыг хурдан таслан зогсоож чадсан.

Өнгөрсөн ням гарагт л гэхэд ажлын маань эмэгтэйн фэйсбүүк хаягнаас “Байна уу” хэмээн хувийн чат ирсэн. Бид нэг өрөөнд буюу ганцхан ханаар л тусгаарлагдан сууж байсан хоёр. “Байна" гэх хариуг өгмөгц “Мөнгөний яаралтай хэрэг гарлаа боломж байна уу" хэмээн хариу өгсөн. Ажлын бүсгүй ч төд удалгүй хананы цаанаас гарч ирэхээр нь “Одоогоор юу ч алга” гээд өөрийн амаар хэлэхэд сонсох байтугай бүр тоосон шинжгүй. Би бол мэдээж гайхасхийгээд өнгөрсөн.

Минутын ч хугацаа хүрээгүй байтал ажлын маань өөр нэг эрэгтэйг нөгөө өрөөндөө дуудлаа. Ингээд л бид хананы цаана байгаа эмэгтэйн хаяг ХАКЕРУУДЫН олз болсныг мэдсэн юм. Учир нь түүнийг өрөөндөө ороод компьютерийн дэлгэцээ асаатал нэлээд олон хүн рүү чат бичсэн байж. Мэдээж тэр өөрөө бичээгүй.

Нууц үгээ солиход тодорхой хугацаа орох шаардлага гарч, миний хувьд хакерын анхаарлыг сарниулахын тулд “хэдэн төгрөг хэрэгтэй, хэзээ буцааж өгөх, яаж өгөлцөж авалцах, дансны дугаар" гэхчлэн мэдээгүй ‘царайлан” бичилцсээр байсан. Хакер гуайн өгсөн данс ХААН банкных байсан учраас тус банк руу залгаад учраа хэлтэл цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөв. Мэдээж бид цагдаа руу хандаж, холбогдсон. Гэвч өргөдлөө бичээд өөрийн биеэр ир гэдэг юм билээ.

Цахим гэмт хэрэг үйлдэгдээд байгааг нь хохирогчид нь мэдээд мэдээлээд байхад яг тухайн цаг хугацаанд нь илрүүлэх боломжгүй гэдгийг тэр үед мэдэж авав. Энэ хугацаанд хакерын анхаарлыг сарниулах “даалгавар”-тай би гэдэг хүн бусдад анхааруулах үүднээс хохирогчийн фэйсбүүк хаягийг өөр хүн ашиглаж байгааг мэдэгдмэгц, блок гээгчийг хийгээд минийхээ “амыг” барьж орхисон.

Хохирогчийн хувьд нууц үгээ солиод фэйсбүүктээ дахин ороход хакер гуай бүр буцааж гаргачхаад өөрөө л тэр талбарыг “эзэгнэсэн” хэвээр байв. Эцэст нь мэргэжлийн инженерт хандаж байж дахин шинэ нууц үгээр дайран орж өөрийн фэйсбүүктээ нэвтэрч чадсан. Мэдээж тухайн тэр хугацаанд олон нийттэй хурдан харилцаж хакертай “нөхөрлөснөө” дуулгаж, бас ч үгүй цахимын найзууд нь түүнийг мөнгө гуйхгүй гэдэгт итгэж байсан тулдаа санхүүгийн хувьд хохироогүй.

Бүгдэд анхааруулга болсон. Үүний цаана яагаад нууц үгээ алдав гэдэг асуудал гарсан. Мэдээж цагдаагийн байгууллагын хэлж байгаа шиг л өөрийнх нь талаарх мэдээлэл байна хэмээн линк өгсөн гэнэ. Тэрхүү линк рүү орсны дараахан дээрх асуудал хөвөрсөн. Энэ бидэнд сургамж болсон. Хэрэгтэй, хэрэггүй линкээр дамжин орж болохгүй гэдэг...

Дахиад цаана нь... Бидэнд амьд харилцаа үгүй болж. Нэг өрөөнд ганц шилэн ханаар тусгаарлагдан суугаа хүмүүс фэйсбүүкийн чатаараа л харилцаад байхаас чангахан дуугараад өөр хоорондоо асуудлаа ярьсангүй. Ичиж, зовох, санаашрах зүйл байсан байж болох. Гэвч шивнээд ч болтугай хэлэх, хэлнэ гэсэн бодол зурсхийсэн ч үгүй. Үндсэндээ амьд харилцаа үгүй болж, фэйсбүүк чатын “буянаар” араараа тавиулах шахсан. Тиймдээ л бид хакеруудад олзлогдоод байгаа хэрэг.

Үнээс ч хор хөнөөлтэй хэргүүд гарсныг уншигчид санаж л байгаа болов уу. Фэйсбүүкээр хүн алах захиалга өгсөн, фэйсбүүкээр танилцсан залуу нь эмэгтэйгээ хүчирхийлсэн гэх мэт дуулианууд саяхан хүртэл гарсаар л байсан. Харин бид тэдгээрээс сургамж авахгүй... ХОХИРСООР л...

Зарим хакерыг эрэн сурвалжилж байна

Өчигдөр ЦЕГ-аас цахимаар дамжуулан иргэдээс мөнгө залилж буй гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн. Иргэд фэйсбүүк ашиглахдаа сонжоо, зурхай гэх мэт элдэв төрлийн линк холбоосоор дамжиж орох зэргээс үүдэж хувийн мэдээллээ алдах нь ихэсжээ. Ингэснээр тухайн иргэний нууц үгийг ашиглан, харилцагч танилуудаас нь мөнгө залилах үйлдэл сүүлийн үед гаарч байна. Тиймээс иргэд цахим хаягийнхаа нууцлалд анхаарал хандуулах шаардлагатай хэмээн Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх тасгийн дарга С.Ариунболор сэрэмжлүүлж байна.

Сүүлийн гурван сарын хугацаанд цахим байдлаар бусдыг луйвардсан гэмт хэрэг 90 гаруй бүртгэгдсэн бөгөөд 70 иргэнийг хохироосон гэмтнүүдийг олоогүй. Харин бусдын фэйсбүүкийг хакердан тэдний өмнөөс мөнгө зээлж, залилсан байж болзошгүй таван хүнийг баривчлаад байгаа аж. Тэднийг 20 гаруй хүний хаягаар нууцаар нэвтэрч таван сая төгрөг залилсан байж болзошгүй хэргээр байцааж эхэлжээ.

Цахим залилангийн хэрэгт сэжиглэгдэж буй залуус цахим орчныг сайн ашигладаг, технологийн мэдлэг сайтай, ул мөрөө тэр даруйд нь устгаж сурсан нь мөрдөн байцаалтын явцад илэрчээ. Мөн тэд компьютер, технологийн чиглэлээр их, дээд сургуульд сурч байгаад төгсөж ч чадаагүй нөхөд. Тэдгээр залуусаас гадна 70 иргэний фэйсбүүкийг хакердаж, ойр дотны хүмүүсээс нь мөнгө зээлж залилсан этгээдүүд олдоогүй, тэднийг эрэн сурвалжилж байгаа аж.

Түүнчлэн мэдээллийн үеэр цахимаар гүйлгээ хийхээс татгалзаж бэлнээр болон банкаар үйлчлүүлэх нь илүү найдвартай гэдгийг ч цагдаагийн байгууллагаас онцоллоо. Тэгэхээр тэд хэзээ ч хамаагүй таны нууц үгийг ашиглан хэн нэгнээс тань хэчнээн ч хэмжээний мөнгө авч мэднэ. Үүнийг анхаарах нь цагдаагийн байгууллагын үүрэг гэхээс илүү тухайн хүний сэрэмж юм. Монгол Улс 870 мянган фэйсбүүк хэрэглэгчтэй. Тэдгээрээс 600 мянга нь долоо хоногт хоёроос доошгүй удаа фэйсбүүктээ нэвтрэн ордог идэвхтэй хүмүүс гэх мэдээлэл бий.

Харин шинэ мэдээллийн технологид суурилсан маркетинг сурталчилгааны “Nathouse creative” компанийн хамт олон “Фэйсбүүк хэрэглээ Монголд 2017” судалгааг хийсэн байдаг. Түүнд Монгол Улсын фэйсбүүк идэвхтэй хэрэглэдэг 18-аас дээш насны нийт хүн амын 70 хувь нь 18-34 насныхан бөгөөд 53 хувь нь эмэгтэй, 47 хувь нь эрэгтэйчүүд байдаг гэжээ. Мөн ахимаг насны эмэгтэйчүүдийг үеийнх эрчүүдтэй харьцуулахад фэйсбүүк илүү идэвхтэй хэрэглэдэг гэх судалгаа гарчээ.

Эндээс харахад эмэгтэйчүүд фэйсбүүкийг илүү ашиглаж байгаа нь илэрхий. Түүнийхээ хэрээр “цахим гэмт хэрэг” гэх ерөнхий нэршлийн цаадах ноцтой хэргүүдийн хохирогч болох тохиолдол ч бишгүй л гарсан.

Зураг