Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын дуураймал сансрын хөлөгт зургаан хүн 17 хоног цоожлогдлоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Саранд хүн илгээх аялалын бэлтгэл ажил болгож гурван эрэгтэй, гурван эмэгтэй хүнийг дуураймал сансрын хөлөгт цоожлох ажиллагаа өчигдөр буюу Мягмар гарагт Москва хотод болжээ.

Сансрын орчин нөхцлийг хиймлээр бүрдүүлсэн хөлөгт тэд 17 хоногийг өнгөрөөх юм. Оросууд сансарт хүн илгээж, өөр гараг эрхэст суурьшуулах SIRIUS (Scientific International Research In a Unique terrestrial Station) хөтөлбөрийн хүрээнд ийм туршилтыг таван жилийн хугацаанд үе шаттай хэрэгжүүлж, хамгийн сүүлийн шатанд 365 хоног тусгаарлах туршилт хийх ажээ.

NASA бас энэ төсөлд хамтран ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд хөлгийг зохион бүтээх ажил зэрэгцэж явна. Төслийн ахлагч Олег Орлов “2020 оны дундуур бид жинхэнэ аялалаа хийх боломжтой болно” гэж хэвлэлд ярьсан байна.

Тусгаарлагдмал орчинд хүн хэрхэн ажиллаж, амьдрах боломжтойг судлахаас гадна эрэгтэй, эмэгтэй аялагчдын хүйсний харьцаа ямар байх нь зохимжтой болохыг судлана гэж тэр бас хэлжээ.

Төслийн сэтгэл судлаач Вадим Гушин “Зөвлөлт болон Оросын түүхэнд анх удаа сансрын багт нэгээс илүү эмэгтэй хүн багтаж байгаа нь энэ тохиолдол” гэж ярьсан юм.

Зургаан хүний зөвхөн нэг нь Герман хүн бол бусад нь Оросууд ажээ. Тэд 250 шоо метр орон зайтай модуль дотор амьдрана. Энэ үеэр сэтгэлзүйн туршилтууд ч хийгдэх юм байна.

Цоожлогдохоосоо өмнө багийн ахлагч Марк Серов “Бид бүх даалгаврыг амжилттай гүйцэтгэж чадна гэдэгт би итгэлтэй байна” гэж ярьжээ.

Газар дээрх хиймэл орчинд хүмүүсийг тусгаарлаж турших ажлыг Оросууд олон удаа гүйцэтгэж байжээ. 1967 онд 24 шоо метр багтаамжтай метал хайрцагт гурван эрэгтэйг анх туршиж байсан гэнэ.

Хамгийн сүүлд тэд Ангарагийн аялалыг хиймлээр бүрдүүлэх туршилтыг 520 хоног гүйцэтгэж, зургаан эрэгтэй гишүүнтэй багийг тусгаарласан бөгөөд 2011 оны арваннэгдүгээр сард туршилтын орчноос нь гаргаж ирсэн юм байна.

 

Эх сурвалж: The Guardian