Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын айлчлалд зориулж Бээжингийн Хориотой хотыг хамгаалалтад авч, хаажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр үдээс хойш Бээжинд буусан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг Хятадын тал дээд зэргийн ёслол хүндэтгэлтэйгээр хүлээн авч байна.

Энэ айлчлалыг Бээжин “+ төрийн айлчлал” (state visit - plus) гэсэн ангилалд оруулж байгаа нь 1949 онд байгуулагдсанаасаа хойш ямар ч гадаадын зочинд үзүүлээгүй хүндлэл гэнэ.

Нисэх буудлаас Трамп эхнэрийн хамт шууд Бээжин хотын төвд байрладаг Хориотой хотод зочилсон байна. Үе үеийн хаадын ордон байсан Хориотой хотод жинхнээсээ хөл хорьж, битүү хамгаалалтад авчээ.

Дэлхийн соёлын өвд багтдаг энэ байгууламжийг үзэхээсээ өмнө хоёр улсын тэргүүнүүд эхнэрүүдийн хамт цайлахаар төлөвлөсөн байна.

Оройн зоогноос өмнө тэд Хориотой хот дотор Бээжин дуурийн тоглолт үзэх гэнэ.

Маргааш буюу Пүрэв гарагт Трамп Бээжингийн Тяньаньмэний талбайн дэргэдэх хурлын их танхимд олон арга хэмжээнд оролцсоныхоо дараа Ши Жиньпиний зочиндоо зориулсан хүндэтгэлийн зоогт уригдах юм.

Баасан гарагийн өглөө АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Бээжингийн амьтны хүрээлэнд зочилж, Цагаан хэрмийг үзэхээр төлөвлөжээ. Харин үдээс хойш нь АНУ-ын хүндэт зочид Вьетнамыг зорин нисэх юм.

Айлчлалын ерөнхий хөтөлбөрөөс харвал Дональд Трамп болон Ши Жиньпиний хамтдаа оролцох арга хэмжээнүүдийг түлхүү төлөвлөж, хоёр удирдагчийн хооронд хувь хүмүүсийн нөхөрсөг харилцаа бий болгохыг зорьж байгааг шинжээчид дүгнэсэн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ши Жиньпинийг АНУ-д айлчлахад Трамп албаны гэхээсээ илүү хувийн нөхөрсөг харилцааг эрхэмлэж байсан нь Бээжинг мөн ийм байдлаар хандахад нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. Тухайн үед Трампын гэр бүлийн гурван үеийн төлөөлөл Ши Жиньпинтэй уулзаж, уулзалт бүхэлдээ дотно уур амьсгалтай болж байв.

 

Эх сурвалж: South China Morning Post