Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын цөмийн туршилтын байгууламж нурж, 200 орчим хүн амиа алдсан гэнэ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын үйлдсэн сүүлийн цөмийн туршилтын үеэр газар доорх туршилтын хонгил нурж, доод тал нь 200 хүн амиа алдсан тухай Японы хэвлэл өчигдөр мэдээлжээ.

Есдүгээр сарын 3-нд болсон тус дэглэмийн хамгийн хүчтэй туршилтаас хэд хоногийн дараа ийм осол болсныг Японы Асахи телевиз Хойд Солонгосын нэрээ нууцалсан эх сурвалжаас олж мэдсэн байна.

 Пунги-ри дэх энэхүү байгууламж нь олон удаагийн туршилтын улмаас хөрсөнд цууралт үүсгэж, газрын гүнээс цацраг идэвхит бодис алдах магадлал өндөр болоод байгааг мэргэжилтнүүд анхааруулж байсан юм.

2006 оноос хойш зургаа дахь удаагаа цөмийн туршилт энд хийсэн бөгөөд энэ үеэр газар хөдөлсөн нь хөрш зэргэлдээ орнуудад ч мэдэгдсэн юм.

Хиймэл дагуулаас авсан зурганд туршилтын байгууламжийн дээр байдаг уулын хөрсөнд ан цав үүссэн нь харагдаж байгааг судлаачид тогтоосон байдаг.

Есдүгээр сард болсон туршилтын дэлбэрэлтийн хүч 120 килотонн буюу 1945 онд Хирошимад хаясан атомын бөмбөгний хүчээс даруй найм дахин их байжээ.

Хойд Солонгосын дэглэм дотооддоо гарсан осол эндэгдлийн талаар огт мэдээлдэггүй. Өмнөд Солонгосын хоёр Солонгосын нэгдлийг хариуцсан яамны төлөөлөгч энэхүү мэдээллийг батлах баримт олдоогүй байгааг мэдээлсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногт Өмнөд Солонгост анх удаа айлчлах гэж байгаа. Түүний уулзалт ярианы гол сэдэв нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудал байх юм.

 

Эх сурвалж: AFP