Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хармагтайн ордын нөөцийг Оюу толгойтой харьцуулах үндэслэлтэй юу?

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хотоос урагш 420 км-т буюу Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт орших Хармагтай ордын нөөцийн талаар Ашигт Малтмал, Газрын Тосны Газрын дарга Б.Баатарцогт өнөөдөр албан ёсны мэдээлэл өглөө. 

Хармагтайн ордыг Оюу толгойн ордтой тэнцэх хэмжээний том орд хэмээх мэдээлэл тараад байгаа билээ. 

Тэгвэл Б.Баатарцогт энэ талаар "Хармагтайн зэс, алтны ордын төслын талаар мэдээлэл өгье. 1993 онд анх 100 хувь Канадын хөрөнгө оруулалттай компани хайгуул хийж эхэлсэн. 2002 онд Айванхоу компани өөрийн охин компани "Оюут Улаан"-д шилжүүлсэн байдаг. 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр тухайн талбайн нөөц нь тогтоогдож А буюу ашиглалтын лицензтэй болсон. Ордын нөөцийг Эрдэс, баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулснаар бол баттай, бодитой, боломжтой буюу ABC зэрэглэлээр 86 сая тонн хүдэр, үүнээс алтны нөөц нь 38.4 тонн, зэсийн нөөц нь 348 мянган тонн гэж бүртгэгдсэн байна. 2013 оноос хойш тухайн талбайд ашиглалтын үеийн нэмэлт хайгуулын ажил хийгдэж байгаа. 

Саяхан тухайн компани хөрөнгийн бирж дээр өөрийн хайгуулын ажлын үр дүнг мэдээлсэн. Хайгуулын ажлын үр дүнгээр нөөц баялаг нь тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа. Үүнийгээ ойрын хугацаанд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр оруулах байх. 

Энэ ордыг Оюу толгойгоос том, дэлхийн хэмжээний орд гэж яриад байна. Өнөөдрийн тогтоогдсон нөөцөөр бол алтны нөөц нь 38 тонн байгаа. Гэтэл Оюу толгойн ордын алтны нөөц 1,800 тонн байгаа. Зэсийн нөөц нь 348 мянган тонн байхад Оюу толгойн ордынх 40 сая тонн гэж тогтоогдсон. Тиймээс үүнийг харьцуулахад ямар хэмжээний орд гэдэг нь харагдаж байна. Гэхдээ мэдээж хайгуулын ажил явагдаж байгаа учраас нөөц нь нэмэгдсэн үр дүн гарах байх" гэв. 

 

Хармагтай ордын лицензийг эзэмшигчид Австралийн Хөрөнгийн бирж дээр "Занаду Майнз" нэрээр бүртгэлтэй. Тэд JORC стандартаар Хармагтайн зэс, алтны ордын нөөцийн талаарх танилцуулгыг олон нийтэд мэдээлжээ.