Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Жолооч нарын суудлын бүсний хэрэглээ 76, бага насны хүүхдийнх 17.1 хувьтай байна

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, “Блумберг Филантропи” хамтран хэрэгжүүлж буй “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийн оролцогч талуудын уулзалт өнөөдөр боллоо.

Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь зам тээврийн осол гэмтэл юм. Эрүүл мэндийн статистик мэдээгээр осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл, нас баралт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа аж.

1990 онд зам тээврийн осол нас баралтын тэргүүлэх шалтгааны тавдугаарт орж байсан бол 2000 оноос хойш тогтмол гуравдугаарт ордог болжээ.

10 жилийн байдлаар зам тээврийн осол 6.6 дахин өссөн бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 94.4 хувь нь нийслэлд, 5.6 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Дээрх өсөлтийг энгийн арифметик тооцооллын аргаар бодож үзэхэд 2020 он хүртэл зам тээврийн ослын дуудлага 3 дахин өсөх магадлалтай гэж судлаачид тогтоосон байна.

Тиймээс уулзалтын хүрээнд зам тээврийн аюулгүй байдлыг сайжруулах төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн, шийдвэрлэж буй юм.

Орон нутагт гардаг осолд хүүхдийг буруу тээвэрлэснээс үүдэж амь эрстэх тохиолдол дийлэнхийг эзэлдэг

 
Гэрэл зургийг mpa.mn

БЗД-ийн Замын Цагдаагийн Хэлтсийн Урьдчилан Сэргийлэх Ажил Хариуцсан Зохицуулагч, Ахлах дэслэгч Д.Анхбаяр "Замын Цагдаагийн Газраас энэ төсөлд Замын хөдөлгөөний зөрчилтэй холбоотой хууль хэрэгжүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомжид хяналт тавих чиглэлээр оролцож байна. 

Мөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр анхааруулах сэрэмжлүүлэх ажил дээр хамтарч байна.

БЗД бусад дүүрэгтэй харьцуулбал хүн ам, машины тоогоороо илүү. Иймд хотоос гарах, орох чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын сандал хэрэглэж хэвших талаар анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэх тал дээр ажиллаж байна.

Орон нутагт гардаг осолд хүүхдийг буруу тээвэрлэснээс үүдэж амь эрсдэх тохиолдол дийлэнхийг эзэлдэг. Тиймээс хүүхдийн зориулалтын суудалд өндөр ач холбогдол өгөх ёстой" гэлээ.

2010 онд Монголын мянганы сорилтын сангаас гаргасан судалгаанд жолооч нарын 65.9 хувь нь урд, хойноо суудлын даруулгатай, жолооч нарын суудлын бүсний хэрэглээ 76, бага насны хүүхэд тээвэрлэхэд зориулсан хэрэгсэл, даруулгын хэрэглээ 17.1 хувьтай байсан байна.

зорчигчдын хамгаалалтын бүсний хэрэглээ хангалтгүй байна

 

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын Нийгмийн Эрүүл Мэндийн Албаны Дарга С.Дулмаа "Хамгаалах бүс болон малгай хэрэглээнд бид голлон анхаарлаа хандуулж ажиллаж байна.

Хамгаалалтын бүсний хэрэглээ харьцангуй өндөр хувьтай байна гэж үзэж байгаа. Гэтэл жолоочтой хамт яваа зорчигчдын хамгаалалтын бүсний хэрэглээ хангалтгүй байна.

Энэ нь цаашлаад осолд орох, хүндээр гэмтэх шалтгаан болно. Энэ байдлыг бууруулахын тулд өнөөдрийн төслөө хэрэгжүүлж байна. Төслийг 15-18 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн" гэлээ.

ФОТО:

Гэрэл зургийг Mpa.mn