Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Лотте группын 94 настай эзэнд 10 жилийн хорих ял төлөвлөжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Татвараас зугтсан хэрэгт холбогдсон Лотте группын өндөр настай эзэнд 10 жилийн хорих ял оноох хүсэлтийг Өмнөд Солонгосын прокурор өчигдөр гаргажээ.

Шин Кюк Хо өнөөдрийн аварга компаниа 1949 онд Токио хотод анх байгуулж байсан нь хүнс, жижиглэн худалдаа, зочид буудлын бизнесийн том групп болон өргөжсөн юм.

Гэвч 94 настай Шин компанийн удирдлагад онц нөлөөгүй хамаатнууддаа олон сая долларын цалин хангамж өгсөн, нууц амрагтаа ашигтай гэрээ хийх эрх өгсөн зэрэг хэрэгт буруутгагдаад байна.

Нийтдээ $69.7 саяын алдагдлыг Лотте группт үүсгэсэн гэгдэж байгаа ахмад бизнесмэн бас өөрийн өв хөрөнгийг нууцаар төрөл төрөгсөддөө шилжүүлж, татвараас зугтсан гэгдэж байгаа юм.

Зөвхөн хорих ял эдлээд зогсохгүй, 300 сая воны торгууль төлөх ёстой гэж прокурор дүгнэсэн байна.

Лхагва гарагт Сөүлийн шүүхийн байранд тэргэнцэр дээр хүргэгдэж ирсэн Шин шүүгчдийн асуултыг ойлгох ч чадваргүй байжээ.

Шиний нууц амраг болон төрөл төрөгсөд, Лотте группын одоогийн ерөнхийлөгч Шин Дон Бин нар мөн шийтгүүлэхээр болж байна.

Өндөр настанд 10 жилийн хорих ял төлөвлөсөн бол бусад хүмүүст 3-5 жилийн хорих ял оноохыг прокурор хүсжээ.

Шин Кюк Хо хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчиж, Лотте группыг дан өөрийн хувийн өмч мэтээр дураар аашилсан нь түүний гол буруу гэнэ.

Ер нь Өмнөд Солонгосын эдийн засагт нөлөөтэй том группүүд гэр бүлийн бизнесийн суурин дээр боссон тул иймэрхүү асуудлууд нийтлэг тохиолддог. Ийм нэг гэр бүлд эрх мэдэл төвлөрдөг томоохон бизнесүүдийг тус улсад “чаебол” гэж нэрлэдэг ажээ.

 

Эх сурвалж: AFP