Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр бүлийн хэрүүлээс болж олон улсын нислэг чиглэлээ өөрчилсөн явдал болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Катар Эйрвэйз компанийн нисэх онгоцыг чиглэлээс нь хазайлгаж, төлөвлөөгүй газарт буулгасан явдал болсон байна.

Катарын нийслэл Доха хотоос Индонезийн Бали арал руу нисэж явсан онгоцонд Иран улсын иргэн эмэгтэй нөхрөө араар нь тавьдгийг мэдэж, томоохон хэрүүл зодоон болсон тул ийнхүү гэнэтийн буулт хийхэд хүрчээ.

Нислэгийн үеэр нөхрийгөө унтаж байхад нь эмэгтэй түүний хурууны хээгээр гар утсыг нь нээж чадсан байна. Утаснаас нь нөхрийгөө өөр хүүхэнтэй явалддагийг мэдсэнээр асуудал үүсчээ.

Уурласан эмэгтэй нөхрөө зодож эхэлсэн бөгөөд онгоцны багийнхан салгаж дийлээгүй тул нисгэгч нь Энэтхэгийн Ченнай хотод онгоцоо буулгасан байна. Тэнд асуудалтай гэр бүлийнхнийг буулгаад цааш аялалаа үргэлжлүүлжээ.

Гэр бүлийн эхнэр, нөхөр, хүүхдүүд Ченнай хотод нэг өдрийг өнгөрөөгөөд дараа нь өөр нислэгээр Малайз руу ниссэн тухай нислэгийн албаныхан дараа нь мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: AFP