Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Банзрагч: ОУВС-аас хамаарахгүй байгаль орчны засаглал үлэмж сайжрах боломж байна

ikon.mn
2017 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны /БОАЖЯ/ 30 жилийн ой энэ жил тохиож буй. Үүнтэй холбогдуулан Байгаль орчны гавъяат ажилтан Ц.Банзрагчтай ярилцлаа.

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны анх үүсгэн байгуулагдаж байсан түүхээс сонирхуулаач?

-Манай яам харьцангуй залуу яам гэж ярьдаг ч хоёр төрийн нүүр үзсэн. Яагаад гэвэл манай яамыг байгуулах анхны шийдвэр гарч байх үед Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэдэг байсан. Тэр үед Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1987 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн зарлигаар байгуулагдаж байсан. Ид ардчилал яригдаж байсан ч Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдаагүй байсан. Тэр үеэс Монголчууд байгаль орчны бодлогыг, эдийн засгийнхаа бодлогын өмнө тавихгүй болохгүй нь гэдгийг ойлгосон үе.

Энэ яамыг бүрдүүлэхдээ Ой модны аж үйлдвэрийн яам, Ус цаг уурын удирдах газрыг нэгтгэж, анх Байгаль орчныг хамгаалах яам гэдэг нэртэйгээр эхэлсэн. Тэр үед Хөдөө аж ахуйн яаманд байсан Газар ашиглалтын алба, Ус ашиглалтын алба, мөн Барилгын яаманд байсан Уул техникийн хяналтын алба гэсэн нэгжүүдийн нэгтгэснээр Монгол Улсад анх удаа байгаль орчны нэгдсэн тогтолцоо бий болсон юм. Байгаль орчны аялал жуулчлалын яамны 30 жил гэж байгаа боловч Монгол Улс түүхэндээ анх удаа байгаль орчны нэгдсэн тогтолцоо үүссэний 30 жилийн ой гэж хэлмээр байна.

Анхны сайдаар тухайн үеийн Уул уурхайн сайд байсан Маувлет ирж, хоёр орлогч сайдтай байсан. Нэг орлогч нь тухайн үеийн Ус цаг уурын удирдах газрын дарга байсан Мягмаржав, нөгөө нь Ой модны аж үйлдвэрийн яамны сайд байсан Чагдаржавын Болд гэдэг хүн томилогдож, дөрвөн газар, дөрвөн хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан.

Ой модны аж үйлдвэрийн яам гэж байхад ойн аж ахуй, агнуурын салбар бодлогын түвшинд байсан. Тухайлбал, Үслэг ангийн аж ахуй, Батсүмбэрийн Минжний аж ахуй зэргээр хөнгөн үйлдвэрийн хэрэгцээг хангах, иргэдийн  хэрэгцээг хангах бодлого эрчимтэй явагдаж, ан амьтанд суурилсан аялал жуулчлал хөгжсөн социалист Монголын эдийн засгийн гол хөшүүрэг болж байсан. Энэ салбарыг Байгаль орчныг хамгаалах яамны дөрвөн газрын нэг Ойн агнуурын аж ахуйг удирдах газар болгосон.

-Байгаль орчны салбарын нэгдсэн бодлогыг баримталсан яамтай болсон 30 жилийн ололт, амжилтыг дүгнэвэл?

-Өнгөрсөн 30 жилийг дүгнэхэд ололттой юм ч байна. Хөгжлийнхөө явцад сайжруулах юм ч бий. Амжилтуудыг нь эхлээд хэлье. Монголын эдийн засаг хүнд үеийн туулсан. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас Зах зээлийн эдийн засагт шилжсэн. Эдийн засгийн шилжилтээс өмнөх үед ч, одоо үед ч Монгол Улсын эдийн засгийн гол үндэс нь байгалийн нөөц байгаа үед яам өөрийнхөө үүргийг онцгой сайн биелүүлсэн гэж үзэж байна. 

Тухайлбал, Байгаль орчныг хамгаалах гэсэн явцуу хүрээтэй, салбарын чиглэлтэй яам байсан бол өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын үндсэн бүтцэд орж ерөнхий чиглэлийн яам болсон.

Байгаль орчны чиглэлээр улс орны хэмжээнд зохицуулалт хийж, хөдөө аж ахуйн салбар, уул уурхайy салбар хөгжихдөө экологийн баримжаатай байх боломжийг олгох хэмжээний хүчирхэг төрийн том бүтэц болсон. Энэ бол 30 жилд ажилласан хүмүүсийн хичээл зүтгэл, идэвх санаачлагатай холбоотой.  Мөн эдийн засгийн шинэчлэлтэй холбоотой олон зүйлийг шинэчилж чадсан. Монголчууд байгаль хамгаалах уламжлалтай. Гэтэл Байгаль орчны яамтай болох асуудал яригдсан нь тухайн үедээ байгалийн нөөцийн хэт их ашиглалттай холбоотой байсан.

Байгаль орчны доройтол ажиглагдаж эхэлсэн. Онгийн гол ширгээд, Таазын таван нуур, Улаан нуур ширгэж, байгалийн нөөцийн тодорхой хомсдолд орж эхэлсэн. Өөрөөр хэлбэл жилд 2.1 сая шоо метр ногоон мод бэлтгэснээс эко системийн алдагдалд орж, энэ бүх зүйлийг яам зогсоож ирсэн. Байгаль орчны бодлогын хувьд 30 жил богино хугацаа мэт боловч энэ салбар өдрөөс өдөрт боловсронгуй болж байгаа.

Өмнөх нийгмийн үед буюу социализмын материал техникийн баазын байгуулж байхад байгалын нөөцийн ашиглалтад түшиглсэн үед Монгол ардын хувьсгалт намын дайчин туслагч залуучуудын сүлд дуу нь

“..Уулын нурааж, усыг эргүүлнэ

Улаан туг залуучууд хоёр нөхөр юм

Уралдаан, ялалт хоёр найз юм …” гэж дуулдаг  байсан.

Эргээд харахад уулыг нурааж усыг эргүүлнэ гэдэг 1921 оноос өмнөх хоцрогдсон нийгмээс үйлдвэржсэн БНМАУ-ыг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж байсан хэдий ч өнөөгийн үүднээс экологийн талаас нь харахад их харгис санагдаж, насан туршдаа гэмшиж энэ алдаагаа засахын төлөө энэ амьдралынхаа 30  жилийг энэ яаманд ажиллаж өнгөрүүллээ.  Би үүнийг яагаад хэлэв гэхээр бид 1990 он хүртэл хулгайн ан агнаж уу, хууль бусаар мод бэлтгэж үү, ангийн хууль зөрчиж байна уу, ойн хууль зорчиж байна уу, усны хууль зөрчиж байна гэж зөвхөн байгалийн нөөцийн хэмжээнд хяналт тавьдаг байсан.

1996 он гэхэд дэлхийн нийтийн жишгийг харж, олон улсын түвшинд ч тэр байгаль орчны асуудал өөрөөр тавигдах болж, эдийн засгийн болон нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн учраас байгаль нөлөөлөх орчны үнэлгээг хийж ирсэн. Өөрөөр хэлбэл, үйлдвэржилтийн түвшинд “Алт” хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхэд байгаль хамгаалагч, улсын байцаагч уурхай дээр очиж, усаа яаж орлуулах юм, алтаа яаж орлуулах юм, хөрс ургамлаа яаж хамгаалах юм гэхэд иж бүрэн мэдлэг байхгүй учраас мэргэжлийн байгаль орчны эрдэмтдийн багаас бүрдсэн баг очиж үнэлгээг нь өгдөг болсон.

Үнэлгээ  гэж төрийн нэрийн өмнөөс, байгаль орчны өмнөөс маш том тайлан гаргана. Байгаль хамгаалалд тавигдах, нөөцийн ашиглалтын шаардлагад түшиглэсэн хяналт тавих болсноор хоёр дахь том давалгаа болсон. Бид өмнө нь зөвхөн ойн нөөц, ан агнуурын нөөцөд хяналт тавьдаг байсан бол тухайн үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компанийн, газар тариалан эрхэлж байгаа компанийн хувьд хяналт тавих боломж нэмэгдсэн.

1990-2000 онд байгаль орчинтой холбоотой маш олон хууль гарсан. Би тэдгээр хуулиудад гар бие оролцож явсан. Хоёр үндсэн чиглэлээр хуулиуд хийгдсэн. Нэгд, эдийн засгийн шилжилтээ дагаж зах зээлийн зохицуулалттай эдийн засгийн байгалийн нөөцийн менежментийг бий болгох. Хоёрт, олон улсын гэрээ конвенцид нэгдэж дэлхий нийтэд нээлттэй болж, дэлхийн чиг хандлагад нийцүүлсэн хуулиудыг гаргасан. Тэр дундаа цоо шинээр Байгаль хамгаалах хууль, дараа нь Байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээний тухай хууль гэж гарсан.

Монгол Улсын засгийн газар 2010 оноос эхлээд эдийн засгийн эрчимтэй хөгжлийн гараан дээр ирлээ гэж зарласан. Эдийн засгийн өсөлт ч 17-18 хувь хүрч байсан. Энэ үед шилжилтийн үеийн эдийн засагт тохирсон байгалийн нөөцийн менежмент, байгаль хамгаалал хэрэгтэй байсан бол Монгол улс хөгжлийн гараан дээр ирсэн үед байгаль орчны хөгжлийн бодлого өөр байна гэж тухайн үед сайд байсан Л.Гансүх анхаарч ажилласан.

Тухайн үед би тогтвортой хөгжил стратеги төлөвлөлтийн газрын дарга байсан. Энэ шинэчлэлүүд үе шаттай явагдаж эхлээд Байгаль орчны үнэлгээний тухай хууль гарсан. Ингэснээр байгаль орчны үнэлгээний нарийвчилсан үнэлгээ хийдэг байсан бол хуримтлах нөлөөллийн үнэлгээ, стратегийн үнэлгээ гэж хийдэг болсон. Хуримтлах нөлөөллийн үнэлгээ гэдэг нь обьектийн хувьд байгаль хамгаалаад, нэг обьектийн үнэлгээг хийдэг байсныг сав газрын хэмжээнд, бассейны хэмжээнд үнэлгээ хийдэг болсон.

“Алт” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн Хүйтэний голд 27 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан. Манай үнэлгээний хороо тухайн компаниудад очиж үнэлгээ хийхдээ усны урсцын 5 хувийг авч ашиглахад усны эко систем алдагдахгүй гэсэн. Гэтэл нэг мэдэхэд Хүйтний гол ширгэх дээрээ тулж, судлаад үзэхэд 27 уурхай тус бүр 5 хүртэлх хувийн ус хэрэглэсэн гэхээр даац хэтэрсэн байсныг хуулиар зохицуулсан. Дараагийн байгаль орчны хөгжлийн гурав дахь шат нь эко системийн түвшинд, Ландшафтын түвшинд хамгаалах асуудлыг ярьдаг болж тухайн бүс нутгийн хүрээд анхаардаг болсон.

2012 оны хуулийн өөрчлөлт орсноор өмнө зөвхөн байгаль орчны нөөцөд хяналт тавьдаг байснаа больж обьектийн түвшинд хяналт тавьдаг болж, улмаар байгаль орчны аудит хийгддэг болсон. Энэ нь байгаль орчны үнэлгээний шалгалтаас гадна санхүүгийн аудит шиг хоёр жил тутамд үнэлгээний хэрэгжилт ямар байгааг үздэг болсон. Аудит хийгдсэнээр нэг удаагийн хяналт биш байнгын шалгалт хийх тогтолцоо үүссэн.

Ингэснээр ландшафтын түвшний үнэлгээнээс гадна ирээдүйд хэр нөөцтэй байх нь вэ. Хэдэн үйлдвэрийн даацтай байна. Экосистемийн хувьд ямар чиглэлийг нь хамгаалах вэ. Ямар газар нь уул уурхай, хаана нь газар тариалан хөгжих вэ гэсэн үнэлгээг хийгээд ирэхээр Монгол орныхоо эко системийнхээ хэмжээнд хамгаалдаг болсон.  Ингээд бодоход 30 жилийн хугацаанд 4 үе шатыг туулсан байна.

Эхлээд нөөцийн хэмжээнд хамгаалж, зөвхөн байцаагч хянаж торгодог байж. Дараа нь үнэлгээний тусламжтай орон нутгийн хүмүүс иж бүрэн хяналт хийх боломж бүрдэж. Дараа нь нэг шат ахиж ландшафтын хүрээнд байгаль орчны хэмжээнд бодлого хэрэгжүүлдэг болж. Өнөөдөр эко системийн түвшинд үнэлгээ хийж анхаардаг болсноор ирээдүй үр хойч, тэдний үр хүүхдэд онгон байгалиа үлдээх системийг бий болгосон. Энэ бол үе үеийн сайд, яамны мэргэжилтэн, орон нутагт ажиллаж байгаа байгаль хамгаалагч ажилчдын гавьяа.

-Саад бэрхшээл нь юу байсан бэ?

-Мэдээж энэ хугацаанд дандаа дардан яваагүй. Манай яам хүнд хэцүү бэрхшээлтэй зүйл олныг давсан. Жишээ нь, манай салбарын сайд өнгөрсөн жил урд хөршид айлчлаад ирэхэд 4-5 яамны үйл ажиллагааг одоо нэг яам гүйцэтгэж байна. 1990 оноос өмнө Ой модны аж үйлдвэрийн яам, Усны аж ахуйн яамны үүрэг ирсэн. Мөн аялал жуулчлал байна. Энэ чинь тусдаа бие даасан салбар. Хог хаягдлын менежмент гэх зэргээр том агуулгаар нь авч үзвэл бүтэц тогтолцооны бэрхшээлийг туулсан.

Зөвхөн Ой модны аж үйлдвэрийн яамны жишээн дээр ярихад 1987 онд энэ яам татан буугдсан. Өнөөдрийг хүртэл ойн салбарын бүтэц 13 удаа өөрчлөгдсөн. Энэ их хортой. Энэ хугацаанд бид боловсон хүчнээ алдсан, ойн салбар энэ нийгмийн шилжилтийн үеийн хамгийн хүнд хэцүүг туулсан. Жишээ нь, хөдөө аж ахуйн салбар Атрын 2, 3 дугаар аян гээд үргэлжилж байхад ойн салбар өнөөдрийг хүртэл хөл дээрээ тогтоогүй байна.

Тухайн үед  Ой модны аж үйлдвэрийн яам татан буугдаж  Байгаль хамгаалах яаманд шилжихдээ байгаль хамгаалах нөхөн сэргэх алба нь манай яаманд үлдсэн. Мод бэлтгэх боловсруулах алба нь тухайн үеийн Хүнд үйлдвэрийн яам одоогийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд очсон. Манай яамны Ой хамгаалах ойжуулалтын хэсэгт Ойн бодлого зохицуулалт, судалгаа хөгжлийн төв гээд бүтэц нь ямар нэгэн байдлаар ажиллаж байна. ХХААХҮЯ-нд ганцхан мэргэжлийн бус хүн ойн ашиглалтын салбарыг хариуцаж байна. Энэ салбар өнөөдрийг хүртэл сэхэж чадахгүй байна.

Тэгэхээр байгаль орчны том бодлого нь зөв яваад байгаа боловч, нэгжид хамаарах жижиг салбарууд хохирол амссан. 13 удаа бүтэц нь өөрчлөгдөөд салбар нь хоёр хуваагдмал байгаагаас ойн салбар хөгжихгүй байна. Ойн салбар уг нь биеэ даан хөгжих ёстой. Эдийн засгийн болон нийгмийн ач холбогдолтой. Тиймээс зүгээр суугаагүй. Ойн тухай хуулийг өөрчилсөн. 2012 оны шинэчилсэн өөрчлөлтөөр олон асуудлыг шийдсэн. Гэтэл тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг гарч ирэхэд Ойн агентлаг гэж байсныг байхгүй болгосон.

Тэгээд яамандаа Ойн бодлого зохицуулалтын газар, Ойн судалгаа хөгжлийн төвийг байгуулаад бид ямар ч байсан орон нутагт Сум дундын ойн анги байгуулсан. Тэгснээр заавал яам агентлаг байгуулахгүйгээр орон нутгийнхаа бүтцийг бэхжүүлж чадах юм бол ойн салбараа аварч чадах юм байна гэж бодсон. Энэ маань үр дүнтэй байна. Өнөөдөр 40 гаруй Сум дундын ойн анги байна. 2015 онд “2030 он хүртэл ойн талаар баримтлах бодлого”-оо гаргаж чадсан гэх мэтийн ахиц өөрчлөлт байна.

Нөгөө талаар БОАЖ-ын сайдаар ДОюунхорол сайд томилогдож ирэхдээ Ойн бодлого зохицуулалтын албанд мэргэжлийн бус хүн томилоод, ойн уураг тархи болсон Судалгаа хөгжлийн төвд “Завханы” гэсэн автортой мэргэжлийн бус хүн тавьчихсан. Гэх мэтээр том бэрхшээл байна. Том бэрхшээлээ даваад туулахаар улс төрөөс, хувь хүнээс хамааралтай асуудал гарсан. Ийм бэрхшээл манай усны салбарт ч, ус цаг уурын салбарт ч байгаа.

-Ойг хамгаалах үүрэг танайд, ашиглах үүрэг өөр яаманд байна.  гэхдээ ойг хамгаалах тал дээр  хэрхэн анхаардаг вэ. Ойн хөнөөлт хортон шавьж, хүр хорхой жилээс жилд ойг сүйтгэж байна?  

-Ерөнхий бүх менежмент манай мэдэлд байгаа. Тийм учраас ер нь энэ асуудлыг шийдэхийн тулд засаглалын асуудлыг эхлээд шийдэх хэрэгтэй. Миний түрүүний ярьсан бүхэн ойн сайн засаглал алдагдсаны жишээ. Тиймээс зөвхөн ойн хортон, түймэр гэж сугалж ярихаас өмнө эхлээд ойг хамгаалах, зөв авч явах менежмент хэрэгтэй. Энэ асуудлыг сүүлийн үед ойн тогтвортой менежмент гэж нэрлээд байна. Тогтвортой менежмент гэдэг нь нэгд, экологийн хувьд ээлтэй байх. Өөрөөр хэлбэл, Монгол орны ойн сан багасах бус нэмэгдэж байх ёстой. Хоёрт, эдийн засгийн хувьд үр ашигтай байх ёстой. Гуравт, нийгмийн хувьд тодорхой асуудлыг шийдэж ойгоор амьдарч байгаа, ойг хамгаалснаараа, мод тарьснаараа сайхан амьдардаг боломжийг нээж өгөх.

Олон ажлын байр бий болж байх ёстой. Ядуурал буурч байх ёстой. Би яагаад ойг онцлон ярьж байна гэхээр нэг талаар мэргэжлийн хүн. Нөгөө талаар Монголын эдийн засгийн хөгжил ярьж байгаа үед манай яамнаас 1997 онд боловсруулан гаргасан “Төрөөс экологийн талаар баримтлах бодлого” гээд 30 жилийн хугацаатай бичиг баримт байдаг. Тэр баримт дээр “Монгол орны баялаг бол нөхөн сэргээгдэх баялаг. Нөхөн сэргээгдэхгүй баялаг бол зөвхөн нэмэлт хүчин зүйл болно” гэсэн үг байдаг. Тэгэхээр бодлогын гол концефци болсон ой бол Монгол орны хөгжлийн гол чирэгч хүчин зүйл гэж заасан.

Өнөөдөр бид уул уурхай түшиглэсэн эдийн засгийг хөгжүүлж байгаа нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих нийгмийн шилжилтийн үед л нөхөн сэргээгддэггүй баялаг болсон уул уурхайг ашиглаж байна. Тиймээс төр засаг ойн салбартаа анхаарч ирээдүйн хөгжлийн үндэс гэж бодох хэрэгтэй.

Мөн өргөн уудам нутагтай хүн ам цөөнтэй. Монгол орны хувьд хөдөөд ажлын байр нь мэдээж уламжлалт нүүдлийн мал аж ахуй, хоёрт, жимс ногоо хүнсний тариалалт. Гуравт, ой бүхий аймгуудад модны үйлдвэр байгуулж ажлын байр бий болгож, ядуурлыг бууруулж, орлогыг нэмэгдүүлэх. Гэтэл энэ засаглал өнөөдөр алга байна. Социализмын үед байгуулагдсан яам маань ашиглангаа хамгаалах бодлого явуулж байсан бол одоо хамгаалангаа ашиглах ёстой гэсэн бодлого баримталж байна.

Гэтэл ашигладаг хэсэг нь ХХААЯ-ны мэдэлд байна. Нэг цогц юм байх ёстой. Хүнээр бодвол хоёр гарыг нь өөр өөр хүний мэдэлд өгчихсөн. Тиймээс хортонгүй байя, эрүүл ойтой байя, эдийн засгийг чирч явдаг ойн салбартай байлгая гэвэл он салбар нэгдмэл байх ёстой. Бүтэц бүрэлдэхүүн 13 удаа өөрчлөгдөж байна гэдэг үнэхээр туйлшрал. Хэдийгээр оготны хамраас цус гаргаагүй нийгмийн шилжилт хийсэн боловч олон эдийн засаг хохирсны жишээ.

2014 онд энэ хүрээнд Засгийн газарт “Цэвэрлэгээ” хөтөлбөрийг оруулсан. Энэ хөтөлбөрөөр ойгоо зөв ашиглая гэсэн. Учир нь 1990 оноос өмнө хэт их ашигладаг байсан тухайлбал, Хялганатад 250 мянган шоо/метр, Тосонцэнгэлд 150 мянган шоо/метр мод бэлтгэж, ногоон модоо ашигласан. Гэтэл гол горхио ширгүүлээдэко системийн тэнцвэр алдагдаж байсан. Харин 1990 оноос хойш мод л ачиж яваа бол хулгайч гэж хэлчихсэн. Бид чинь түлээ түлдэг, модоор ширээ сандал хийдэг. Ийм хоёр туйлшрал үүссэн тул дундуур нь явахын тулд ашиглалтыг эргэн харж авч явах ёстой.

Магадгүй ерөнхий чиг үүргийн яамны хүрээнд ашиглалтын бодлого байхгүй гэвэл яам дэргэдээ Ойн агентлаг байгуулаад бэлтгэх боловсруулах асуудлаа авчирснаараа энэ ойн салбар буцаад цогц байдалдаа орно. Ой гэдэг нэг биетийг хоёр хүн хариуцаад байна. нэгдмэл болсны дараа хортон, түймрийн асуудал аяндаа арилах юм. Яагаад гэвэл ой өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг салбар. Орлого олдог салбар нь өөр газар харьяалагдаад тэнд нэг ч хүн хариуцахгүй байхад энд улсын төсвөөс түймэртэй тэмцэх, хортонтой тэмцэх хэмжээний ажил хийхэд төсөв хязгаарлагдмал учраас нэгд мөнгө төгрөг дутаж байна.

Хоёрт, ойн салбарыг нэгтгэснээрээ 1990 оны өмнөх шиг нойтон мод огтлох гээгүй. Ой дотор маш олон унасан, хатсан мод байна. Энэ моддыг авах юм бол хортны үүр алга болно. Хатсан мод их байна гэдэг шатах материал их байгаа гэсэн үг. Шатах материал их байгаагаас түймэр гараад байна. Ашиглалтаа орхигдуулснаас болж ой цэвэр биш эмгэг өвчтэй болчхоод байна. Хортонг яаж устгах вэ гэж ярихаас өмнө ойн сайн засаглал яаж бий болгох вэ гэж суурь өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Зах зээлийн нийгэмд зогссон өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг ойн салбарыг бий болгосноор энэ ажил сууриараа засагдана.

Мэдээж бид хортонтой, түймэртэй тэмцэх чадавхаа сайжруулах, технологио бий болгох арга хэмжээнүүдийг авах ёстой. БОАЖЯ-наас химийн хороор хортонтой тэмцэхээ больж 2012-2016 онд Засгийн газрын зорилт болгоод ойд химийн бодис цацахаа больж биологийн бодис цацаж байгаа. Ойн хортон үхэж байгаа юм чинь ойн доогуур байгаа улаан шоргоолж, ашигтай шимэгч амьтад бүгд үхнэ. Тиймээс энэ жишээг та бүхэн ашигла гэж Хөдөө аж ахуйн салбарынханд хэлээд хөдөө аж ахуйн салбарт  химийн хороос татгалзаж байна.

Тиймээс өнөөдөр олон хортон, эрвээхий харагдаж байгаа ч цаашдаа суурь зарчим өөрчлөгдөх зөв бодлого, иргэний зориг чухал. Мэдээж энэ салбарт ажиллаж байсан бүх хүн үүргээ хангалттай биелүүлж байгаа. 30 жилийн өмнөөс энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд бид урагшилж байгаа. Амжилттай байна. Гол нь нэг хүний үед болж байсан юм дараагийн шинэ хүн ирэхэд болохгүй болчхоод байна. Өмнөх түүхээ үгүйсгэж болохгүй. Энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй.

Энэ бол байгаль орчны асуудлыг зөв л тавьж чадвал ямар ч Засгийн үед дэмжигдэж байдаг. Өмнөх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зөвхөн ойн асуудлаар гурван зарлиг гаргасан. 2010 оноос бүх нийтээр мод тарьж сурсан. Энэ бол мод тарьж, ногоон болгохоос гадна модыг хайрлах ухааныг суулгаж байна. Хойч үе маань мэдлэгтэй, дадалтай, заншилтай болж байна. Цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хот дотор байгуулъя, суурин амьдралтай хүмүүст зориулсан хотын ой бий болгох гэдэг ойлголтыг бий болгосон. Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх зарлиг гаргасан. Энэ 30 жил гэдэг ганцхан манай яамны ойн баяр биш. Хэдийгээр 13 удаа ойн салбарын бүтцийг өөрчилсөн ч гэсэн ерөнхий чиг хандлага гольдрол  нь зөв чиглэлдээ явж байна.

-Ойн салбарын нарийн асуудлыг мэддэггүйгээс улсын төсвийн өчнөөн тэрбумыг зөвхөн ойн хортон устгахад зориуллаа гэсэн шүүмжлэл гарсан байх нээ?

-Хортон гэдэг өөрөө мөнгө зарцуулж устах зүйл. Мөнгө зарцуулахгүй юм бас байна. Тухайлбал, эдийн засаг хямарлаа гээд төсөв нэмж чадахгүй гэх биш зөв бүтэцтэй болчих юм бол ойн салбар өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломжтой. 1990оноос өмнө дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг ойн салбар үйлдвэрлэдэг байсан. Өнөөдөр 0.0001 хувийг ч ойн  салбар үйлдвэрлэхгүй байна. Орлого олохгүй байна. Тэгэхээр өнөөдөр “Ойн тогтвортой менежмент” гээд байгаа төрөөс баримтлах бодлогын гол баримтлах зарчим бол өөрөө өөрийгөө хөгжүүлдэг системийг бий болгочих хэрэгтэй.

Төсөв жилдээ 5.7 тэрбумын санхүүжилт хийгдлээ гэхэд хортондоо 60 хувийг нь зориулж байгаа. Тэгэхдээ голомтыг нь л барьж байгаа. үүнийг алдах магадлал их. Хортон гэдэг ойгоо цэвэрлэж чадахгүй байгаатай мөн уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилттай холбоотой. Тэгвэл мөнгө зарахгүй хийчих, улс төрийн тоглоомоос болж ойн салбар их хохирч байна.  уналтад орохгүй зүйл дээр унаж байна. Ойн хоёр гол уураг тархи болсон Судалгаа хөгжлийн төв нь Завхан гэхээр л нягтлан ч хамаагүй удирддаг байж болохгүй.

Ойн мэргэжилтэн хангалттай байгаа. Монгол Улс өмнө нь ЗХУ-д ойн салбараар маш олон хүн бэлтгэсэн. Одоо МУИС, ШУТИС, ХААИС-д ойн мэргэжилтэн бэлтгэж байна. Хувийн Улаанбаатар их сургуульд, Дарханы ХАА-сургуульд бэлтгэж байна. Энэ олон ойн инженерүүд ямар ч идэвхгүй байна. Энэ мэргэжлийг эзэмшээд хэрэг байна уу. Нэг нутгийнхаа, бүлгийнхээ хүнээр салбар удирдуулаад байх юм бол мэргэжилтнүүдийн урмыг хугалж, ажлын хөгжлийг сааруулж байна.

Тийм учраас би хортонг устгах мөнгөгүйдээ биш, сэтгэлгүй ханддаг зангаа хойш нь тавиад ялсан нам мэргэжлийн хандах юм бол асуудал шийдэгдэнэ.  Мөнгө мэдээж хэрэгтэй. Төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд жилд ойн салбарт 20 тэрбум төгрөг хэрэгтэй. Тэр мөнгийг заавал төсвөөс авах шаардлагагүй гол нь мэргэжлийн хүн, мэргэжлийн түвшинд удирдахад олон улсын зээл тусламж, орж ирнэ.

Ашиглалт хамгаалалт нэг гарт ороод ирвэл ашиглалтаас олсон мөнгөөрөө хамгаалах бодлогоо явуулж хортонтой, түймэртэй тэмцэх юм. Хийхэд амархан. Гагцхүү энэ бодлогыг нэгтгэх эр зориг, хувийн сонирхлыг хойш тавиад мэргэжлийн болгосон байхад манай ойн салбарын ирээдүй гэрэлтэй байна.

-Монгол Улсын ой модны нөөц, хэр байгаа вэ?

-Ер нь ойн сан жилээс жилд доройтож байгаа. Бидний нэг хийж чадсан юм бол түүхэндээ анх удаа Монгол орон ойгоо тоолсон. Монгол Улсын Засгийн газар ойн тооллогод зориулж 1 тэрбум төгрөг гаргасан. Харин Германы Засгийн газар 6 тэрбум төгрөг гаргасан. Судалгааны дүнг харахад ой мод хот суурин газраа тойроод талхлагдсан байна. Зах хязгаартаа алсдаа ашиглах ой их байна гэсэн. Гэтэл өмнө нь зам харгуй тавиад ойн аж ахуйн зориулалттай замын экспедиц байхгүй болсон.

Авах боломжтой ой нь хүн хүрэхгүй, машин хүрэхгүй алс газар байна. Тийм учраас монгол орны ой жилд дунджаар 47-50 мянган га гаар доройтож байна. Үүнийг зогсоох боломжтой. Зогсооход эхний хөрөнгө оруулалт хэрэгтэй. Жишээ нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Бадарын нуруунд маш их ой байгаа. Гэтэл тэнд бэлтгэсэн мод маш өндөр үнэтэй болно. Хоёрт намаг, гол горхио гарах гэж цаг хугацаа мөнгө их орно.  Өмнөх үе шиг ойн зам тавихгүй байна. Ойн салбарыг хөгжүүлэхэд хамгийн түрүүнд замаа тавьж дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгтэй.

Бид хөндлөнгийн олон судалгааг хийсэн. Би 2012 оноос Ойн бодлого зохицуулалтын албаны хэлтсийн даргаар ажилласан. Өмнө нь 2008-2012 онд БОЯ-ны Стратеги төлөвлөлт, тогтвортой хөгжлийн бодлогын газын дарга байсан. 2006-2008 онд Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга байсан. Энэ хугацаанд бид хийсэн ажлаа тооцоод үзэхэд ганцхан зөв механизм, зөв стратеги байхад 50 хувь нь мөнгө, 50 хувь нь мөнгөгүй шийдэх боломжтой гэдэг нь харагдаж байсан. Тийм учраас механик гэж хэлж болох түр зуурын туйлшрал, улс төржилтөөс л ангид байх хэрэгтэй.

Зөвхөн ойн салбар ч биш байгаль орчны салбар зөв явахад Шинэ Засгийн газар анхаарч ажиллах байх. Эхлээд манай яам их зөв явж байсан. Байгаль орчны газрын агентлаг нь манай яаманд байсан ч газрын сангийн дөнгөж 3 хувийг эзэлдэг Барилга, Хот байгуулалтын сайдын эрхлэх хүрээний мэдэлд очсон. Гэтэл тэр газар дээр ус урсаж, ургамал ургаж, ан амьтан амьдарч байна. Төсөөлөх юм бол тэнгэр газрын дундах хийг манай яам хамгаалаад байгаа гэсэн үг.

Тийм учраас байгаль орчны сайн засалал руу явах хэрэгтэй. Засгийн газарт ерөнхий чиг үүргийн яам болж, бидний саналгүй асуудлыг хэлэлцдэггүй болсон сайн тал байна. ХХААЯ-нд газрын сангийн 70 орчим хувийг эзэлдэг бэлчээрийн менежментийн асуудал байгаа нь зөв. Барилга хот, байгуулалтын яаманд хотын бодлогын асуудал, газар хувьчлалын асуудал байх нь зөв. Гэхдээ газрын нэгдсэн зохион байгуулалт, менежментийн бодлого БОАЖЯ-ны номер нэг салбар байх ёстой юм.

Энэ бол яах аргагүй энэ салбар 30 жилд илүү сайн амжилттай байхад саад болж байгаа сул тал. Нөгөө нэг сул тал нь байгаль орчны хяналт биднээс ангид байна. Би Байгаль орчны хяналтын ерөнхий байцаагч байсан. МХЕГ-т  Байгаль орчны хяналтын хэлтсийн дарга байсан. Эргээд яамандаа ирж ажилласан. Зарчмын хувьд харахад МХЕГ байх нь зөв. Хяналт тавих нь хөндлөнгийн байх зарчим. Жишээ нь, Уул уурхайн яам хяналт тавих хэрэггүй уул уурхайн дотоод хяналтаа тавь. Ашигт малтмалын нөөц ашиглаж байгаад нь Мэргэжлийн хяналт байгаль орчны хөндлөнгийн хяналтаа тавина гэсэн үг.

Хөдөө аж ахуйн газар ашиглалтын асуудал ХХААЯ-нд байж болохгүй. Гэтэл манай яам үйлдвэрлэгч биш. Манай яамны хувьд нөөцийн менежмент барьж байгаа. Манай сайдаас эхлээд дурын яамны хүн нэг зөрчил хараад таслан зогсоох гэж хичээнэ. Тарвага агналаа боль гэж хэлэхээс бариад, торгоод,  шийтгээд арга хэмжээ авах эрх мэдэл байхгүй. Тиймээс цаашид манай яам ерөнхий чиг үүргийн байж, байгальдаа дасан зохицож ирсэн ногоон хөгжлийн загварыг бодитой удирдан жолооддог яам байх хэрэгтэй.

Ингэхдээ нэгд, газрын бодлогын асуудлыг ерөнхий  чиг үүргийн менежментийн хүрээнд агентлагийн түвшинд авч ирэх ёстой. Хоёрт, нөөцийн хяналтыг авч ирэх ёстой. Бүх хяналтыг манайд авчир гэж хэлэхгүй. Магадгүй химийн бодис гэхэд хүнс, хөдөө аж ахуйтай холбоотой, хүрээлэн буй орчинтой холбоотой учраас төвлөрсөн журмаар МХЕГ-таа иймэрхүү суурь хяналт нь байх хэрэгтэй.

Би Мэргэжлийн хяналтад ажиллаж байсан, хамт олондоо хайртай. Гэхдээ зөв ойлгох ёстой. Байгаль орчны асуудал байгаль орчиндоо байж нийтийн эрх ашгийн өмнө, ирээдүй үр хойчийн төлөө нөөцийн хяналт манай яаманд байх хэрэгтэй. Өнөөдөр гэхэд байгаль орчны харьяа газрууд орон нутагт байна. Сав газрын захиргаа, Сум дундын ойн анги гээд байна. Тэд ойгоо хариуцаж байгаа мөртлөө зөрчилтэй иргэнийг бариад, хориод, торгох эрхгүй. Аймгуудад дунджаар Байгаль орчны 3-5  байцаагч байгаа. Сав газрын ойн ангийнхан бүгд хяналт тавьж, иргэдийн оролцоотой төрийн нэрийн өмнөөс өргөн хүчээр 3 биш 30 байцаагч ажиллах боломжийг хаачхаад байна.

Тийм учраас ойн сайн засаглал, байгаль орчны сайн засаглал байх ёстой. Өнөөдрийг амжилтыг илүү бататгахын тулд манай хамт олон 30 жилийн ойгоороо хамгийн түрүүнд ярих асуудал бол энэ. Санхүү, мөнгөний асуудлыг засаг төр шийдэж чадахгүй байж болно. Гэхдээ засаглалын асуудлыг шийдэж, ойн салбарыг нэг гарт цогц болгож, газрын ерөнхий менежментийн үүргийг өгөөд, хариуцлагыг нь нэмэх юм бол бидний ирээдүй цаашид улам гэрэлтэй болно.

Ногоон хөгжлийг бий болгоно гээд хүмүүсийг хянаж торгохоос илүү ногоон хөгжлийн үрийг тарих ёстой. ​Анх 1921 онд багш нар хөдөөгийн уул талд эрдэм ном, соёлын үрийг тарьсан бол өнөөдөр  бид ногоон хөгжлийн үрийг тарих хэрэгтэй байна. ОУВС-аас хамаарахгүй байгаль орчны засаглал үлэмж сайжрах боломж байна гэдгийг ахмад хүний хувьд хэлмээр байна.

 

Эх сурвалж: БОАЖЯ