Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын угсаа залгамжлагч авлигатай тэмцэх ажлаа эхлүүлмэгцээ 15 хүнийг баривчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Саудын Араб улс анх удаа авлигатай тэмцэх байгууллагыг өчигдөр буюу Бямба гарагт байгуулжээ.

Эзэн хаан Салманы зарлиг өчигдөр дөнгөж гарсан байна. Авлигатай тэмцэх байгууллагыг түүний угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман тэргүүлэхээр болсныг мөн зарлажээ.

Гэтэл энэ мэдээлэл гарснаас ердөө хэдхэн цагийн дараа тус байгууллага Саудын хааны гэр бүлийн 11 ханхүү, дөрвөн сайдыг баривчилж, өмнө нь сайдын алба хашиж байсан хэдэн арван хүнийг мөн авлигын хэрэгт холбогдуулан саатуулжээ.

Шинэ байгууллага 2009 онд тус улсын Жеддах хотод тохиолдсон үерийн гамшгийг тойрсон хэргийг дахин шалгахаар болсноо мэдээлсэн байна. Үерийн үеэр 120 гаруй хүн амь үрэгдэж, гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг хангалттай зохион байгуулж чадаагүй хэргээр албаны 45 хүнийг шийтгэж, 2014 оны сүүлээр уг хэрэг хаагдаад байсан юм.

Авлига авч, төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулсан нь ийм хохирол амсахад хүргэсэн гэж тухайн үед шүүх дүгнэсэн байдаг.

Мөн 2014 онд Саудын Арабт дэгдэж, 300 орчим хүний аминд хүрсэн MERS (Middle East Respiratory Syndrome) тахлын хэргийг дахин шалгахаар болжээ. Тухайн үед тус улсын эрүүлийг хамгаалахын сайд буруутгагдан, ажлаа өгч байсан юм.

Өчигдөр бас авлигатай тэмцэх байгууллагыг зарласныхаа дараа Саудын хаан хэд хэдэн сайдаа огцруулж байгаагаа зарласны дотор Үндэсний гвардийн сайд Мотэйб Бин Абдуллах, эдийн засгийн сайд Адел Аль Факех нар багтжээ. Тэднийг авлигын хэрэгт холбогдуулан огцруулсан эсэхийг одоогоор мэдээлээгүй байна.

Саудын хаан ширээг залгамжлахаар тодроод байгаа ханхүү Мохаммед Бин Салман исламын хатуу хууль дүрэмтэй, хуучинсаг улс орноо шинэчлэх ажлуудыг хийж эхлээд байгаа.

Тэр шинэ технологид ихээхэн хэмжээний хөрөнгө оруулахаа мэдэгдэж, эмэгтэйчүүдэд авто машин жолоодох, спортын уралдаан тэмцээн үзэх эрх олгож, Шариатын хатуу хуулийг зөөлрүүлж, бусад шашинд нээлттэй орон болно гэдгээ зарласан юм.

 

Эх сурвалж: Al Arabya, Russia Today