Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Батболд: Засаг даргын хийж буй хууль бус үйл ажиллагаанаас Увс аймаг эзэнгүй боллоо

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 11 сарын 2
iKon.MN

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханыг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж буй талаар өнөөдөр нутгийн иргэд мэдээлэл хийлээ.

Ажлаа хийж байгаа албан хаагчдыг дарамтлах, шахалт үзүүлэх байдал илт нэмэгдсэн

 

Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ц.Батболд "Засаг даргын хийж буй хууль бус үйл ажиллагаанаас болж аймаг, орон нутаг эзэнгүй боллоо. Аймгийн намын мөрийн хөтөлбөрт тусгасан ажил үүргээ, ажил болгож эхлүүлээгүй.

Төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээ хаалттай, дутуу, дулимаг, цөөхөн хүмүүсийн эрх ашигт үйлчилдэг болсон. Мөн ах, дүү, найз нөхөд, тойрон хүрээлэгчдийн томилгоо хэрээс хэтэрч, ажлаа хийж байгаа эгэл жирийн төрийн албан хаагчдыг дарамтлах, шахалт үзүүлэх байдал илт нэмэгдээд байна.

Засаг дарга Д.Батсайхан нь Эрүүгийн хуулийн 262 дугаар зүйл анги буюу өршөөлд хамрагдахгүй зүйл ангиар шүүхээс шийтгэгдэж байсан. Тэрбээр Увсын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа төрийн албан хаагчдад зориулсан таван давхар 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгож 120 гаруй сая төгрөгийг завшсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон.

Улсын яллагчаас ял ногдуулж анхан шатны шүүхээс түүнд хоёр жил төрийн албан тушаал эрхлэх эрхийг нь хасаж, хоёр жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэж байсан. Ялтай хугацаа нь дуусаагүй байтал төрийн албанд томилогдсон.

Тиймээс аймгийн Засаг дарга Д.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэхээр ард иргэдийн саналыг сонсож, гарын үсгийг цуглуулсан. Цаашлаад аймгийн ИТХ-ын хуралдаанд оруулах, Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж ажиллана гэдгээ мэдэгдэж байна" гэсэн юм.

Мөн энэ сарын 7-нд Увс аймгийн төв Улаангом хотод байрлах Ю.Цэдэнбалын талбайд аймгийн төвийн иргэд болон 16 сум, 150 багийн иргэдийн төлөөлөл тайван жагсаал хийх юм байна.

Залуу боловсон хүчнээ дэмжихгүй, ажилд оруулахгүй байвал энэ нутаг хөгжихгүй

 

Увс аймгийн 3 дугаар багийн иргэн О.Булган "Би ХААИС-д суралцаж байхдаа хувийн компанид жил ажилласан. Сургуулиа онц дүнтэйгээр төгсөөд, нэг жил ажилласан туршлагатай учраас нутагтаа ажиллахаар ирсэн. Түүнээс хойш ажлын байрны орон тоо зарлагдах бүрт материалаа өгдөг байлаа.

Гэтэл ажилд орж чадаагүй. Тиймээс өөрийгөө илүү боловсрох ёстой юм байна гэж бодоод, БНХАУ руу тэтгэлгээр сурахаар явсан. Сургуулиа төгсөөд нутагтаа ажиллахаар итгэл дүүрэн ирсэн. Гэтэл надад ахиад татгалзсан хариу өгсөн. 

Увс аймагт хэдэн дарга нарын доор байдаг бүлэглэл бий болсон. Ажлын байранд дандаа хамаатан, найз нөхдөө оруулдаг. Залуу боловсон хүчнээ дэмжихгүй, ажилд оруулахгүй байвал энэ нутаг хөгжих боломжгүй. Аймгийнхаа хөгжлийн төлөө залуусыг тайван жагсаалд нэгдэхийг уриалж байна" гэлээ.
 
Улсын хэмжээнд шилэн дансаа ажиллуулдаггүй хоёр аймгийн нэг нь Увс. Тиймээс шилэн дансаа ажиллуулахгүй байх нь тэдний хувьд хууль бус үйлдлээ нуухад хэрэгтэй байдаг хэмээн хардаж байгаагаа тус аймгийн иргэд хэлж байсан юм.