Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Японтой алдагдалтай наймаа хийдэг гэж Трамп гомдоллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Токио хотод албан ёсны айлчлал хийж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр хоёр орны бизнесмэнүүдийн өмнө үг хэлэхдээ АНУ олон арван жилийн турш Японтой алдагдалтай наймаа хийж байгааг онцлон хэлсэн байна.

Тэрээр Токиотой хийдэг Вашингтоны худалдааг “шударга бус, нээлттэй биш” гэж шүүмжилжээ. “Сүүлийн олон арван жилийн турш Япончууд хожиж ирснийг би энд хэлмээр байна” гээд “Японоос АНУ-д олон сая автомашин зарагддаг бол Японд Америкийн ганц ч машин алга” гэж тэр гомдоллосон байна.

Трамп “Олон олон жилийн турш Японтой хийдэг худалдаанаасаа АНУ их хэмжээний алдагдал хүлээж ирсэн. Жилд бараг $70 тэрбумын алдагдал. Тиймээс бид үүнийг өөрчилж харилцан ашигтай болгох хэрэгтэй” гэж хэлжээ.

Абэ, Трамп хоёр Ням гарагт Токиод гольф тоглохдоо талуудын худалдааны талаар ямар нэг тохиролцоонд хүрсэн байх гэж ажиглагчид үзэж байна.

Цагаан ордны тэргүүн Ази тивийн таван оронд нийтдээ 12 хоног айлчлах аялалаа өчигдөр эхэлсэн ба анхны зогсоол нь Япон байсан юм. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгч нарын хувьд 1991 онд Жорж Бушийн Азид хийсэн айлчлалаас хойш хамгийн урт аялал болж байна.

Ерөнхийлөгч болохоосоо өмнө ба дараа Трамп Азийн орнуудтай байгуулах худалдааны гэрээнээс гарна гэж түншүүдээ айлгах болсон. Trans-Pacific Trade deal хэмээх энэхүү гэрээний нэг гол оролцогч нь Япон юм.

Өнөөдөр Трамп бас Шинзо Абэг маш их хэмжээний зэр зэвсэг худалдаж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэдгийг хэлжээ. Үүнийг нь Хойд Солонгост сануулга өгөх зорилготой хэлсэн үг гэж хэвлэлүүд дүгнэж байна.

 

Эх сурвалж: AFP