Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Япончууд удахгүй Хойд Солонгосын пуужинг устгадаг болно гэж Трамп мэдэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Японд хийж байгаа албан ёсны айлчлалын төгсгөлд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Японы ерөнхий сайд Шинзо Абэ нар өчигдөр үдээс хойш хамтарсан хэвлэлийн хурал хийсэн юм.

Абэтай зэрэгцэн зогссон Трамп энэ үеэр Хойд Солонгосын цөмийн зэвсгийн аюулын эсрэг Японтой хамтран тэмцэхээ илэрхийлсэн байна.

Тэр энэ үеэр стратегийн тэсвэр тэвчээр нэгэнт барагдсан тул Ким Жон Уны дэглэмийн эсрэг хатуу аргаар тэмцэнэ гэж хэлээд Хойд Солонгосын удирдагчийг “Пуужинтай хүн” гэж хэд хэдэн удаа хочлон нэрлэжээ.

Харин самурайнуудын эх орон яагаад нутаг дээгүүрээ гарсан Хойд Солонгосын пуужинг устгаагүй өнгөрөөсөн тухай Трамп Абэгаас асууж байсан гэх мэдээллийг сэтгүүлчид Японы ерөнхий сайдаас лавлахад Трамп өмнөөс нь хариулсан байна.

Тэр “АНУ-аас зэр зэвсэг худалдаж авсныхаа дараа тэд пуужинг устгах чадвартай болно. Бид хамгийн шилдэг зэвсэгтэй. Ерөнхий сайд удахгүй асар их хэмжээний зэвсэг биднээс худалдаж авах гэж байгаа” гэжээ.

Хэдийгээр Трамп аюулгүй байдлын асуудал дээр Японтой нэгдмэл байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан ч хоёр орны худалдааны тэгш бус байдлыг шүүмжилж байсан юм.

Сэтгүүлчид түүнээс Хятадтай хийдэг гадаад худалдаанд мөн ижил хатуу бодлого барих эсэхийг асуухад хариулахаас бултаж байлаа. Трамп өнөөдөр Өмнөд Солонгост айлчилж, маргааш Хятадыг зорих юм.

 

Эх сурвалж: The Washington Post