Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүкийг хөл дээр нь босгосон хүн Оросын тэрбумтан болох нь илэрлээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт олон нийтэд дэлгэгдсэн “Paradise Papers” офшор бичиг баримтуудаас илэрсэн нэг зүйл нь дэлхийн хамгийн том сошиал сүлжээ Фэйсбүүкийг дөнгөж эхэлж байхад нь Оросын тэрбумтан Юрий Милнер сая саяар нь мөнгө цутгаж байсан тухай юм.

55 настай Юрий Милнерийг Кремлийн хүн гэдэг.

Одоогоос найман жилийн өмнө Фэйсбүүкийн Марк Зукерберг компанийг нь өсөж өндийхөд Милнерийн хөрөнгө оруулалт ямар чухал байсныг ярьж байв.

2009 онд Милнерийн Digital Sky Technologies компани Фэйсбүүкийн хувийг $200 саяар худалдаж авсны дараа Марк “The Guardian” сонинд ярихдаа хөрөнгө оруулагчдаа “Тэд бол үнэхээр өвөрмөц, уламжлалт сэтгэлгээтэй хөрөнгө оруулагчдаас өөр хүмүүс” хэмээн магтаж байжээ.

Бас Милнерийн компанийг Оросын Вконтакте сүлжээ, өөр Европын 13 оронд сошиал сүлжээний чиглэлд хөрөнгө оруулсныг нь бахархан дурдаж байсан юм.

Тухайн үед Милнер Фэйсбүүкт хөрөнгө оруулсандаа сэтгэл хангалуун байгаа, Фэйсбүүкийг маш их ирээдүйтэй, их үнэд хүрэх компани гэж хэвлэлд ярьж байв.

Тэр Орос болон бусад улсад ижил төстэй бизнест хөрөнгө оруулж байсан туршлага дээрээ үндэслэн Фэйсбүүкийг удахгүй ашигтай ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа мөн ярьсан юм.

Үүнээс сарын дараа Милнерийн компани Фэйсбүүкийн ажилчдаас дахин $100 саяын хувьцаа худалдан авч, 2011 онд дахин $50 саяын хөрөнгө оруулжээ.

Дараа нь Милнер Digital Sky Technologies Global хэмээх нэртэй хөрөнгө оруулалтын компани байгуулж, тус компани нь сүүлдээ Фэйсбүүкийн 8 хувь, Твиттерийн 5 хувийг эзэмших болсон байна.

Зукерберг, Милнер нар найзууд болж, сар тутамд уулздаг байсныг “The New York Times” мэдээлж байв. Үүнээс хэдэн жилийн дараа Милнер Фэйсбүүк дэх эзэмшлээ заржээ. Тэр цагаас хойш Фэйсбүүкийн өсөлт хурдтай нэмэгдэж, сүүлийн улиралд анх удаагаа орлого нь $10 тэрбумыг даваад байна.

“Paradise Papers” бичиг баримтууд Фэйсбүүк сүлжээ нь Кремльтэй холбоотой мөнгөний тусламжтайгаар хөл дээрээ боссоныг харуулж байгаа юм. Милнер гэхдээ үүнийг ямар ч улс төрийн агуулгагүй, зөвхөн эдийн засгийн тооцоотой хөрөнгө оруулалт байсныг хэлсэн байна.

Милнерийн компанийн хөрөнгө Кремлийн оролцоотой ГазПром компанийн эх сурвалжтай болохыг Америкийн хэвлэлүүд мэдээлжээ. ГазПром бол Европын ихэнх хэсгийг байгалийн хийгээр хангадаг аварга том компани юм. Түүний гол хүн болох Алишер Усмановыг ОХУ-ын удирдагч нартай ойрын холбоотой олигарх гэдгээр нь хүмүүс мэднэ.

2011 онд Wired сэтгүүл Милнерийг сошиал медиа салбарын хамгийн амжилттай хөрөнгө оруулагчаар өргөмжилж байв. Тэр Оросын сошиал сүлжээ, Фэйсбүүкээс гадна Airbnb, Groupon, Spotify, Zynga болон Хятадын Алибабад хөрөнгө оруулсан байдаг ажээ.

Тэр сүүлийн жилүүдэд харь гарагаас амьдрал хайх сансрын төсөлд олон зуун саяыг зарцуулж эхлээд байна.

 

Эх сурвалж: Quartz