Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Урангоо: Улаанчулуутын хог дээр ажилладаг хүүхдүүдийг дотор ажиллах нөхцөлөөр хангамаар байна

Г.Нарантуул, Үндэсний шуудан
2017 оны 11 сарын 3
Үндэсний шуудан
Зураг зураг

“Залуус” буландаа Японд ажиллаж, амьдардаг Г.Урангоог урьж ярилцлаа.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Яагаад Японд амьдрах болсон бэ?

-Намайг Г.Урангоо гэдэг. Би Улаанбаатар дээд сургуулийг солонгос хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөхөөсөө өмнө гадаадад очиж ажиллах сонирхолдоо хөтлөгдөн Япон орныг зорьсон. Манай дүү япон хэлний орчуулагч мэргэжилтэй. Солонгос, япон хэл дуудлага болон үгийн төгсгөл нь нэлээн төстэй. Би хэдийгээр солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй ч онгоцны үйлчлэгч болох, эсвэл Японд очиж сурах хоёр сонголттой байсан.

Сургууль төгсөхөөсөө нэг сарын өмнө виз гарснаар Япон руу явсан. Очоод хэлний сургуульд нэмэх А үнэлгээтэй сурч ажлын талбарт гарсан. Бүх л хүн маш завгүй. Өглөө ажилдаа гараад л орой гэртээ харина. Анх метронд суухаар дотор эвгүй оргино. Найз нөхөд байхгүй, монгол хүн ховор болохоор бүтэхгүй юм байна, буцъя гэх бодол л төрсөн.

Ойр дотнынхон найзууд маань “Чи туранхай, царай зүс гайгүй юм чинь модель хийж чадна. Цалин нь боломжийн юм билээ. Шалгуулаад үз” гэж санал тавьсан. Тухайн үедээ би яаж модель болох вэ дээ гээд нэг их тоогоогүй. Ингээд л Монгол руу буцах болсон. Нутаг буцахын өмнө интернет ортол модель авна гэсэн зар байсан. Яг ч ажиллана гэж анкет бөглөөгүй, сонирхоод л бөглөөд орхисон. Бөглөсөн анкетаа ч мартчихсан байсан. Гэтэл гурван сарын дараа холбогдож ярилцлагад орох санал тавьснаар Япон руу буцсан.

-Модель гэхээр загвар өмсдөг гэж ойлгож болох уу?

-Монголчуудын ойлголтоор моделийг загвар өмсөгч гэж харах нь бий. Гэхдээ хараахан тийм биш. Гэрээний дагуу хаягаар ажлын санал ирнэ. Ихэнх нь киноны зураг авалт, киноны туслах дүр, реклам зар сурталчилгааны ажлын санал. Миний ажлын хамгийн гоё нь өөрийнхөө хийж чадна гэсэн, сонирхсон ажлыг сонгох боломжтой. Миний хувьд богино хэмжээний уран сайхны киноны зураг авалтад хоёр удаа тэнцэж туслах дүр бүтээсэн.

Мөн тураах бүтээгдэхүүний зар сурталчилгаанд тоглосон. Энэ нь Японд телевизээр нэлээн цацагддаг. Мөн шууд нэвтрүүлгийн үеэр олны танил дуучид болон, хамтлагийн ард япон охидуудын хамт бүжиглэж, дуулдаг.

-Япон нэлээн өртөг өндөртэй орон. Тэр хэрээрээ цалин, мөнгөний хувьд хангалттай сайн авдаг уу?

-Өөр өөр компаниас ажлын санал ирдэг болохоор цалин мөнгө нь харилцан адилгүй. Гэхдээ мөнгөний хувьд санаа зовохооргүй болсон.

-Хэр үрэлгэн бэ?

-Би багаасаа ээжтэйгээ хамт хавар ногоо тарьж, намар ногоогоо зарж борлуулдаг байсан болохоор мөнгөний үнэ цэнэ хийгээд мөнгөө хэрхэн зөв зарцуулах тал дээр харьцангуй туршлагатай. Хамт ажил хийдэг найзууд маань цалингаа буухаар үсчин юм уу, гоо сайханд орох, ээмэг зүүлт худалдаж авахад мөнгөө зарцуулах жишээтэй. Миний хувьд цалингаасаа мөнгө хуримтлуулж чаддаг. Найзууд маань "Чи яаж мөнгө хурааж чаддаг юм бэ” гээд гайхаад л байдаг юм.

-Анх хоол унднаас эхлээд дасан зохицоход хэцүү байв уу?

-Сайхан шөлтэй хоол, мах идье гэхээр идэх хоол олдохгүй. Одоо бол хаанаас арай хямдхан мах авч болох вэ гэдгийг мэддэг болсон учраас хэцүү зүйл байхгүй. Японд нэг гоё зүйл нь брэндийн хувцас ойр, ойрхон хямдрах юм. Тэр үеэр хувцас худалдаж авахаар үнэхээр кайфтай. Мөн уур амьсгал нь чийглэг болохоор арьс их гоё толигор болдог.

-Монголд төрийн бус байгууллага үүсгэн байгуулсан юм билээ. Төрийн бус байгууллагаараа дамжуулан ямар ажлууд хийж байна вэ?

-Би найзуудтайгаа хамтран “Хүүхдийн баяр хөөр" төрийн бус байгууллага 2013 онд байгуулсан. Нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд оюун санаа болон эд материалын тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой, таван гишүүнтэй манай байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Монголд байх хугацаандаа нийслэлийн 44 дүгээр сургуулийн захирлаас зөвшөөрөл авч нийгмийн ажилтантай нь хамтран эмзэг бүлгийн тэр болгон хувцас авч чадахгүй хүүхдүүдэд хүрч ажилласан.

Мөн өнгөрсөн өвөл Улаанчулуутын хогийн цэг дээр ажилладаг хүүхдүүдтэй уулзаж, ажлыг нь хамт хийж нэг өдрийг өнгөрүүлсэн. Өндөр хөгжилтэй орнуудад хогийг ангилдаг. Харин Улаанчулуутын хогийн цэг дээр 7-10 насны хүүхдүүд хогийг ангилж байх жишээтэй. Хэдийгээр тэд маск зүүсэн ч маск нь тас хар өнгөтэй, өмссөн хувцасных нь хир дагтаршсан байсан.

Тэр хүүхдүүдийг ядаж гадаа биш дотор ажиллахад анхаарах ёстой юм байна гэдгийг л мэдэрсэн. Тэр олон хүүхдээс нэг л хүүхэд сургуульд явдаг гэсэн. Нийгмийн ийм хэцүү хэсгийг төр засаг маань анхааралдаа аваасай гэх бодол байнга бодогдож явна.

-Танай төрийн бус байгууллагын цаашдын зорилго юу вэ. Цаашид юунд төвлөрч ажиллах вэ?

-Цаашдаа би эх орондоо ирж дээр дурдсан хүүхдүүдэд туслах зорилготой байна. Жишээлбэл, өөрийн мөнгө санхүүд таарсан сургууль цэцэрлэгтэй болгох гэх мэтчилэн. Би зөвхөн өөрийгөө болгож, хөгжилтэй оронд амьдрах биш. Эх орныхоо нийгэмд болж бүтэхгүй байгаа бүхэнд тус нэмэр болохыг зорьж байгаа.

-Найз залуутай юу, гадаадад олон жил амьдарсан хүмүүс гадаад хүнтэй гэр бүл болох нь элбэг. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Найз залуу байхгүй. Манай ажил гэрээндээ тусгасан байдаг л даа. Олны танил хүмүүстэй яриа өрнүүлэх боломжгүй. Өглөө ажилдаа ирж хийх ёстой ажлаа хийнэ, орой сайхан амраарай гээд л гарах жишээтэй. Нэг ёсондоо хоорондоо утас, солилцох найз нөхөд болох боломжгүй.

Зураг