Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Унхиагүй улсын УРАГШИЛДАГГҮЙ төслүүд

Б.Энхмарт, Үндэсний шуудан
2017 оны 11 сарын 1
Үндэсний шуудан
Зураг зураг

-Улс оронд хэрэгтэй ч улстөрчдөд ашиггүй бол эдгээр төсөл цаасан дээрх зураг хэвээр музейд хадгалагдаж мэдэх нь-

Хэрэгжүүлсэн бол өдийд үр ашгаа чамгүй өгч, эдийн засгийн тодорхой хувийг “үүрэлцэх” томоохон төслүүд цаасан дээрээ шарласаар, санаачлагчдынхаа ширээ-ний нүд, эзэн нь хэрэглэхээ больсон цүнхэнд хадгалагдсаар байгаа нь харамсалтай.

Тухайлбал, Эгийн голын усан цахилгаан станц, Шүрэнгийн цахилгаан станц, ТЭЦ V, Тавантолгойн цахилгаан станц, Орхон говь, Хэрлэн говь гэх мэт эдийн засаг төдийгүй тухайн бүс нутаг, хүн амд зайлшгүй шаардлага, хэрэгцээтэй, ирээдүйн үйлдвэрлэл, хөрөнгийн үүц байхаар стратегийн ач холбогдолтой төслүүд ихэвчлэн нам, дарга, даамлын халаа сэлгээ, нөлөөллөөс үүдэлтэйгээр цөөн зарим нь хөрөнгө, санхүүжилтгүйн улмаас гацсаар байгаа.

Жилийн жилд аль нэгийг нь хэрэгжүүлэх нь үү гэх горьдлого тавьдаг ч Монгол Улс өнгөрсөн 27 жилд нэг "М" бүсийн хэмжээний төсөл хэрэгжүүлж чадсангүй. Үнэндээ том төслүүдийн гав гинж, гацаа бол улс Төрийнхний нөлөөлөл, тэдний бие биедээ тавьсан чагт гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Энэ талаар “Багануур" нүүрс шингэрүүлэх төслийн удирдагч Б.Мөнхтөр “Монголд хэрэгжүүлэх гэж байгаа мега төслүүдийн хувьд Монголын талаас хийх ёстой ажил бараг 80-90 хувь нь хоорондоо адил байдаг.

“Тавантолгой цахилгаан станц" төсөл дээр тулгарч байгаа санхүүжилт, зөвшөөрөл авах, хөрөнгө оруулалтын гэрээний зовлон зэрэг асуудал бүх том төсөлд адил тулгарч байгаа” гэсэн бол “Ньюком” группын Эрчим хүч, дэд бүтэц хариуцсан захирал Д.Ганхуяг “Дэд бүтцээ түрүүлж хөгжүүлээд дараа нь уул уурхайн том төслүүдээ явуулдаг олон улсын жишгээс Монгол Улс эсрэгээр явдаг. Бодлогын талаасаа дэд бүтцээ хэзээ, яаж хөгжүүлэхээ сайн харахгүй бол эдийн засгийн том боломжуудаа алдсаар байна” гэж байв.

Хамгийн наад зах нь Тавантолгойн цахилгаан станц гурван жилийн өмнө ашиглалтад орсон бол өнөөдөр 950 сая кВт.цаг эрчим хүчийг Хятадаас авч, 1 кВт.цаг тутамд 10.5 цент төлөхгүй, уг мөнгө Монголд үлдэх боломж байв. Энэ мэтээр гацаанд байгаа том төслүүдийн эдийн засгийн үр ашгийг тооцвол тоймгүй тоо гарах нь тодорхой. Ингээд хэрэгжүүлбэл монголчуудад хэрэгтэй ч “хэрэгжүүлж болдоггүй” том төслүүдээс сонирхуулъя.

26 НАСТАЙ Ч “ХӨЛД” ОРДОГГҮЙ ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ

Эгийн гол дээр 1991 онд усан цахилгаан станц барих Засгийн газрын шийдвэр гарч, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ТЭЗҮ боловсруулах ажил эхэлсэн байдаг. 1992-1995 онд Швейцар, Итали, Монголын компаниудын хийсэн ТЭЗҮ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг үндэслэн, 1996-1997 онд Монголын Засгийн газар төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ авсан ч бодит ажил хэрэг болж чадаагүй юм.

Хоёр дахь удаагаа 2006 онд оролдлого хийсэн байдаг. Эгийн голын усан цахилгаан станцыг УИХ-аас баталсан Монгол-Хятадын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх хэлцэл хийгдэж, 2007 онд тендер зарлан, Хятадын  компаниуд шалгарсан байдаг. Гэвч засаг солигдон Ерөнхий сайд төслийг татаж авснаар дахин зогссон. Түүнээс хойш 2013 оны арваннэгдүгээр сард Төслийн нэгж байгуулагдсанаар төслийг хэрэгжүүлэх гурав дахь удаагийн оролдлого эхэлсэн. Төслийн нэгжийнхний хэлж буйгаар цаасан дээрх ажлууд дуусаж, төсөл хэрэгжихэд бэлэн болжээ.

ОХУ-аас ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн санд Монголын усан цахилгаан станцууд Байгал нуурын урсцад нөлөөлнө гэсэн гомдлыг удаа дараа гаргасаар ирсэн. Дээрх гомдлыг барагдуулах үүднээс Төслийн нэгж нэмэлт зардал гарган, Байгал нуурын усанд Эгийн голын усан цахилгаан станц хэрхэн нөлөөлөх талаар судалгаа хийлгэжээ. 0.023 хувийн нөлөөлөлтэй буюу хуурай жилийн нөлөөллөөс бага хэмжээний нөлөө үзүүлнэ гэсэн дээрх дүгнэлтийг Оросын талд удахгүй хүлээлгэж өгөх гэнэ.

Төслийн ерөнхий зөвлөхөөр Францын “GDF Suez’’-ийн охин компани “Трактебел инженеринг” ажиллаж, ТЭЗҮ-г шинэчилж дуусаад байна. Хоёр үе шаттай хэрэгжих 220 МВт-ын төсөл байсныг суурилуулах хүчин чадлыг 315 МВт болгосноор өмнөх ТЭЗҮ бараг 95 хувь өөрчлөгджээ. Усны нөөцийн судалгаагаар ойролцоогоор 600-610 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэнэ. Усан цахилгаан станцын далан 103 метр өндөртэй, тэнхлэгийнхээ дагуу урт нь 740 метр, хиймэл нуурын усны түвшин 910 метр. Усан сангийн эзлэхүүн буюу цэвэр усны нөөц нь 5.7 тэрбум куб метр.

Эгийн голын усан цахилгаан станцыг барьснаар төвийн бүсийн эрчим хүчний системийн 35, Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 20 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчээр буюу нүүрсхүчлийн хий агаарт цацахгүйгээр үйлдвэрлэх юм. Төслийн нийт өртөг зөвлөх компанийн тооцсоноор 827.6 сая доллар. Усан цахилгаан станцын ажиллах жилийг 50 жилээр тооцжээ. Гэвч өнөөдрийг хүртэл Эгийн голын усан цахилгаан станц төсөл хэвээр байгаа юм.

ТЭЦ V БА ТЭЭНЭГЭЛЗЭЛ

2011 онд Монголын Засгийн газар V цахилгаан станцын тендерийг олон улсад зарласан. 36 компани сонирхлоо илэрхийлснээс 11 консорциум эхний шалгаруулалтад тунаж, дөрвөн оролцогчтой консорциум тендерт шалгарч байв. Консорциумыг дэлхийн хамгийн том эрчим хүчний групп гэгддэг Францын “GDF Suez”, Японы зургаан том трэйдинг компанийн нэг “Сожиц”, дэлхийд эхний тавд багтдаг гангийн үйлдвэрлэгч “Поско” группын эрчим хүчний салбарыг хариуцдаг охин компани “Поско энержи”, Салхитын салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулсан “Ньюком” групп бүрдүүлдэг.

Станцын байршлыг 2012 оны техникийн анхны нөхцөл дээр III цахилгаан станцын баруун талд гэж зарласан ч шинэ Засгийн газар, хот зүүн тийшээ тэлж байхад эх үүсвэрүүд баруун талдаа төвлөрч байна гэсэн үндэслэлээр байршлыг өөрчлөх болсон юм. Консорциум 1.5 сая ам.доллараар 10 гаруй төрлийн судалгаа хийсний үндсэн дээр Хөлийн гол буюу Ургах наран хороолол орчимд байршил сонгон, шинээр ТЭЗҮ хийж, Засгийн газарт танилцуулсан. Урт хугацаанд, эрчим хүчний найдвартай, баталгаатай, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй эх үүсвэр болно гэж буй V цахилгаан станц нь 450 МВт буюу одоогийн суурилагдсан хүчин чадлыг бараг тал хувиар нэмэгдүүлэх юм.

Төслийн өртөг урьдчилсан тооцоогоор 1.3 тэрбум ам.доллар юм. Хөрөнгө оруулалтын 25 хувийг консорциум, үлдсэн 75 хувийг олон улсын санхүүгийн байгууллагуудаас санхүүжүүлнэ. Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч хамгийн том станц болох V цахилгаан станцыг Концессын гэрээгээр 25 жил ашиглаад улсад хүлээлгэж өгөх юм. Барилгын явцад 600-700 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын эх үүсвэрээс хэрэглэх буюу оролцуулна гэж буй. Барилга угсралтын үед 3,000, ашиглалтад орсон үед 400 хүн ажиллахаар төлөвлөжээ. Гэхдээ мөн л өдгөө уг төсөл зогсонги байдалтай байна.

“ОРХОН ГОВЬ” төсөл ДАХИН ГАЦАВ УУ

2007 онд буюу өдгөөгөөс 10 жилийн өмнө говийн бүсийн усны хэрэгцээг хэрхэн хангах тухай хэсэг нөхөд төсөл боловсруулсны нэг нь “Орхон говь" төсөл. Төслийн хүрээнд 740 км урттай шугаман хоолойг Тавантолгой, Оюутолгой руу татаж, тэдгээрээс салаалуулан Мандалговь, Даланзадгадыг гадаргын усаар хангахыг санаачлагчид нь зорьж байсан ч хөрөнгө оруулалтгүйн улмаас царцаад байсан юм.

Харин өнгөрсөн гуравдугаар сарын 15-ны Засгийн газрын хуралдаанаар Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулахаар тогтсон. Ингэхдээ шинэ үйлдвэрээс гадна Оюутолгойн баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс угаах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станц зэрэг уул уурхайн томоохон үйлдвэрүүдийн усан хангамжийн асуудлыг “Орхон говь", “Хэрлэн говь", “Онги говь” төслүүдээс боломжтойг нь сонгон хэрэгжүүлэхээр болсон.

Улмаар “Орхон говь” төслийг хэрэгжүүлэх Ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаман дээр Төрийн нарийн бичгийн даргаар нь ахлуулан байгуулснаар говийн бүс нутаг руу ус татах “Орхон говь” төсөл дахин сэргэж, хэрэгжихээр болсон юм. Хуурайшилт ихтэй, хур тунадас бага унадаг Монгол орны хувьд хаврын шар усны үер, зуны хур борооны үерийн усыг хуримтлуулан хангай, говийн бүс нутгууд руу түгээх нь төслийн гол зорилт.

Энд сануулахад, Орхон голын урсгалыг хааж, сэтлээд усыг нь говь руу дамжуулах гэж байгаа мэт ойлголт иргэдийн дунд бий. Дэлхийн цаг уурын дулаарал, цөлжилтийн улмаас ширгэх аюул нүүрлээд байгаа цөөхөн хэдэн голынхоо “амийг таслах нь” гэж эсэргүүцэх нь буруу биш. Гэтэл мөн чанартаа усны нөөц багатай, эсвэл гол ус тасрах буюу ширгэх тохиолдолд авдаг арга хэмжээнүүдийн нэг нь голын урсцад тохируулга хийж усыг нэмэгдүүлэх арга юм.

“Орхон говь" төслийн өнгөрсөн хугацаанд хийгдсэн судалгааны үр дүнд Орхон голын урсац хамгийн их буюу 41.6 мянган л/сек гэж тогтоогдсон Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутаг дахь хэсэгт хиймэл нуур байгуулах боломжтой гэж гарчээ. Хиймэл нуур нь 730 сая шоо метр ус хуримтлуулах багтаамжтай юм. Үүнээс 580 сая шоо метр нь ашиглах боломжтой эзлэхүүн байх аж. Эндээс 80 сая шоо метр ус буюу 2,500 л/сек усыг хэрэгцээт бүс нутгууд руу дамжуулна. Дамжуулах усны 40 хувийг уул уурхайн үйлдвэрлэл, үлдсэн 60 хувийг хот суурин, хүн ам, газар тариалан, малын бэлчээр зэрэгт зориулахаар тооцоолсон байдаг.

2013 оноос MINIS буюу Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн (УУДБХОДТ) хүрээнд “Орхон говь” төслийн Техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), Байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээ (БОННҮ) боловсруулах ажил хийгдэж байна. Орхон гол нь Сэлэнгэ мөрөнд цутгаж, цаашлаад ОХУ-ын Байгал нуурт хүрдэг. ЮНЕСКО-гийн өвд бүртгэлтэй Байгал нуур нь Орос орны цэнгэг усны 80, дэлхийн 20 хувийг агуулдаг.

Энэ утгаараа олон улсын дүрэм журам, хилийн усны асуудал үүсээд буй. Сэлэнгэ мөрөн Монголын хил даваад урсан гарахдаа дунджаар 339 шоо м/секунд байдаг. Нэг гэж тоолоход 339 тонн ус урсаад өнгөрнө гэсэн үг. “Орхон говь” төслийг хэрэгжүүлж хиймэл нуур үүсгэлээ гэхэд хилээр гарч байгаа усны 0.7 хувийг л авах юм гэж Усны үндэсний төвийн Гүйцэтгэх захирал, “Престиж” группын усны инженер М.Далайцэрэн тайлбарлаж байгаа. Гэсэн ч Орхон гол дээр хиймэл нуур байгуулж, голын урсцад тохируулга хийх нь Байгал нуурын экосистемд сөргөөр нөлөөлж болзошгүй. Тиймээс “Орхон гавь” төслийг хэрэгжүүлэхийн тулд оросуудтай хэлэлцээр хийж, нэгдмэл байр суурьт хүрэх ёстой юм. Үүнтэй холбоотойгоор уг төсөл дахин нам жим болов бололтой.

Энэ талаар УУДБХОДТ-ийн зохицуулагч Б.Ариун-чимэг “Оросын талд явуулсан хэлэлцүүлгийн үр дүнд Бүс нутгийн байгаль орчны үнэлгээний судалгааны ажлыг хоёр хэсэгт хуваахаар Монгол Улсын Засгийн газрын түвшинд шийдвэрлэж байгаа. Эхний хэсэг болох Бүс нутгийн байгаль орчны үнэлгээний урьдчилсан бэлтгэл ажлын даалгаврыг боловсруулах шатандаа явж байна. Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ хийж дуусахад дор хаяж хоёр жилийн хугацаа шаардлагатай.

Энэхүү үнэлгээний үр дүнгээс хамаарч Сэлэнгэ мөрний сав газарт хэрэгжүүлэхэд зохилтой төслүүдээс Монгол Улсын Засгийн газар сонголтоо хийнэ. Эдгээр нь Шүрэнгийн УЦС, “Орхон говь” төсөл юм. Тэр үед “Орхон говь” төслийг хэрэгжүүлэхээр шийдэх юм бол уг төслийн ТЭЗҮ, БОННҮ үргэлжлэн хийгдэнэ” гэсэн нь бий.

ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦ

2013 онд Засгийн газрын шийдвэрээр Тавантолгойн нүүрсний орд газарт 450 МВт хүчин чадалтай эрчим хүчний цахилгаан станц барихаар болсон билээ. Үүний дагуу Эрчим хүчний яамны харьяа “Тавантолгой цахилгаан станц” төслийн нэгж байгуулагдан ажиллаж буй.

Төслийн нэгж үндсэн худалдан авагч, нийлүүлэгч болоод усны одоо-гийн байгаа нөөц эзэмшдэг компаниуд зэрэг төсөлд шаардлагатай бүх оролцогчийг судалсны үндсэн дээр эхний ээлжид “Оюутолгой”, MCS, “Эрдэнэс Тавантолгой” компанитай төслийг хамтран хэрэгжүүлж байгаа. Урьдчилсан байдлаар төсөлд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгох шаардлагатай гэж буй.

Төслийн хүрээнд Оюутолгойгоос Тавантолгой хүртэл 132 км урт цахилгаан түгээх шугам шинээр барих бөгөөд 150 МВт эрчим хүчийг Өмнөговийн бусад хэрэглэгчид түгээнэ. Төслийн санхүүгийн зөвлөхөөр “Sumitomo Mitsui Banking Corporation” (SMBC), техникийн зөвлөхөөр Австралийн “Worlay Parsons” компаниуд ажиллаж байна. Тус төсөл дээр 2013 оноос байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, археологи, геологийн тогтцын судалгаа, ТЭЗҮ-ийн холбогдох бүх техникийн ажил хийгдэж үндсэндээ дуусжээ. Говийн бүсэд баригдах цахилгаан станц учир усны нөөцийн асуудал хамгийн чухлаар тавигдаж байгаа.

112 л/сек батлагдсан нөөцтэй Наймантын хөндийн баруун хэсгийн 40 л/сек нөөцөөс цахилгаан станцын усыг хангахаар төлөвлөж байна. “Worley Parsons” компанийн хийсэн судалгаагаар “Тавантолгой цахилгаан станц” хамгийн ихдээ 32 л/сек ус хэрэглэнэ гэсэн тооцоотой аж. Салхин хөргүүртэй, ус харьцангуй бага хэрэглэдэг технологийн сонголт хийж байгаа. Барилга угсралтын хувьд ойролцоогоор 2,000-3,000 ажлын байр бий болно гэж буй ч өнөөдөр мөн л царцсан байдалтай байна.

Зураг