Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Татар хэлийг сургуулиудад заахыг шаардсан жагсаал Казань хотод болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Татарстаны БНУ-ын нийслэл Казань хотод өнгөрсөн Даваа гарагт эсэргүүцлийн жагсаал цуглаан болсон байна.

Тэд төрөлх Татар хэлээ дунд сургуулиудад заадаг болгохыг шаарджээ. Татарын нэр алдартай сэхээтнүүдээс бүрдсэн 150 орчим хүн Татарстаны үндсэн хуулийг баталсны 25 жилийн ойг тэмдэглэх өдөр ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн аж.

Тэд Татарстаны үндсэн хуульд заасан байдагчлан Татар хэлийг Орос хэлний нэгэн адил Бүгд Найрамдах Улсын албан ёсны хэлд тооцохыг Москва болон орон нутгийн захиргаанаас шаарджээ.

Татарстаны бүх дунд сургуулиудад татар хэлний хичээлийг заадаг болох ёстой гэж тэд үзсэн байна. Бас Казань-Москвагийн хоорондын гэрээг шинэчилж, зарим эрх мэдлийг орон нутгийн захиргаанд шилжүүлэх хүсэлтэйгээ тэд илэрхийлсэн гэнэ.

Жагсагчдын барьсан урианд “Татарстаны бүх төрийн албан хаагчид Татар хэл мэддэг байх ёстой”, “Татарстаны үндсэн хуульд заасны дагуу Татарстаны БНУ, ОХУ хоёр эрх тэгш талууд байх ёстой” гэж бичсэн байжээ.

Цуглааныг цагдаа нар тарааж, зохион байгуулагчдын нэг Айрат Шакировыг баривчилсан байна. Москва-Казаний хооронд эрх мэдлийн хил хязгаарыг тогтоосон гэрээ 2007 онд батлагдаж, өнгөрсөн наймдугаар сард хугацаа нь дууссан юм.

Гэвч Москвагийн тал гэрээг сунгахаас зайлсхийж, Казанийн улс төрчид сунгахыг шаардсаар байгаа ажээ. Өнгөрсөн долдугаар сард ерөнхийлөгч Владимир Путин өөрийн холбоонд багтдаг Мари Элийн БНУ-д ажиллахдаа “хэн нэгнийг эх хэлээс нь өөр хэлийг хүчээр сурахыг шаардах, Орос хэл сурах цагаас хасахыг хэрхэвч зөвшөөрөхгүй” гэж хэлсэн юм.

Орос бус үндэстнүүд голлодог бүс нутгуудад амьдардаг Оросууд өөрийн хүүхдүүддээ үндэсний цөөнхийн хэлийг заавал сургахыг эсэргүүцэх үзэгдэл гарсны дараа Путин ингэж хэлж, хуулийн байгууллагуудад арга хэмжээ авах чиглэл өгсөн байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty