Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын бүлэг жуулчид Парист дээрэмдүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Пүрэв гарагийн орой Парис хотод аялж явсан Хятадын 40 хүнтэй жуулчдын бүлгийг гэмт этгээдүүд дээрэмдсэн тухай Франц дахь Хятадын элчин сайдын яам мэдээлжээ.

Тэднийг дэлгүүр хэсэж, наймаагаа дуусгаад зочид буудлын авто зогсоолд оройн 08:20 цагийн орчим ирэх үед нь дөрвөн этгээд нулимс асгаруулагч хийгээр зэвсэглэн дайрсан байна.

Ингээд тэд үнэтэй, тансаг эд бараа бүхий есөн цүнхийг авч зугтаажээ. Хэр хэмжээний хохирол учирсныг тооцоолоогүй байгаа гэнэ.

Халдлагын үеэр гэмтэж бэртсэн хүн гараагүй ба тэдгээр жуулчид Баасан гарагт Хятадад эргэж иржээ. Хятадын элчин сайдын яам Францын эрх баригчдаас гэмт этгээдүүдийг илрүүлэн, хариуцлага тооцохыг шаардсан байна.

Мөн Францыг зорьж байгаа тус улсын жуулчдад зориулж аюулгүй байдлын анхааруулга гаргажээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард мөн нулимс асгаруулагч хийгээр зэвсэглэсэн зургаан этгээд Хятадын 27 жуулчныг нутаг буцахаар нисэх буудал руу хөдлөх гэж байхад нь дээрэмдэж байв.

Мөн тухайн сард Хятадын 49 настай оёдлын дизайнер Жан Чаолинь Парисын захын гудамжинд бусдад дээрэмдүүлснийхээ дараа тав хоногт эмнэлэгт эмчлүүлээд амьсгал хураасан юм.

Тэрээр найзынх нь цүнхийг булаах гэсэн гурван этгээдтэй тэмцэлдэх үедээ зодуулж, бэртсэн байжээ. Эмнэлэгт хүргэгдсэн дизайнер ухаан оролгүй байсаар амьсгал хураасан байна.

Францыг зорих Хятадын жуулчдын урсгал нэмэгдэж, тэдний зарцуулах мөнгөний хэмжээ үлэмж нэмэгдсэн нь ийнхүү гэмт этгээдүүдийн анхаарлыг татах болжээ.

 

Эх сурвалж: Xinhuanet