Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Баатархүү: Гэр хороололд 10 мянга орчим айлын холимог орон сууц барих ажлыг хийсэнгүй

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2017 оны нийслэлийн эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2018 оны нийслэлийн эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийг нийслэлийн Засаг дарга НИТХ-д өргөн барьжээ. Энэ асуудлаар НИТХ дахь АН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Нийслэлчүүдийг тоо баримтаар хуурсан зүйл байна

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү "Нийслэлийн 2017 оны нийгэм эдийн засгийн хэрэгжилт хангалтгүй, ноцтой асуудал байна. Тиймээс бид нээлттэй мэдээлэл өгөхөөр боллоо. Нийслэлийн нийгэм, эдийн засаг таван үндсэн чиглэлээс бүрдэж байгаа. НИТХ дахь АН-ын бүлэг удаа дараа хэлэлцэж дүгнэлтийг гаргаж байгаа юм.

Учир нь үндсэн чиглэлд орж байгаа үг, өгүүлбэр болгон нийслэлчүүдийн ажил амьдралтай салшгүй холбоотой. Энэ асуудалд бид нухацтай хандах учиртай. Нийслэлчүүдийг эрүүл аюулгүй амьдрах орчны бодлого чиглэлээр тасралтгүй хангаж ажиллах ёстой НИТХ 2017 оны тавдугаар сараас хойш хуралдсангүй.

Эрх баригч МАН-ын дотоод хагарал тэмцлээс болоод хурал олон удаа хойшилсоор өнөөдөр бид хуралдах гэж байна. Нийслэлийн 2017 оны нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тайланд нийслэлчүүдийг тоо баримтаар хуурсан зүйл байна.

Нийслэлийн Засаг даргын зүгээс өргөн барьсан Улаанбаатарчуудыг аз жаргалтай болгох эхний жилийн 26 зорилтын гүйцэтгэл 88 хувьтай биелсэн гэж үзжээ. Улс орон өрнөөс өрний хооронд, иргэд нь зээлээс зээлийн хооронд амьдарч байхад аз жаргалтай Улаанбаатар болох хөтөлбөрийн биелэлт 88 хувьтай биелсэн гэж хэлэх ёс зүй бидэнд байхгүй. Мөн эдийн Засгийн өсөлт өрх бүрт чиглэсэн 6 зорилтын хэрэгжилт 89 хувьтай биелсэн гэсэн байна.

Нийслэлийн айл өрх бүрт эдийн засгийн үр шимийг хүртээж, ажилтай орлоготой болгох ажил тийм өндөр хувьтай биелсэн гэдэгт нийслэлчүүд бид санал нийлэхгүй нь ойлгомжтой. Нийслэлийн удирдлага ард иргэдийн амьдралаас хол тасарсан байна. Мөн ажлын тайлангаа худлаа гаргаж, өндөр биелэлтэй харагдуулж байна.

Иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн хүрээнд 9 байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэж батлагдсан.

Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлснээр гэр хороололд 10 мянга орчим айлын холимог орон сууц босох бөгөөд төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэх боломж байсан ч энэ ажлыг огт хэрэгжүүлсэнгүй" гэлээ. 

Цэцэрлэг баригдаагүй хороог цэцэрлэгтэй болгосон гэж тайланд дурджээ

 
Гэрэл зургийг mpa.mn

НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа "Нийслэлийн 2017 нийгэм эдийн засгийн үзүүлэлтийн дөрөвдүгээр бүлэг дээр 2017 онд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд цэцэрлэг баригдсан гэсэн байна. Гэтэл энэ хороо цэцэрлэгтэй. Өргөтгөлийн ажил нь өмнөх сард эхлээд явж байгаа. Мөн тендерийн маргаантай.

Гэтэл тус хороонд цэцэрлэг баригдаад, 100 хувийн гүйцэтгэлтэй гэж нийгэм эдийн засгийн чиглэлд тусгажээ. Багахангайд баригдах эмнэлгийн ажил 10 дугаар сард эхэлсэн. Гэтэл бас гүйцэтгэлийн хувийг өндрөөр тавьсан байна. Иргэдэд түргэн тусламжийн үйлчилгээг 3-8 минутад хүргэх чиглэлээр 625.1 сая төгрөг Чингэлтэй дүүрэгт тавигдсан. Гүйцэтгэл дээр энэ асуудал юу ч тавигдаагүй.

Өмнөх онуудад саятан багшийн хөтөлбөр хэрэгжүүлээд 1,200 орчим багш саятан багш болчихсон байсан бол энэ жил уг хөтөлбөрийн нэрийг өөрчлөөд баг хамт олонд нь олгохоор болж төрийн өмчийн 10 сургууль, 10 цэцэрлэгийг шагнаж урамшуулсан. Тус 10 сургууль, 10 цэцэрлэгийг шагнаж урамшуулснаар багш нарт урамшуулал хүрэх нь хүндрэлтэй" гэв.