Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын засаг захиргаа Ази, Номхон Далайн бүс нутгийн нэрийг өөрчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зөвхөн Ази тивтэй харилцах Цагаан ордны бодлогыг өөрчлөөд зогссонгүй, энэ бүс нутгийн нэр томьёог ч өөрчилж байгаа ажээ.

Олон арван жилийн турш Австралиас Энэтхэг хүртлэх өргөн уудам нутгийг Вашингтон Ази, Номхон Далайн бүс (Asia-Pacific) гэж нэрлэж ирсэн. Тэгвэл Ази тивд анх удаа хийх гэж байгаа айлчлалаасаа өмнө Трамп болон түүний хүмүүс “Энэтхэг, Номхон далай” (Indo-Pacific) гэсэн шинэ нэр хэрэглэж эхэлжээ.

Өчигдөр Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Х.Р.Макмастер айлчлалын талаар сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ 43 удаа Энэтхэг, Номхон Далайн бүс гэж хэлсэн байна.

Лхагва гарагт Трамп танхимынхаа хурал дээр мөн энэ үгийг хэрэглэж байсан юм.

Ингэснээрээ Трамп өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн Азийн орнуудад, тэр дотроо Хятадад хэт анхаарал тавьсан бодлогоос зайлсхийж байгаагаа харуулж байна гэж ажиглагчид үзэж байна.

“Энэтхэг, Номхон Далайн бүс нутаг” гэсэн нэр томьёо нь энэ бүс нутаг бол зөвхөн Хятад болон зүүн Азийн бар гэгддэг хэдэн орнуудаар хязгаарлагдахгүй өргөн утгатай гэдгийг харуулах гэсэн хэрэг байж магадгүй.

Гол өрсөлдөгч болоод байгаа Хятадаас зайгаа барьж, Азийн нөгөө нэг их гүрэн Энэтхэгт ойртох гэсэн бодлого ч байж магадгүй байна. Хоёр долоо хоногийн өмнө АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон ярихдаа Энэтхэгтэй стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн чухлыг онцолж, Хятадын өсөн нэмэгдэж байгаа хүч чадлаас болгоомжилж байгаагаа нуугаагүй юм.

Энэ үеэр тэр Австрали, Япон зэрэг бүс нутагтаа Хятадтай өрсөлдөгч орнуудтай илүү хамтран ажиллахаа илэрхийлж байв. Сонирхолтой нь Тиллерсон хэлсэн үгэндээ 15 удаа “Энэтхэг, Номхон Далай” гэсэн үгийг хэрэглэжээ.

Гэхдээ энэ нэр томьёо цоо шинэ зүйл биш. Гадаад бодлогын экспертүүд Энэтхэг, Индонези, Австралийг хамарсан бүс нутгийг ийм нэрээр нэрлэсэн тохиолдол байдаг ажээ.

Ямартай ч Ази тивийн таван орноор 12 хоног үргэлжлэх айлчлалынхаа өмнө Дональд Трамп ийм нэгэн битүү дохиог дэлхий дахинд өглөө.

 

Эх сурвалж: Associated Press