Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос жолоочгүй машин турших дуураймал хотоо нээлээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Одоогоор АНУ-ын компаниуд ноёлж байгаа жолоочгүй автомашин бүтээх төсөлд Өмнөд Солонгосын эрх баригчид томоохон хөрөнгө оруулалт хийлээ.

Тус улсын Газар, Дэд бүтэц, Тээврийн яам өчигдөр 320,000 м.кв талбай эзэлсэн K-City нэртэй дуураймал хотыг нээж байгаагаа зарлажээ. Одоогоор зөвхөн машин зам нь нээгдэж байгаа бөгөөд цаашдаа жинхэнэ хот дотрох орчинг бүрдүүлэхэд 11 тэрбум вон зарцуулахаар төлөвлөсөн байна. Зөвхөн жолоочгүй автомашин туршихад зориулсан энэ хотод замын 35 ялгаатай нөхцөл байдлыг зохиомлоор бүрдүүлэх гэнэ. Үүнд төлбөртэй гарцууд, явган хүний гарц, төмөр замын огтлолцол, барилгын ажил явагдаж байгаа зам, тэр ч байтугай энхэл донхол, зам дээр гарсан нүх ч байх ажээ.

Өнгөрсөн тавдугаар сард K-City төслийг зарлахдаа Өмнөд Солонгосчууд 88 акр талбайтай дэлхийн хамгийн том туршилтын хот гэж байв. Гэвч үүний дараа Гүүгл компани Калифорнид үүнээс том буюу 91 акр талбайтай дуураймал хот байгуулснаар хоёрт орох хэмжээтэй болсон юм. Өмнөд Солонгос 2020 онд Level 3 түвшний жолоочгүй машиныг хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байна.

Энэ түвшний машины жолооны ард хүн суудаг ба онцгой тохиолдолд жолоодлогод оролцох үүрэгтэй байдаг.

Өнөөдрийн байдлаар ийм түвшний автомат жолоодлоготой машиныг дэлхийн олон компаниуд туршиж байгаа юм.

Өнгөрсөн нэгдүгээр сард тус улсын гол автомашин үйлдвэрлэгч Хьюндэй компани масс зах зээлд зориулсан анхны автомат жолоодлоготой машин Ioniq-ийг Лас Вегасын технологийн шоуны үеэр танилцуулсан. Тавдугаар сард Самсунг компани ийм машиныг нийтийн зам дээр турших эрхийг засгийн газраасаа хүссэн байна.

Үүнээс хоёр сарын дараа түүний өрсөлдөгч LG Electronics мөн нийтийн зам дээр автомат жолоодлоготой машин турших эрхээ авчээ.

K-City хотыг нээсэн явдал нь энэ салбарт тэргүүлэх эрмэлзлэлтэй Өмнөд Солонгосчуудын хувьд томоохон алхам болж байна.

 

Эх сурвалж: Quartz