Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Paradise Papers” офшор дансны бичиг баримтуудыг дэлгэлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

“Panama Papers” бичиг баримтуудыг 2016 онд дэлгэж байсан Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консерциум (ICIJ) өчигдөр буюу Ням гарагт Британий захиргаанд байдаг Каймэн арлууд, Бермуд, Бритиш Виржин, Айзл оф Мэн, Жерси зэрэг офшор бүсэд хадгалагдаж байгаа нууц хөрөнгийн тухай “Paradise Papers” гэгдэх шинэ баримтуудыг дэлгэлээ.

Нийт 13.4 сая бичиг баримт бүхий 1.4 TB хэмжээтэй материалд дэлхийн улс орнуудын эрх баригчид, урлаг спортынхон, томоохон компаниудын нууц хөрөнгийн тухай мэдээлэл байгаа ажээ.

Хэмжээгээрээ өмнө илэрч байсан “Panama Papers”-ын (2.6TB) дараа орох хоёр дахь том алдагдсан мэдээллийн сан болж байна.

Одоогоор дараах мэдээллүүд илрээд байгаа юм.

  • Каймэн арлын санд оруулсан Британий хатан хааны 10 сая паундын хөрөнгө
  • Дональд Трампын кабинетийн гишүүн, АНУ-ын худалдааны нарийн бичгийн дарга Уилбур Россын компанид ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хүргэний эзэмшдэг компаниас төлсөн төлбөр
  • Фэйсбүүк, Твиттер компаниудад оруулсан хэдэн зуун саяын хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь Оросын төрийн мэдлийн банкнууд байсан тухай
  • Канадын ерөнхий сайд Жастин Трюдогийн гол санхүүжүүлэгчийн татвараас зугтуулсан хөрөнгө
  • Оросын тэрбумтнуудын Британий Арсенал, Эвертон клубуудын хувийг худалдаж авахдаа ашигласан хөрөнгө
  • Nike, Apple зэрэг компаниудын татвараас зугтуулсан хөрөнгө зэрэг байна.

Энэхүү төсөлд 380 гаруй сэтгүүлч жил орчим хугацаанд ажиллаж, сүүлийн 70 жилийн хугацаанд хуримтлагдсан санхүүгийн баримтуудыг нэгтгэжээ.

“Panama Papers”-ийн гол цөм нь Мосак Фонсека хуулийн фирмээс алдагдсан материалуууд байсан бол энэ удаагийн материалуудын ихэнх нь Appleby хуулийн фирмийнх байсан байна. Тус фирм Британий захиргаанд байдаг татваргүй бүсүүдэд хөрөнгө байршуулахад нь хувь хүмүүс болон байгууллагуудад үйлчилдэг ажээ.

Appleby фирм өөрөө болон өөрийнх нь харилцагчид ямар нэг хууль бус ажиллагаа явуулаагүй болохыг хариу мэдэгдсэн байна.

"Paradise Papers" бичиг баримтын мэдээлэлтэй энэ холбоосоор танилцаж болно.

 

Эх сурвалж: The Guardian