Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Германчууд хиймэл оюуны тусламжтайгаар нарийвчлал багатай зургийг сайжруулдаг болжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Сайжруулсан зургийн жишээ

Хуучны камераар авсан гэрэл зурагнуудын чанар жил ирэх тутам гологдож байдаг. Нэгэнт бага нарийвчлалтай (цөөн цэгийн нягтралтай) буулгасан гэрэл зурагнуудыг засаж сэргээх боломжгүй байдаг билээ.

Тэгвэл Германы судлаачид ямар ч муу чанартай зургийг өндөр нарийвчлалтай болгон сайжруулдаг програмыг зохион бүтээжээ. Германы Макс Планкийн хүрээлэнгийн судлаачид хиймэл оюуны тусламжтай ажилладаг алгоритмийг боловсруулж амжилттай туршсан байна.

Үр дүн нь бараг төгс гэж хэлж болохоор байгаа юм.

EnhanceNet-PAT гэж нэрлэж байгаа систем нь машин өөрөө суралцах (machine learning) аргаар ийм хувиргалтыг хийдэг болжээ. Эхлээд судлаачид олон сая чанар муутай зургийг чанартай хувилбарынх нь хамт машинд өгч сургасан байна.

Машин эхлээд чанар муутай зургийг сайжруулж, цэгийн тоог нь ойр орчмын цэгүүдийн өнгө дагуу нэмж баяжуулах ажил хийжээ. Үүнийхээ дараа зурагны чанартай хувилбартай нь өөрийн хийсэн ажлыг харьцуулж, гаргасан алдаагаа олж, дахин суралцах замаар чадвараа нэмэгдүүлж байсан гэнэ.

Одоо харин хиймэл оюунтай машин нь мэргэшиж, дахин сайн чанартай зурагтай нь харьцуулж, өөрийн бүтээлийг шалгах хэрэггүй болсон байна.

Шинэ алфоритмийг ашигласан програм, аппликэшнүүд зах зээлд удахгүй гарснаар хуучны бага цэгийн нягтралтай гэрэл зургуудыг цоо шинэ болгон сайжруулах боломж нээгдэх юм.

 

Эх сурвалж: The Next Web