Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

StarCraft тоглоомын хувьд хүн төрөлхтөн Роботуудаас илүү байгаагаа харуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 2
IKON.MN
Зураг зураг

Сүүлийн үед хүн ба роботын тулаан олон салбарт өрнөж байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн Мягмар гарагт Өмнөд Солонгосын мэргэжлийн тоглоомчин компьютерийн стратегийн тоглоом болох StarCraft-аар хиймэл оюунт роботуудтай тулалдаж бүгдийг нь ялжээ.

Сөүлийн Сежон их сургууль дээр болсон энэ тэмцээнд роботууд хоёр сонирхогчийг харин ялж чадсан байна. Гэвч дэлхийн шилдэг тоглогчдын нэг Сон Бюн Гу дөрвөн янзын роботтой тулалдаж бүгдийг нь ялжээ.

StarCraft тоглоомоор мэргэшсэн Өмнөд Солонгосын MJ Bot, Австралийн ZZZK, Норвегийн TSCMOO, Фэйсбүүк компанийн CherryPi роботууд энэ тэмцээнд оролцсон юм.

Гэхдээ маш нарийн түвэгтэй тоглолт шаарддаг StarCraft-ийн хувьд роботуудын чадал хязгаарлагдмал гэдгийг өмнө нь мэргэжилтнүүд дүгнэж байв. Харин Го мэтийн хөлөгт тоглоомын хувьд роботууд аль эрт хүмүүсийн дээр гараад байгаа билээ.

Google-ийн боловсруулсан AlphaGo робот нь Го тоглоомыг “machine learning” аргаар өөрөө суралцсан байдаг тул илүү давуу талтай бол StarCraft роботуудын хувьд зөвхөн зохион бүтээсэн хүмүүсийн бүтээсэн алгоритмаар тоглох хэмжээнд байгаа юм.

Гэхдээ өөрөө суралцаагүй, програмчлагдсан роботууд ч Го тоглоомын хувьд хүнээс илүү байгаа нь өмнөх туршилтуудаас харагдсан байна. StarCraft тоглоомын хувьд хүн тоглогч минут тутамд 300 орчим үйлдэл гүйцэтгэх чадвартай байдаг бол роботууд минутад 20,000 үйлдэл гүйцэтгэх чадвартай. Тиймээс хэчнээн өөрөө суралцаагүй ч роботуудын хувьд давуу тал байсан нь тодорхой байна.

Роботуудыг ялсан Сон дараа нь ярихдаа “Тэдэнтэй тоглоход яг хүнтэй тоглож байгаа мэт мэдрэгдэж байсан ч нарийн мэдрэмжээр өөрийгөө хянах, шийдвэр гаргах дээр дутуу байгаа нь харагдлаа” гэжээ.

“Роботуудыг сургахад мэргэжлийн тоглоомчид оролцвол чадвар нь эрс нэмэгдэхээр харагдаж байна. Тэднийг нэгэнт сайжруулчихвал хүний хүчтэй өрсөлдөгч болох нь гарцаагүй” гэж тэр бас ярьсан байна.

 

Эх сурвалж: Korea Herald