Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн албаны давхар цалин

С.Уянга, Зууны мэдээ
2017 оны 11 сарын 1
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол төрийн албаны залгамж халаа цаашлаад мэргэшсэн төрийн албан хаагч гэдэг ойлголт бүдгэрч үгүй болсныг Төрийн албаны зөвлөлөөс гаргадаг өнгөцхөн тоо баримтаас түвэггүй харж болно.

Гэхдээ эдний баримт бүрэн биш юм. Дарга нарын үзэгний үзүүрээр ажилгүй болсон бүх хүмүүс өргөдөл, гомдлоо бариад ирэхгүй. Нэгэнт ажилгүй болсонтойгоо эвлэрч байгаа, мөн адгийн зарга арван хоног гэгчээр зардал чирэгдэл болохоос төвөгшөөж дуугүй өнгөрөх хүн ч цөөнгүй. Энэ байдал сонгуулийн дараа улам олширч, ажлаас халагдсан тогтоол барьсан төрийн албан хаагчид Төрийн албаны зөвлөлийн үүдийг сахиж өнждөг.

Төрийн албаны хууль зөрчсөн, завхарсан ийм байдлыг үе үеийн Засгийн газар, парламент цэгцэлж чадаагүй. Улам цэцэглүүлсэн гэхэд хилсдэхгүй.

ШҮҮХ АЖЛААС ҮНДЭСЛЭЛГҮЙ ХАЛАГДСАН 1,238 ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд 110 гаруй ажлын байранд 350 гаруй төрийн жинхэнэ албан хаагчийг улстөрчид, өндөр албан тушаалтан томилдог нь төрийн албыг тогтворгүй улстөржүүлж байгааг холбогдох байгууллагууд анхааруулсаар байгаа юм. Хүний эрхийн үндэсний комиссоос энэ асуудлыг төрийн түшээдэд өргөн барьсан боловч өнөөг хүртэл хав дарсаар байгаа.

Магадгүй Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулахаар парламентаар хэлэлцэж буй эдгээр өдрүүдэд албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчлийг бодит болгодог 350 гаруй албан тушаалыг хүчингүй болгох нь төрийн албаны мерит зарчим хэрэгжих маш том хөшүүрэг болох юм. Ингэж байж л төрийн албанд шударга томилгоо. тогтвортой ажиллах асуудлыг ярих боломжтой аж.

Төрийн алба сонгуулиас сонгуулийн хооронд нам, улстөрчдийн шахааны бизнес болж хувирсан жишээг шүүхийн цахим мэдээллийн сангаас хэдэн зуу, мянгаар нь орж уншиж болно. Сүүлийн найман жилд гэхэд захиргааны хэргийн анхан шатны шүүхээр төрийн албатай холбоотой 2,100 хэрэг хянан шийдвэрлэсний 1,238 нь буюу талаас илүү хувь нь ажлаас үндэслэлгүй халагдсан гомдол байгаа юм.

Түүнчлэн энэ асуудлаар Төрийн албаны зөвлөлд өнгөрсөн жил 600 гаруй хүн хандсан байна. Энэ мэтчилэн жилд хагас сая хүн халагдсан тушаал сугавчилж, хууль хяналтын байгууллагын үүдээр эргэлдэж байхад нөгөө талд төрийн албанд давхар цалин авч байдаг хүмүүс олон байдаг аж.

ТЭТГЭВЭРТ ГАРАХ НАСНЫ ХЯЗГААР НЬ БОЛСОН Ч ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАЖ БАЙГАА 2,000 ГАРУЙ ХҮН БАЙДАГ

Жил ирэх тусам ажилгүй иргэдийн тоо өсөж улсын хэмжээнд 9.6 хувьд хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Ажилгүй иргэдийн ихэнх нь дээд боловсрол эзэмшсэн ид хөдөлмөрлөх насны залуус бөгөөд ажил идэвхтэй хайж байгаа гэсэн судалгаа гарчээ.

Гэтэл тэтгэвэрт гарах нас нь аль хэдийн өнгөрсөн атлаа төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс олон байна. Муухайгаар хэлбэл, их, дээд сургууль төгссөн залууст ажлын байраа суллаж өгөхгүй, давхар цалин авч байгаа төрийн албан хаагчид юм.

Төрийн албаны зөвлөлийн судалгаагаар тэтгэвэрт гарах насны хязгаар нь хүрсэн ч төрийн албанд ажиллаж байгаа 2,000 гаруй хүн байдаг аж. Тодруулбал, төрийн захиргааны албанд 113 хүн ажиллаж байгаагийн 97 нь эрэгтэй, 16 нь эмэгтэй хүн байгаа юм. Төрийн үйлчилгээний албанд 1,375 хүн ажиллаж байгаагийн 902 нь эрэгтэй, 473 нь эмэгтэй. Харин төрийн тусгай албанд 55, улстөрийн албанд 74 хүн ажиллаж байгаа аж. Энэ бол энэ оны нэгдүгээр улирлын нэгдсэн тоо юм.

Тэгвэл чөлөөнийхөө амралтад суусан ч төрийн албанд ажиллаж, нэг ёсондоо Давхар цалин авч байгаа хүмүүсийг Төрийн албаны хуулиар зохицуулдаг. Төрийн албаны тухай хуульд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн болон Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэсэн зохицуулалт байдаг. Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албанд тэтгэвэр тогтоолгох нас хөдөлмөрийн хуулиараа 60, төрийн алба хаах насны дээд хязгаар 65 гэж заажээ. Харин улстөрийн албан тушаалд насны хязгаар байхгүй.

Мөн тэтгэврийн насны хязгаар нь хүрсэн ч төрийн албанд ажиллаж байгаа бол цалин, тэтгэврийнхээ аль нэгийг нь авах зохицуулалт байдаг аж. Гэвч ихэнх тохиолдолд цалин, тэтгэврээ хамт авдаг гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Түүнчлэн тэтгэвэртэй холбоотой маргаан Төрийн албаны зөвлөлд мэр сэр ирдэг ч шууд шүүхээр шийдвэрлэдэг байна.

Бид Төрийн албаны давхар цалингийн талаар Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайханаас тодруулахад “Тэтгэвэрт гарна гэдэг төрд ажиллаад болчихлоо гэсэн үг. Төрийн албаны хуульд тэтгэвэр тогтоолгох нас 60, төрийн алба хаах насны дээд хязгаар 65 гэж заасан. Төрийн үйлчилгээ, захиргаа, тусгай албанд тэтгэврийн насаараа явдаг бол төрийн тусгай алба 60 нас хүрээгүй ч 25 жил ажилласан бол тэтгэвэрт гарчихдаг. Үүнд цэрэг цагдаа тагнуулынхан хамаарна.

Төрийн албан хаагчид тэтгэврийн нас нь хүрсэн мөртөө үргэлжлүүлэн ажиллахаар бол эрүүл мэнд. ажлын туршлагадаа үндэслээд байгууллагадаа өргөдөл гаргадаг. Хөдөлмөрийн хуульд Тэтгэврийн насны хүн хөдөлмөр эрхэлж болно гэж заасан. Байнгын ажлын байран дээр Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж болно. Гэхдээ төрийн захиргааны албан тушаалтан төрд ажиллах жил нь дууссан л бол гэрээгээр ажиллах боломжгүй” гэсэн юм.

Ийнхүү төрд ажиллаад хөдөлмөр гавьяагаа үнэлүүлчихсэн, амралтаа эдлэх нас нь болчихсон ахмадууд давхар цалин авч төрийн албанд ажиллах нь зүйд хэр нийцэх вэ. Төрийн албанд давхар ажилладаг гэх бүдэгхэн тоо баримтыг Төрийн албаны зөвлөлөөс өгч байгаа ч үүнд улсын төсвөөс хэдэн төгрөг зарцуулдаг нь хаалттай. Учир нь тэтгэвэрт гарсан албан хаагч цалин тэтгэврийнхээ аль нэгийг авч байгаа эсэхийг хэд хэдэн байгууллагаас тодруулахад “Мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг өгч байсан юм.

Зураг