Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Кил Кан Муг: БНСУ-аас цагаачдыг нийгэмшүүлэх бодлого барьж байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хууль зүй, Дотоод хэргийн яам, Гадаадын иргэн, харьяатын газар хамтран “Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний чиг хандлага, анхаарах асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгуулж байна.

Гадаад харилцааны яаманд болж буй тус хуралд гадаад улсаас суугаа дипломат байгууллагын төлөөлөгчид болон манай улсын холбогдох албан тушаалтнууд оролцож байгаа юм.

Хурлын үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консул Кил Кан Муг “БНСУ-ын цагаачлалын бодлогын чиг хандлага болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр илтгэл тавив. Монгол Улсын 35 мянга гаруй иргэн тус улсад ажиллаж, амьдарч байна.

Консул Кил Кан Муг “БНСУ-д 172 орноос 2 сая гаруй гадаадын иргэн аж төрдөг. 1992 онд 49 мянган цагаач иргэн байсныг бодвол энэ тоо хурдацтай өсчээ.  

Сүүлийн жилүүдэд гэр бүлээрээ цагаачилж ирэх байдал эрс нэмэгдсэн. Тухайлбал 2016 оны байдлаар гэр бүлээрээ цагаачилсан 150 мянган иргэн байна. Мөн Солонгосын иргэд цагаач хүмүүстэй суух хандлага нэмэгдэж байна.

БНСУ-ын төрөлтийн хувь хэмжээ өөрчлөгдөж байгаа. 1970 онд нэг бүр бүлд 4.5 хүүхэд ногдож байсан бол 2016 онд 1.17 болтлоо буурсан. Шинээр төрөгсөд улам бүр багасаж байгаа нь хүн амын байдалд өөрчлөлт авчирч байгаа юм. Дэлхий даяар, ялангуяа БНСУ-д насжилт хурдацтай нэмэгдэж байгаад Засгийн газраас санаа зовж байна. 65-аас дээш насны хүн амын тоо улам бүр нэмэгдсээр байна. 2026 онд манай улс супер насжилттай орон болно. 2005 онд нэг өндөр настныг 8 залуу хүн тэжээж байсан бол 2050 онд нэг өндөр настныг нэг залуу хүн тэжээх болоод байна.

Цагаачдыг нийгэмшүүлэх бодлогыг манай Засгийн газраас барьж байна. Энэхүү бодлогын зорилго нь дотоод, гадаадын иргэдийг харилцааг сайжруулах, зөрчлийг бууруулах асуудал юм. Мөн гадаадын иргэнийг ялгаварлан гадуурхахаас урьдчилан сэргийлэх, улсын хөгжилд хувь нэмэр оруулах боломжоор хангах нь цагаачлалын бодлогын чухал асуудал.

2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн Нийгмийн интеграцийн хөтөлбөрийн хүрээнд шинэ цагаачдад туслах, хэл, соёлд сургах үйл ажиллагаанууд явуулдаг” гэв.

БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон нийт Монголчуудын 95.5 хувь нь эмэгтэйчүүд байна

 
Гэрэл зургийг MPA.mn

Түүний илтгэлд танилцуулснаар 2030 он гэхэд БНСУ-д байх цагаач иргэдийн тоо 3 саяд хүрэх төлөвтэй байгаа аж. 2016 оны байдлаар Монгол Улсын 35 мянга гаруй иргэн тус улсад ажиллаж, амьдарч байгаа нь 172 орноос 10 дугаарт эрэмбэлэгдэж байна. Харин 2015 оны байдлаар БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон цагаачдын тоогоор манай улс 9 дүгээрт жагсаж байгаа аж.

БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон нийт Монголчуудын 95.5 хувь нь эмэгтэйчүүд байна.