Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхбаяр: Гэр бүлийн хүчирхийлэл хамгийн өндөр ял шийтгэлтэй таван гэмт хэрэгт багтдаг

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулиудын хэрэгжилтийн талаар НББСШУ, ХЗБХ-ны хамтарсан ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

2018 онд нэг цэгийн үйлчилгээний 10, түр хамгаалах 5 байрыг ашиглалтад оруулна

Энэ үеэр ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр "Эрүүгийн хуулиар хүчирхийллийн төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүний ял хоёр жилийн хугацаатай болсон, мөнгөн торгууль төлдөг гэсэн ташаа мэдээлэл гарсан. Өмнөх болон шинэ хууль тогтоомжоор ч тэр бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг Эрүүгийн хуульд байгаа.

Энэ төрлийн гэмт хэрэг хамгийн өндөр ял шийтгэлтэй таван төрлийн гэмт хэргийн нэг хэвээрээ. 2002 оноос манай улс таван төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ял шийтгэл оногдуулдаг болсон. Үүний нэг нь бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг байсан.

Харин цаазаар авах ялыг халсантай холбоотойгоор бүх насаар нь хорих ял болгож өөрчилсөн. Хүчирхийллийн гэмт хэрэг хатуу ял шийтгэлтэй хэвээрээ байгаа. Бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ял байхгүй. Мөн тэнсэх ойлголт энэ төрлийн гэмт хэрэгт байхгүй. 

Энэ асуудалтай холбогдуулж хэлэхэд хохирогчийг түр хамгаалах байрны асуудал хүндрэлтэй байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр батлагдсан. Хууль батлагдсанаасаа хойш нэг сарын дотор үйлчилсэн.

Уг хуулийг дагасан 40 гаруй журам, сургалт, нэг цэгийн үйлчилгээ байгуулах асуудал дээр ХЗДХЯ, Засгийн газрын зүгээс анхаарч ажиллаж байгаа. Хууль сахиулахын их сургуулийн хичээлийн агуулгад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тусгайлсан хөтөлбөрийг оруулсан. Энэ асуудалтай тэмцэхэд бусад нарийн мэргэжлээр хавсарсан байдлаар хүмүүсээ бэлтгэх шаардлага байгаа.

Нөгөө талаар бид энэ төрлийн гэмт хэрэгтэй урьдчилан сэргийлж тэмцэхийн тулд нөхцөл байдлаа зөв оновчтой тооцох ёстой. Гэр бүлийн хүчирхийлэл бол хамгийн нуугдмал гэмт хэрэг. Зөвхөн ил гарч байгаа мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байна. Манай улсад гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал ямар байгаа талаар улсын хэмжээнд нууц тандан судалгаа явуулсан. Үүнийг нийтэд мэдээлэхгүй.

Яагаад гэвэл энэ судалгаа аргачлалын хувьд найман мянга орчим хүнтэй биечилж уулзаж, нарийн мэргэжлийн сэтгэлзүйчдийг газар дээр нь очуулж, гурван сарын хугацаанд хийгдсэн нарийвчилсан судалгаа юм.

Асуудал санаа зовоох түвшинд байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг манай улсад үйлдэгдэж байгаа хулгай, зам тээврийн ослын дараа орж байна. Өөрөөр хэлбэл гурав дахь хамгийн түгээмэл үйлдэгддэг гэмт хэрэг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдах үед улсын төсөв батлагдчихсан байсан. Улсын төсвөөр шийдэх боломж байгаагүй ч донор байгууллагууд болон олон улсын түншүүдээс идэвхтэй хамтарч ажилласны үр дүнд 2018 онд нэг цэгийн үйлчилгээний 10, түр хамгаалах таван байрыг ашиглалтад оруулна" гэв.