Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын хилд зочлох Трампын хүсэлд цаг уурын байдал саад боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хоёр Солонгосыг тусгаарлаж байдаг, манай дэлхийн хамгийн аюултай хил гэгддэг Зэвсэггүй бүсэд (DMZ-Demilitarized Zone) АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг зочлохгүй гэж хоёр улсын албаныхан айлчлалын өмнө мэдэгдэж байсан.

Гэвч Трамп гэнэтийн шийдвэр гаргаж, өнөөдөр өглөө эрт DMZ бүс рүү явсан байна. Харин хил орчимд манантай байсан тул түүний нисдэг тэрэг газардаж чадалгүй Сөүл рүү буцжээ.

Гэнэтийн аялал нь бүтэлгүй болсонд Дональд Трамп ихэд бухимдсан тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Хакаби Сандерс мэдээлсэн байна.

64 жилийн турш хоёр Солонгосыг тусгаарлаж байгаа энэ бүсэд үе үеийн АНУ-ын ерөнхийлөгч нар зочилж, Хойд Солонгосын талд дарамт үзүүлдэг уламжлалтай.

Рональд Рейганаас эхлээд Жорж Буш хүртэл бүх ерөнхийлөгч нар энд ирж, Хойд Солонгосын зүгт дурангаар харж, Өмнөд Солонгосын талд байгаагаа батлан харуулах үзэл суртлын ажиллагаа явуулдаг байв.

Нэг хэсэг Хойд Солонгосын эсрэг үг хэлээр ширүүн дайрч байсан Трамп өчигдөр Сөүлд ирснийхээ дараа энэ хандлагаа зөөллөж, Хойд Солонгостой хэл амаа ололцох ажилд нь ахиц гарч байгаа гэж мэдэгдсэн юм.

Трамп “Хойд Солонгосын тал хэлэлцээрийн ширээний ард суувал тус улсын ард түмэнд төдийгүй, дэлхий нийтэд эерэг ач холбогдолтой юм” гэж хэлсэн нь сүүлийн хэдэн сард түүний амнаас гараагүй найрсаг үг байв.

Дональд Трамп өнөөдөр Сөүлээс Бээжин хотыг зорих юм.

 

Эх сурвалж: Japan Today