Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Техасын сүмд зэвсэгт халдлага гарч, 26 хүн алагдлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Техас мужийн Сутерланд дахь Баптист сүмд саяхан зэвсэгт этгээд гал нээж, 26 хүний амийг бүрэлгэжээ.

Аллагын дараа халдлага үйлдэгч амиа алдсан байна. Түүнийг цагдаа нар буудсан эсвэл амиа хорлосон эсэх нь тодорхойгүй байгаа юм. Техас мужийн захирагч Грэг Эбботын мэдээлснээр 26 хүний амь үрдэгдэж, энэ тоо цаашдаа өсөх магадлалтай байгаа гэнэ. Мөн 20 гаруй хүн шархдсан байна.

Гэрчүүдийн мэдээлснээр Сан Антонио хотоос 50 орчим километр зайтай жижиг хотод оршдог Баптист сүмд Ням гарагийн өглөөний 11:30 цагт зэвсэгт этгээд орж ирээд мөргөлчид рүү гал нээжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр аллагыг үйлдэгч нь 26 настай Дэвин Патрик Кэлли гэгч байсан гэнэ. Сан Антонио хотоос холгүй Нью Браунфэлс дахь алуурчны гэрт нь цагдаа нар үзлэг хийж байгаа ажээ. Тэрээр 2013 он хүртэл АНУ-ын зэвсэгт хүчинд алба хаасан нэгэн байсан гэнэ.

Аллагын дараа тэр сүмээс гарч машиндаа сууж зугтах гэж байхдаа алагдсан байна.

Сүмийн хамба лам Фрэнк Померойн охин 14 настай Аннабел амиа алдагсдын дотор байсныг хэвлэлүүд мэдээлжээ.

АНУ-д сүмд гардаг аллагын хэргүүдээс хамгийн олон хохирогчтой нь энэ удаагийн хэрэг гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Японд албан ёсны айлчлал хийж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп аллагын тухай мэдээлэл авснаа твиттер хуудсандаа мэдээлж, амиа алдагсдын хойноос харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Тэр өнөөдөр өдөр энэ талаар Токиод мэдэгдэл хийж магадгүй байна.

Эх сурвалж: Russia Today