Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Мугабэ эхнэртээ Зимбабвегийн дараагийн ерөнхийлөгч болох замыг нээж өглөө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Зимбабве улсын 93 настай ерөнхийлөгч Роберт Мугабэ өчигдөр буюу Даваа гарагт дэд ерөнхийлөгч Эммерсон Мнангагваг ажлаас нь чөлөөлснөөр эхнэртээ дараагийн ерөнхийлөгч болох замыг нээж өгчээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Мугабэг залгамжлах өрсөлдөөний гол хоёр тоглогч болох Мнангагва, Грэйс Мугабэ хоёрын хэрүүл маргаан оргилдоо хүрсэн юм.

Тэд олны өмнө бие биенээ хүчтэй шүүмжилж, дэмжигчид нь талцан хуваагдаад байв. Мугабэгийн эхнэр Гучи хочит (тансаг хэрэглээтэй тул ингэж хочилдог) Грэйсийг Бямба гарагт олны өмнө үг хэлэхэд нь Мнангагвагийн дэмжигчид индрээс буухыг шаардан эсэргүүцэж байжээ. Грэйс тэднийг мөнгө авч ийм үйлдэл хийж байна гэж хэлсэн бөгөөд Мнангагваг эрх баригч ZANU-PF намыг дотроос нь хуваан хагаралдуулж байна гэж шүүмжилсэн юм.

Тэр “Та нар миний эсрэг орилох гэж мөнгө авсан бол үүргээ гүйцэтгэ… Надад энэ хамаагүй. Би хангалттай хүч нөлөөтэй” гэж хэлж байжээ.

Энэ явдлын дараа ахмад ерөнхийлөгч Мугабэ цугларсан олонд хандан “Та нар Мнангагвагийн өмнөөс биднийг доромжилж байна. Түүнийг дэд ерөнхийлөгч болгосон нь миний алдаа байсан гэж үү?” хэмээн хэлсэн юм.

Ням гарагт Грэйс Мугабэ нөхрөө залгамжлан ерөнхийлөгч болоход бэлэн гэдгээ дахин зарлажээ.

Гэхдээ 100 дөхөж яваа өндөр настай Мугабэ ирэх жилийн сонгуульд дахин өрсөлдөхөөр эрх баригч намаас нэр дэвшээд байгаа. Харин өдрөөс өдөрт бие нь доройтож байгаа Роберт Мугабэг залгамжлах тэмцэл наана нь эхлээд байгаа юм.

Дэд ерөнхийлөгчийн суудалд хэнийг томилох нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ Мугабэгийн үнэнч дэмжигчид эхнэр Грэйсийг нь дэд ерөнхийлөгчийн суудалд суулгах санаагаа өчигдрөөс ил гаргаж эхэлсэн ажээ.

2014 онд дэд ерөнхийлөгчийн суудалд суусан Мнангагваг улс төрөөс зайлуулсны дараа Зимбабвег 37 жил удирдаж байгаа Роберт Мугабэг түүнээс 41 насаар дүү эхнэр “Гучи” Грэйс Мугабэ залгамжлах нь бараг тодорхой боллоо.

 

Эх сурвалж: AFP