Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Санчир гарагийн мөсөн дагуул Энцелад дээр амьдрал байх магадлал нэмэгджээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Манай дэлхийгээс 1.4 тэрбум километр зайнд оршдог Санчир гарагийн дагуул Энцелад (Enceladus) дээр амьдрал байх магадлал нэмэгдэж байгааг эрдэмтэд харуулжээ.

Энцелад нь манай дэлхийн дагуул сарны нэг хувьд хүрэхгүй жижигхэн боловч дэлхийн усны нөөцийн 10 хувьтай тэнцэх усыг агуулж байдаг юм.

Үүнээс гадна тус дагуулын өмнөд туйлын хэсэгт олгойдож байгаа усны химийн найрлагыг судалснаар мөсөн гадарга дор байгаа далай нь микробуудын хувьд амьдрах диваажин байх магадлалтай болсон байна.

Харин саяхан Nature Astronomy сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны дүнд өгүүлснээр энэ далай нь манай дэлхийн далай тэнгистэй адил хэдэн тэрбум жилийн настай гэжээ.

Ийм удаан оршин тогтносон бөгөөд найрлагын хувьд амьдрал үүсэхэд таатай нөхцөлтэй байгаа нь Энцеладыг амьдрал агуулж байх магадлалтайг харуулж байгаа гэнэ.

Энцеладын хадархаг цөмд байгаа радио идэвхит бодисууд далайг ёроолоос нь халааж байдаг тул мөсөн гадаргын дор шингэн ус байгаа гэж олон жилийн өмнөөс үздэг байв.

Сүүлд 2004 онд NASA-гийн илгээсэн Кассини хөлөг Энцелад дагуулд хүрснээр мөсөн дор том далай байгааг баталсан юм.

Энэ цагаас хойш Кассини арав гаруй жил ажиллаж их хэмжээний мэдээлэл дэлхий рүү явуулсан байдаг. Харин хамгийн сүүлд үлдсэн тодорхойгүй асуудал нь уг далайн нас байлаа.

Манай дэлхийн хувьд амьдрал бий болоход тэрбум орчим жил зарцуулсан бол дахин тэрбум орчим жилийн дараа тэдгээр нь хөгжиж, амьтан, ургамал болж салсан байдаг.

Дэлхийн нас 4.54 тэрбум жил бол далайн гүнээс олдсон хамгийн эртний амьдралын ул мөр 3.77 тэрбум жилийн настай байжээ.

Далай тэнгис залуу байх тусмаа амьдрал агуулж байх магадлал мууддаг тул долоон судлаачдаас бүрдсэн баг Энцеладын далайн насыг тогтоохоор ажиллаж эхэлсэн юм байна.

Ингээд тэдний дүгнэлт сая гарсан нь энэ юм.

Дараагийн ээлжинд Энцелад руу илгээх судалгааны хөлөг далайн ёроол дахь дагуулын цөмөөс дулаан ялгаруулж байдаг сувгуудыг судалж, далайн уснаас амьд организмийг хайх гэнэ.

Энцеладын дотоод бүтэц:

 

 

Эх сурвалж: Business Insider